32 32 настай эмч болон насанд хүрээгүй эмэгтэйн амийг хохироосон, нэгнийх нь цогцсыг чемоданд хийгээд, хажууд нь цай ууж суугаа зурагт дүр нь үлдсэн, үүнийг дарсан залууст холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хийлээ. Энэ хэргийн яллагдагч Ц.Дагвадорж, Х.Энхсайхан болон чемодантай цогцсын хажууд сууж буй Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт 2024 оны зургаадугаар сард үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн 10.12.1, 2.5, 2.6, 2.7 дахь хэсэгт заасан хоёр, түүнээс дээш хүнийг харгис хэрцгийгээр, өөртөө эдийн давуу байдал бий болгох зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хөнөөсөн, 13.22 дахь хэсгийн хоёр, түүнээс олон хүнийг хулгайлсан, 17.3-1-ийн эд хөрөнгө залилсан, 17.8-1-ийн бусдын эд хөрөнгийг устгасан, 12.5-1-ийн 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, 26.2-1-ийн Кибер орчинд хууль бусаар халдсан хэмээн Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдсэн юм. Яллагдагч Ц.Дагвадоржийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр уг урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Мэргэн шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгч Б.Булгантамир болон бусад өмгөөлөгч нь хүлээн авахаас татгалзсанаар үргэлжлүүлэн явуулсан. Улмаар тэдний гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг энэ сарын 22-ны 10.00 цагт товлов. Ингэхдээ Ц.Дагвадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт авсан цагдан хорих, Х.Энхсайханы хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Цагдаагийнхны хийсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Дагвадорж нь насанд хүрээгүй Ч.Ш-ийг боомилж хөнөөн чемоданд хийсэн, 32 настай, иргэн Т.З-гийн амийг өмнө нь бүрэлгэж, ханын шүүгээнд нуусныг илрүүлсэн юм. Мөн Ц.Дагвадорж нь Ч.Ш-ийн амийг хохироосны дараа Э.Н, Э.Г нарыг заналхийлэн тэднээр цогцсыг чемоданд хийлгэж дуу, дүрсийг нь бичсэн, мөн Т.З-ын амь насыг хохироосны дараа эд зүйлийг устгаж гэмтээсэн, түүний фэйсбүүк хаягаар бусадтай харилцаж, мөнгө шилжүүлэн авсан. Эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад Ц.Дагвадорж нь 16 насанд хүрээгүй Т.М-тэй бэлгийн харьцаанд орсон, Х.Энхсайхан нь тухайн хохирогчийг зуучилсан нь тогтоогдсон байдаг.
Г.Орчлон