Гэр бүлийн нандин гишүүн болсон дөрвөн хөлтэй найзтайгаа хамт салхилах нь эзэн болон амьтанд хоёуланд нь таатай мэдрэмж төрүүлдэг. Гэвч олон нийтийн газарт явахдаа бид бусдад төвөг удаж буй, эсэхээ тэр бүр анзаардаггүй шүү дээ. Тиймээс хүн бүрд ээлтэй, амьтанд ч амгалан орчныг бүрдүүлэх нь хамтын соёлын чухал хэсэг аж.
Юуны түрүүнд таны нохой хэчнээн номхон байлаа ч бусад хүн үүнийг мэдэх боломжгүй. Зарим хүн амьтнаас айх эмгэгтэй бол нөгөө хэсэг нь харшилтай байх магадлалтай тул салхилахдаа заавал хөтөлгөө зүүж, хөл хөдөлгөөн ихтэй газар зай барьж алхах нь бусдыг хүндэтгэж буй хамгийн энгийн алхам болно. Тухайлбал, Австри, Герман зэрэг оронд нохойг нийтийн тээвэрт заавал богино хөтөлгөө, хошуувчтай авч орохыг хуульчлан заасан байдаг. Хэрэв дөрвөн хөлтэй найз тань хэт хөөрч, хүн рүү үсрэх гээд байвал анхаарлыг нь өөр тийш хандуулж, болохгүй гэдгийг ойлгуулж, тоглоом эсвэл амттанаар саатуулах хэрэгтэй аж.
Мөн нийтийн үйлчилгээний газарт амьтнаа сандал дээр суулгаж, хүний аяга тавганд хооллох нь зохисгүй үйлдэл. Амьтанд ээлтэй гэх тодотголтой газрууд ч тодорхой дүрэмтэй байдаг бөгөөд үүнийг биелүүлэх нь эзний хариуцлага юм. Жишээлбэл, Францад нохойтойгоо ресторанд орох нь хэвийн үзэгдэл ч амьтан нь эзнийхээ хөл дор хөдөлгөөнгүй хэвтэж, бусдад саад болохгүй байх соёл маш өндөр хөгжжээ. Нөгөөтээгүүр, хэрэв таны тэжээвэр амьтан хүмүүсээс айж сандардаг бол түүнийг заавал олон нийтийн дунд дагуулж явах шаардлагагүй. Амьтанд ч бас өөрийн орон зайдаа амар тайван байх эрх бий.
Ариун цэврийн асуудал бол хариуцлагатай эзний хамгийн гол шалгуур юм. Халаасандаа гялгар уут авч яваад ялгадсыг цэвэрлэх нь орчныг цэвэр байлгаад зогсохгүй, халдварт өвчин тархахаас сэргийлнэ. Тухайлбал, Японд нохойн эзэд ялгадсыг нь аваад зогсохгүй шээсэн газарт нь ус асгаж угаадаг тогтсон соёлтой гэнэ. Үндсэндээ амьтанд ээлтэй хот гэдэг нь зөвхөн тусгай парк, кафе барьснаар бус, харин иргэн бүрийн ухамсар, хариуцлагаас эхэлдэг. Бусдыг хүндэлж, амьтнаа зөв авч явж чадвал алхалт бүр асуудал бус, харин таатай дурсамж болон үлдэнэ.
У.Цэцэг