Өсвөр насныханд олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглосон шинэ хуулийн дагуу “Мета” компани 16-гаас доош насны 544 мянган хэрэглэгчийн хаягийг хаажээ. Үүний 330 мянга нь инстаграм, 173 мянга нь фэйсбүүкийн бүртгэл аж. Австрали улсад өнгөрсөн сарын 10-наас эхлэн мөрдөгдсөн тус хууль нь дэлхийд анхдагч бөгөөд үүнд туссан заалтын дагуу сошиал платформууд 16-гаас доош насныхныг бүртгэж, нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээсэн юм. Зөрчсөн тохиолдолд 33 сая ам.доллар хүртэлх дүнтэй торгууль ногдуулна хэмээгээд буй. “Мета” эл хуулийг дагахаа илэрхийлсэн ч цахим орчинд бусдын насыг нарийн тодорхойлох нэгдсэн стандарт хаана ч байхгүй, хатуу хориг шийдэл биш гэж онцлоод түүний оронд онлайн орчны аюулгүй байдлыг сайжруулахад анхаарах нь зүйтэй гэж мэдэгджээ. Түүнчлэн үр дагаварт нь хүүхдүүд улам эрсдэлтэй хэрэгсэл рүү “нүүдэллэх” вий гэдэгт санаа зовниж буйгаа илэрхийлсэн гэнэ. Хуулиар хориглосон 10 платформын ихэнх нь хүүхдийг насаар таних технологи (зураг, бичлэг, албан ёсны бичиг баримтад тулгуурлан) нэвтрүүлсэн байна.
Сошиал медиа дахь амиа хорлолт, хүчирхийлэл, дээрэлхэлт, сэтгэцийн эмгэг, порнографын агуулгатай контентуудаас хүүхэд, залуусыг хамгаалах зорилгоор хууль, тогтоомждоо өөрчлөлт оруулсан Австралийн эл жишгийг дэлхийн бусад улс орон даган дуурайж буйг хэвлэлүүд тодотгожээ. Тухайлбал, Британийн Консерватив нам сонгуульд ялж, олонх болбол 16-гаас доош насныхны сошиал хэрэглээг бүрэн хориглоно гэж мэдэгдсэн. Тус намын дарга Кеми Баденох BBC-д өгсөн ярилцлагадаа “Донтуулах шахдаг эл хэрэгслүүд залуусын сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй. Энэ шийдвэр нь төрийн хэт оролцоо бус, “жинхэнэ” консерватив бодлого байх болно. Эрх чөлөө зөвхөн насанд хүрэгчдэд хамаатай. Харин хүүхэд тийм биш” хэмээсэн аж.
Харин тус улсын Хөдөлмөрийн намынхан ухаалаг утас, онлайн платформуудыг бүрэн хориглох биш, сошиал медиад зарцуулах цагийн дээд хязгаарыг тогтоох, үүнд эцэг, эх чүүд, боловсролын мэргэжилтнүүдийг өргөнөөр оролцуулж, тэдний санал, зөвлөмжийг бодлогодоо тусгах зэрэг “зөөлөн” арга хэрэглэхийг эрмэлзэж буй юм. Австралийн энэхүү хориг хүүхдийн эрх, онлайн аюулгүй байдлын идэвхтнүүдийн сайшаалыг хүртээд байгаа гэнэ шүү.
Д.Хэрлэн