Нийслэл хотын хүн амын дийлэнх буюу 65 орчим хувийг залуучууд эзэлдэг. Тэдэнд чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх, орчин үеийн спорт, соёлын цогцолбор ус, агаар мэт дутагдаж байгаа нь үнэн. Гэвч төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх 74 сая ам.долларын өртөг бүхий “Улаанбаатар арена” төсөл нийгэмд хүлээлтээс илүүтэй болгоомжлол, эргэлзээ дагуулаад байна. Учир нь манай улсад төрийн хөрөнгөөр эхлүүлсэн ч ашиглалтад оруулж чадалгүй, дундаас нь орхисон бүтээн байгуулалтын гашуун туршлага цөөнгүй бий. Түүнчлэн 1.6 сая хүн амтай Улаанбаатар хотод өдгөө олон улсын стандартад нийцсэн дөрвөн ч томоохон байгууламж байхад төр дахин нэг арена барих нь хэр оновчтой шийдвэр вэ. Тэд дахиад л өмнөх алдаагаа давтах уу зэрэг олон асуулт урган гарсаар байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨДӨЛГҮҮР БОЛОХ УЧИРТАЙ
Юуны түрүүнд арена гэж чухам юу болох, бидний мэддэг уламжлалт спорт заалнаас ямар ялгаатайг ойлгох нь зүйтэй. Энэхүү нэршил нь латин хэлний harena буюу элс гэсэн үгнээс гаралтай. Эртний Ромын гладиаторуудын тулааны талбайг цус шингээх зорилгоор элсээр бүрдэг байснаас ийнхүү нэрлэж хэвшсэн аж.
Тэгвэл орчин үед энэ ойлголт тэс өөр утга агуулгатай болжээ. Арена нь зөвхөн тэмцээн уралдаан зохион байгуулдаг талбай бус, олон улсын хурал зөвлөгөөн, урлагийн тоглолт, үзэсгэлэн зэрэг арга хэмжээг нэг дор төвлөрүүлж, өөрийгөө санхүүжүүлдэг бизнесийн бие даасан тогтолцоо юм. Ресторан, фитнес төв, VIP лоунж болон оффисын орон зайг дотроо цогцлоосон тул ямар нэгэн арга хэмжээгүй өдөр ч тасралтгүй орлого олж, хотын эдийн засагт “цус юүлж” байх ёстой хөдөлгүүр юм. Товчхондоо, олон улсын жишгээс харахад арена бол төсвөөс “тэжээдэг” объект бус, өөрөө өөрийгөө санхүүжүүлж, ашигтай ажилладаг бизнес модель байх ёстой. Харин манайд энэ механизм эсрэгээрээ үйлчилдэг.
74 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БА ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АЙДАС
Засгийн газраас “Улаанбаатар арена”-г “Шунхлай холдинг” компанитай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 74 сая ам.доллароор барих шийдвэрээ өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Уг төсөл нь “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод нийцүүлэн, иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүү лэх орчныг бүрдүүлэх замаар нийгмийн эрүүл мэнд, амьдралын чанарт урт хугацааны эерэг нөлөө үзүүлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл, албан ёсны тайлбараар уг төслийг хувийн хэвшил санхүүжүүлж, төр газар болон дэд бүтэцтэй холбоотой зохицуулалтыг хийнэ. Эл цогцолборыг 2028 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй бөгөөд Чингэлтэй, эсвэл Сүхбаатар дүүргийн газар чөлөөлөлтөд хамрагдсан 3-5 га талбайд барьж, байгуулах аж. Нийт 20 000-35 000 ам метр талбайг хамарсан, 3000-5000 хүний суудалтай эл цогцолборт нэг жилд 150-200 арга хэмжээ зохион байгуулж, 200 000-300 000 үзэгч хүлээн авах боломжтой гэж тооцоолжээ. Ингэснээр нэг жилд 15-26 сая ам.долларын орлого олох боломжтой бөгөөд нийт 74 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил бүрэн хариуцах нөхцөлтэй юм.
Гэхдээ энэ бол маш амбицтай тоо. Бас үүнд хэд хэдэн эрсдэл бий. Жишээлбэл, ийм хэмжээний байгууламж барихад олон улсын жишгээр зураг төслөөс эхлээд ашиглалтад оруулах хүртэл дунджаар 24-36 сар зарцуулдаг. Тэгэхээр манай улсын иргэдийн худалдан авах чадвар болон соёл урлагийн тоглолт үзэх давтамжийг бодитоор үнэлбэл зардлаа нөхөхөд 8-12 жил зарцуулахаар байна. Ийм жижиг зах зээлд энэ нь дэндүү өөдрөг төсөөлөл бөгөөд хэрэв төсөл төлөвлөсөн ёсоор ашигтай ажиллаж чадахгүй бол урсгал зардлыг татвар төлөгчид л нуруундаа үүрнэ гэсэн үг.
Угтаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн алтан дүрэм нь байгаа нөөцөө зөв хуваарилж, зах зээлд үгүйлэгдэж буй тэрхүү хоосон орон зайг оновчтой нөхөхөд оршдог. Тиймээс ижил төрлийн объектыг олноор нь барих бус, нийгмийн бодит хэрэгцээнд тулгуурлан, манайд байхгүй орчин үеийн усан парк, эсвэл гэр бү лийн энтертайнмент цогцолбор бий болгох нь илүү өгөөжтэй шийдэл. Ийм төрлийн бүтээн байгуулалт хийснээр иргэд амарч зугаацахын тулд заавал хилийн чанадыг зорих шаардлагагүй болж, дотоодын мөнгөний урсгал эх орондоо үлдэх боломж бүрдэх юм.
ТӨР САЙН МЕНЕЖЕР БИШ
Монгол Улсад төрийн хэт оролцоо аль хэдийн олон нийтийн шүүмжлэлийн бай болсон. Төр хуушуур хайрч, хувцас оёхоос эхлээд зах зээлийн жам ёсны үйл явцад хүртэл байнга гар дүрсээр ирсэн. Соёл, спортын салбар ч үү нээс ангид байсангүй. Гэвч төр сайн менежер биш гэдгийг батлах олон жишээ бий. Үүний нэг нь “Буянт-Ухаа” спорт цогцолбор юм. Эл байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш хэдийн 15 жил өнгөрсөн ч үнэхээр ашигтай ажиллаж чадсан, эсэх нь эргэлзээтэй. Учир нь төрийн байгууллагад зах зээлийн эрсдэл үүрэх, олон улсын уран бүтээлчдийг урих, арилжааны уян хатан эргэлт бий болгох чадамж дутмаг тул сүүлийн жилүүдэд тус цогцолборт төрийн өмчит компаниудын шинэ жил, хурал зөвлөгөөн зохион байгуулахаас хэтэрсэнгүй.
үүнчлэн сонгуулийн мөчлөгөөс хамаарч бүтээн байгуулалтын төслүүд “царцдаг” жишиг манайд тогтоод удлаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн VIII хороонд 11.9 тэрбум төгрөгөөр барьж эхлээд ашиглалтад ч оруулалгүй дундаас нь орхисон спорт цогцолбор бол үүний нэгэн жишээ. “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII их наадам, Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажлыг хангах хүрээнд спорт цогцолбор барих ажлыг 2017 оноос эхлүүлсэн. Тус наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 2019 онд нийслэлийн ИТХаас 65 дугаар тогтоол гаргаж “Улаанбаатар спорт менежмент” гэх төрийн өмчит хувьцаат компани хүртэл байгуулж байв. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Х.Баттулга, Хотын даргаар С.Амарсайхан, С.Батболд, Д.Сумъяабазар нар ажиллаж, 2022 онд ашиглалтад оруулахаар амласан ч удирдлагууд нь АТГ-т шалгагдаж эхэлснээр барилгын ажил бүрэн зогссон түүхтэй. Гэтэл хувийн хэвшлийнхний үүнтэй зэрэгцэн барьж, байгуулсан “Steppe аrena” (Мөсөн өргөө) төлөвлөсөн хугацаандаа үүдээ нээсэн юм. Өдгөө энэ нь нийслэлчүүдийн урдаа барьдаг, олон улсын арга хэмжээ зохион байгуулж, нүүр тахалдаг гол байгууламж болсон. Нэг ёсондоо, төрийн “гацаасан” төсөл болон хувийн хэвшлийнхний амжилттай бүтээн байгуулалт хоё рын хооронд тэнгэр, газар шиг ялгаа байгааг дээрх жишээнээс харж болох нь.
ТООНД БУС, ЧАНАРТ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
Улаанбаатар хотод “M bank arena”, “ACA arena”, “Буянт-Ухаа” спорт комплекс, “Steppe arena” гэсэн дөрвөн томоохон байгууламж үйл ажиллагаа явуулж байна. Үүн дээр нэмээд дүү рэг болгон спорт заалтай, бас Төв цэнгэлдэх хүрээлэн болон Бөхийн өргөө бий. Тэгвэл олон улсын судалгаагаар 500 мянган хүн тутамд нэг томоохон арена байх нь тохиромжтой гэж үздэг юм байна. Энэхүү тооцооллоор бол 1.6 сая хүн амтай нийслэл хотод одоогийн байгууламжууд хангалттай бөгөөд зах зээлийн хэрэгцээгээ хэдийн хангасан гэж үзэж болно.
Гэхдээ асуудлын гол нь тоондоо бус, менежмент, байршилдаа бий. “Буянт-Ухаа” спорт цогцолбор л гэхэд 5000 орчим хүний суудалтай ч үүнийг тогтмол ашиглаад, эдийн засгийн үр өгөөжөө өгч, олныг баясган, спортоор хичээллүүлээд сүйд болсон зүйлгүй. Халуун зунаар хүртэл тэсгим хүйтэн байдгаас гадна хотын төвөөс хэтэрхий хол. Авто замын түгжрэлээс болоод 5-10 минутын газарт ч “тэг зогсолт” хийдэг нийслэлд хотын төвөөс 10-15 км-ийн зайтай “Буянт ухаа”-г зорин очих хүн ховор. Ийм байхад дахиад л төр, хувийн хэвшлийн түншлэлээр 3000-5000 хүний суудалтай арена барина гэж “хийрхэж” буй нь хэр оновчтой шийдэл вэ.
“ЦАГААН ЗААН”-Ы ЖИШГИЙГ ДАВТАХ ВИЙ
Дэлхий дахинд асар их зардалтай хэрнээ ашиггүй, улсын төсвийг “сордог” байгууламжийг “цагаан заан” хэмээн нэрлэдэг. Бразил улс 2014 оны ДАШТ-д зориулж гурван тэрбум ам.доллароор цэнгэлдэх барьсан ч өнөөдөр Манаус хотын арена нь сард 250 мянган долларын урсгал зардал нэхдэг, улсын төсөв “хүү лэгч” л болж хувирсан. Харин АНУ-ын СанФранциско дахь “Chase сenter”-ийг 1.4 тэрбум ам.долларын өртгөөр, 100 хувь хувийн хөрөнгө оруулалтаар босгосон бөгөөд өнөөдөр улсын төсөвт ачаалал өгөх бус, харин ч хотынхоо эдийн засгийг тэтгэж байна.
Улаанбаатарт орчин үеийн арена хэрэгтэй юу гэвэл тийм. Гэхдээ тэр нь дарга нарын мэдэлд байдаг, улс төрөөс хамаарч “царцаадаг”, татвар төлөгчдийн мөнгийг “сордог” ямар ч үр ашиггүй “үхмэл” хөрөнгө байж болохгүй. Харин 74 сая ам.долларын төсөвтэй “Улаанбаатар арена” төслийг хувийн хэвшил нь эрсдэлээ 100 хувь үүрээд, төр зөвхөн бодлогоор дэмжих ёстой. Төр сайн менежер биш гэдгийг бид хангалттай харлаа. Тиймээс барилга барих гэж биш, харин бүтээн байгуулалтын боломжийг нь нээж өгөхөд л гол анхаарлаа хандуулах учиртай.
Э.Сүйлэн