Фэйсбүүкийн “дэлгэц асах бүрт” л нэг эмэгтэй “За хөөрхнүүд минь, матрын арьсан цүнхийг хямдруулаад 30 000 төгрөг болголоо. Нэмээд зааны дүрстэй баримал, загварлаг хослол, өндөр болгодог амин дэм, үрчлээ арилгадаг тос зарж байна. Эл дансанд мөнгөө шилжүүлээд, төд удалгүй хүргүүлээд аваарай” хэмээн уянгалуулан хэлж, олон түмнийг уриалан дуудаж байхтай таарах болов. Бүр зөвхөн манай наймаачид л олдог байх гэмээр “Guess” брэндийн оосор бүхий “Coach”ийн цүнх ч зарж байгаа юм билээ. Мэдээж иргэд бизнес хийж орлого, ашгаа сайжруулах нь буруу биш. Иргэн баян бол улс баян ч гэдэг.
Гэхдээ фэйсбүүк платформ, сошиал сүлжээ ашиглах худалдаачин, наймаачид олширч, дууриамал, чанар муутай бараа авч хулхидуулах хүн ч нэмэгдэхийн хажуугаар төлбөрийн баримт олгодоггүй, татвараас зайлсхийх явдал түгээмэл боллоо. Хэдийгээр манайхан төр засгаа өндөр татвартай, татварын дарамт, ачаалал их хэмээн шүүмжилдэг ч жижиг, дунд ямар ч бизнес эрхлэгч, хувь хүн, ажилчин, албан хаагч, компани, аж ахуйн нэгж бүр татварын өмнө ижил, тэгш үүрэгтэй биш бил үү. Ийнхүү татвараас зайлсхийн, хууль бус маягаар үйл ажиллагаа явуулж, сүүдрийн эдийн засгийн сүүдрийг улам томруулж байгаа талаар хөндөе.
Нэгэн иргэн сошиал хуудаснаа сүүлийн 10 жил онлайн бизнес эрхэлж, түүнийгээ улам тордон, томруулсаар сард тэрбумаар хэмжигдэхүйц орлого олдгоо ярин, лайв хийсэн. Тэрбээр онлайн дэлгүүрээ ганц, хоёр төрлийн бүтээгдэхүүн зарж эхлүүлж байсан бол өдгөө томорч, хувцас, гоо сайхны бараа, эрүүл мэндийн бүтээгдэхүүн заран өргөжүүлж, 20 хүн цалинжуулж, хүргэлтийн 4-5 компанитай хамтран ажиллаж буйгаа зарлав. Онлайн дэлгүүрээс нь буюу фэйсбүүк пэйжээс нь 180 000 төгрөгийн үнэ бүхий бараа захиаллаа. Барааг хотын төвд бол нэг өдөрт хүргэнэ, хүргэлтийн хөлс 7000 төгрөг гэсэн ч дөрөв хоносны эцэст, зурган дээрхээсээ өнгө, үзэмж муутай бараа ирсэн бөгөөд и-баримт өгсөнгүй. И-баримт авахыг хүсэн эзэн рүү нь ярихад “Онлайн шоп баримт өгдөггүй байгаа шүү” гэж товч бөгөөд түс тас хариулсан юм. Гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг, бариа хийдэг, тариа тарьдаг “клиник, косметик” гэсэн тодотгол бүхий олон эмнэлэг, салон манайд нээгдсэн. Ийм эмнэлгийн нэгэн үйлчлүүлэгч “Гоо сайхандаа анхаардаг эмэгтэй бүр улирал тутам нүүр, гартаа тариа тариулж хэвшсэн гэхэд болно. Ийм тарианууд янз бүрийн үнэтэй бөгөөд багадаа л нэг нь 200 000 төгрөг. Ганц, хоёр цагийн дотор л нэг сая төгрөгийн үнэ бүхий тариа тариулах нь элбэг. Тариа хийдэг эмнэлгүүд ямар ч үйлчилгээндээ төлбөрийн баримт олгодоггүй. Хувь хүнийх нь данс руу л мөнгөө шилжүүлдэг” гэлээ. Төрөл бүрийн тавилга хийдэг, угсардаг үйлчилгээ бий. Тавилгын компаниар үйлчлүүлсэн талаараа Хан-Уул дүүргийн иргэн Ш.Арвинтариа “Манайх шинэ байрандаа гал тогооны болон үүдний өрөөний тавилга хийлгэсэн. Тавилга хийх үйлчилгээний үнэ өссөөр өдгөө нэг ам метр нь хоёр саяас давжээ. Манайх 2.3 сая төгрөгөөр 17 ам метр орчим тавилга хийлгэхэд бараг 40 сая төгрөг төлсөн. Тавилга хийдэг багийн эзний данс руу төлбөрөөгурав хуваагаад шилжүүлчихсэн. Ямар ч баримт, падаан өгөөгүй” гэлээ. Өвлийн улиралд манай иргэд халуун, дулаан орон руу аялах, зорчих нь өссөн. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд ч групп аялалд хамрагдан, ийш тийш явцгаадаг. Тэгвэл энэ сарын 3-16-нд БНСУ руу зургаан сая төгрөг төлж явсан аялаг чийн ээж С.Чулуунчимэг ч ямар ч төлбөрийн баримт аваагүй, хувь хүнтэй харьцан аялалд хүүхдээ явуулснаа дурдсан. Тэрбээр “Ямар нэгэн аяллын зохион байгуулалтад оролцож, хүүхдүүдээ уриалж авч явж буй багш үнэгүй аялдаг уламжлал ерөнхий боловсролын сургуульд тогтсон шүү дээ. Манай хүү 10 дугаар ангийнх бөгөөд энэ удаад 23 дугаар сургуулийн 15 хүүхэд, нэг багш БНСУ руу явсан. Нэг хүү хэд зургаа орчим сая төгрөг төлсөн бөгөөд нислэгийн тийзийн үнэ зэрэг нь бүгд багтсан. Эл зардалдаа ямар нэг төлбөрийн баримт аваагүй. Ер нь аяллын компани баримт олгодоггүй юм биш үү” гэлээ. “Өнгөрсөн зун зуслангийн газраа хашаажуулж тордох санаатай нэг метр нь 120 000 төгрөгийн үнэтэй, төмөр хашаа авсан. Хашаа, дааман хийдэг, гагнадаг олон баг, хамт олон байна билээ. 0.07 га газарт 100 метр орчим хашаа ордог. Нэмээд даамангийн үнэд манайх нийт 14 сая төгрөг төлсөн. Эл үйлчилгээндээ төлбөр, зарлагын баримт аваагүй ээ. Хувь хү нийх нь данс руу л мөнгөө хийсэн” хэмээн Баянгол дүүргийн иргэн Г.Алтангэрэл дурдсан. Ийн тоочоод байвал бидний эргэн тойронд ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээнд төлбөрийн баримт олгохгүй байгаа юм. Бүгд онлайн орчинд зар тавин, үйлчлүүлэгчээ олж, хувь хүний дансаар төлбөрөө авдаг жишиг тогтсон байна. Түүнч лэн сошиал сүлжээний хүчээр иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран холбогдон, худалдаа, борлуулалтад идэвхтэй оролцон, зах зээл өсөж буй мэт харагдавч сошиал бизнес бүрийн ард татвараас зайлсхийдэг, орлого, ашгаа үнэн зөвөөр мэдүүлдэггүй, хууль журмыг эс хэрэгсэгч сууж байна гэхэд хилсдэхгүй. Энэ хэрээр сүүдрийн буюу далд эдийн засаг бий болж, хууль бус мөнгөний эргэлт ихсэн, бас хуурамч бараа, бүтээгдэхүүний борлуулалт өсөж, улам бүр сөрөг үр дагавар бий болгох нөхцөл бүрдсээр байна. Сөрөг үр дагавар гэдэг нь татвараас гадуурх мөнгөний эргэлт ихсэн, хууль бусаар хөрөнгөжих, мөнгө угаах боломжийг тэлж байна гэсэн үг. Тэгвэл эл асуудлаар мэргэжлийн байгууллага буюу Эдийн засаг, хөгжлийн болон Сангийн яам, Татварын ерөнхий газраас ямар бодлого баримталж, юу хийж буй нь тодорхойгүй байна. Зүй нь олон улсад далд эдийн засгийн талаарх судалгаагаа 1-2 жилд хийн, хаана, аль салбар татвараас гадуур үйл ажиллагаа явуулж, ямар бүтээгдэхүүнийг хуурамчаар борлуулж байгааг хянан, анхааралдаа авдаг аж. Тэгвэл манайд хамгийн сүүлд МУИС-иас 2008-2022 оны далд эдийн засгийн хэмжээг тодорхойлох судалгаа хийжээ. 15 жилийн дунджаар тооцвол манай улсын далд эдийн засгийн хэмжээ 2022 онд ДНБ-ий 21 орчим хувь байгааг гаргасан аж. Улмаар далд эдийн засгийн хэмжээнээс хамаарах алдагдсан татварын орлогыг ДНБ-ий 5.2 хувьтай тэнцэх буюу 900 орчим сая ам.доллар хэмээн тооцов. Хэрэв эл алдагдсан татварыг хуримтлуулсан бол тухайн үед буюу 2022 онд төдийгүй түүний дараах 1-2 жилд төсвийн тэнцэлд эерэг нөлөө үзүү лэх байсныг судалгаанд дурдсан байна. Харин одоо бол далд эдийн засгийн хэмжээг ДНБий 30 орчим хувьтай тэнцэхүйцээр өссөн гэж байгаа юм. Энэ талаар эдийн засагч, судлаач А.Батпүрэв “Далд эдийн засаг гэдэг бол зөвхөн татвараас зайлсхийх, баримтгүйгээр бараа, үйлчилгээ борлуулах биш. Хуурамч барааны борлуулалт, авлигад зарцуулсан хөрөнгө, архи, тамхи, хар тамхи, зөвшөөрөлгүй эм зэргийн наймаанаас олсон орлого бүр сүүдрийн эдийн засгийг үүсгэнэ. Сүүдрийн эдийн засаг томрох тусам хувь хүн төдийгүй улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж, үнэн бөгөөд баталгаат бизнес эрхлэх боломж багасна. Нэг хүн хууль, журмын дагуу, хичээн байж нэг бүтээгдэхүүн хийх үйлдвэр байгууллаа гэхэд өөр нэг нь яг тийм барааг хямд үнээр их хэмжээгээр оруулж ирэн, баримтгүй борлуулснаар үйлдвэрлэгчийг “татан унагаана”. Харамсалтай нь далд эдийн засгийг хянаж, үүнтэй тэмцэх талаар эрх баригчид, холбогдох яам, албадаас нь дорвитой алхам хийхгүй байна. Сүүлийн үеийн судалгаа ч алга. Зүй нь ЭЗХЯ, СЯ, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагаас олон талын оролцоо бүхий судалгаа хийж, тандалт явуулан, үр дүнд нь суурилсан ажил хийх учиртай. Энэ байдлаараа бол сүүдрийн эдийн засгийн хэмжээ томорч, хуулийн дагуу үйл ажиллагаа эрхлэгчдэд урамгүй, татвар төлөхөөс зайлсхийж бэрхшээсэн, татварын өр төлбөр улам л хуримтлагдсан орчин үүсэх байх” хэмээв. Харин Татварын ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвөөс төлбөрийн баримт олгохгүйгээр наймаа хийж буй асуудлаар “Төлбөрийн баримт болон бусад бичиг баримтаар баталгаажаагүй бизнес эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь өөрсдийн орлого, ашгийг мэдүүлж сайн дураар татвараа төлөх үүрэгтэй. Манай байгууллагын зүгээс ч аль болох л татварын орлогыг цуглуулах зорилгоор жижиг, дунд наймаа эрхлэгчид, онлайн шоп ажиллуулдаг хүмүүсийг төлбөрийн баримт олгох, баримт хэвлэгчтэй пос машин ашиглахыг санал болгодог. Гэхдээ гүйлгээ нэг бүрийг хянаад байх хүн хүч, боломж байхгүй. Тиймээс иргэд бараа, үйлчилгээ худалдан авах бүртээ и-баримт шаардах хэрэгтэй” гэлээ.
Эдийн засгийн шилжилтийн үед иргэд, аж ахуйн нэгжүүд татвараас зайлсхийх, хуурамч бичиг баримт бүрдүүлэх, хуурамч бараа зарах зэргээр журам, дүрэмгүй авирлах нь элбэг байдаг аж. Харин бүртгэл тооцоо сайжирч, эдийн засгийн өсөлт тогтворжин, нийгмийн шилжилт хийгдэж дуусах үед олон улсад дээрх зөрчил арилж, голдиролдоо орсон гэнэ. Харин манайд сошиал сүлжээний хэрэглээ өсөн, бүх юм нээлттэй болохын хэрээр хууль журамгүй аашлах, иргэдийг хохироох, татвар төлөхөөс татгалзах зэрэг асуудал нь буурахгүй, улам л нэмэгдэх шинжтэй байна. Зөвхөн онлайн шоп гэлтгүй, үсчин, гоо сайхны салон, гоо сайхны эмнэлгүүд, жуулчны бааз, барилгын засвар үйлчилгээнийхэн, автомашин засварууд зэрэг иргэдийн нийтлэг үйлчлүүлдэг олон салбар баримт олгохгүй хэвээр. Харин татварын албаныхан нь бид гүйлгээ бүрийг хянаж чадахгүй, өөрсдөө орлого, ашгаа мэдүүлж татвар төлдөг журамтай, иргэд шаардах хэрэгтэй гэхээс цаашгүй. Нөгөөтээгүүр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд, том бүх аж ахуйн нэгж ажилчин, ажилтан бүртэйгээ нийлж татвараа төлсөөр. Татварын өр төлбөрийнх нь хэмжээ өссөөр хэдэн их наяд төгрөгт хүрлээ. Уг нь арилжаа наймаа, үйлчилгээ эрхэлж буй хүн, хуулийн этгээд бүр шударгаар татвар төлдөг болчихвол татварын бааз суурь өсөн, орлого бүрдүүлэлт сайжирч, тэгш байдал үүсэн, улмаар эдийн засагт өгөөжтэй байх сан.
С.Дулам