Биеийн дулаан хадгалах omni heat технологи ашиглан хямд үнэтэй ч чанартай бү- тээгдэхүүн үйлдвэрлэдэг “HUREM” брэнд хэдийнээ өөрийн гэсэн хэрэглэгчтэй болж чаджээ. Монголын загварын салбарт өөрийн өнгө төрх, байр суурийг аажмаар бүрдүүлж чадсан үндэсний үйлдвэрлэгч тус брэндийг дизайнер мэргэжилтэй Ц.Идэр үүсгэн байгуулсан юм.
Энгийн нэг санаа, туршилтаас эхэлсэн түүний санаачилга нь өнөөдөр хэрэглэгчдэд танигдсан, тогтвортой үйл ажиллагаатай брэнд болон өргөжөөд байна. Дизайнер Ц.Идэр загварын онолын мэдлэг, бүтээлч сэтгэлгээгээ Монголын эрс тэс уур амьсгал, өдөр тутмын хэрэглээний бодит хэрэгцээтэй уялдуулж, хүрэм болон гадуур хувцасны загварт шингээж чадсан нь брэндийн ялгарах гол онцлог юм. “HUREM”-ийн бүтээгдэхүүнүүд нь зөвхөн харагдах байдлаараа бус, практик хэрэглээ, эдэлгээ даах чанар, материалын сонголт, оёдлын нарийн шийдлээрээ хэрэглэгчдийн итгэлийг олж чаджээ. Тэд хэрэглэгчийн биеэс хэмжээ авч урлаж өгдөг, материалаа БНСУ, БНХАУ-аас татдаг юм байна.
Анх 2007 онд хоёр хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж, загвар зохион бүтээх, оёдол, борлуулалт хийж байсан тус хамт олон “НUREM” брэндээ 2017 онд бий болгосон аж. Эдүгээ 20 шахам хү- нийг ажлын байраар хангаж, удахгүй буурь сэлгэж шинэ байранд орох гэж байгаа юм. Загвар зохион бүтээх, урлах, үйлдвэрлэл, менежмент зэ рэг чиглэлд мэргэшсэн багийн уялдаа холбоотой ажиллагаа нь HUREM” брэндийн өсөлт, тогтвортой хөгжлийн гол тулгуур болж чаджээ.
Тус брэнд нь зөвхөн хувцас үйлдвэрлэх хүрээнд хязгаарлагдахгүй, нийгмийн хариуцлагаа ч биелүүлсээр ирсэн. Тухайлбал, “Бээжин-2022” болон “Милан Кортина2026” өвлийн олимпын наадмыг сурвалжлах Монгол Улсын хэвлэл мэдээллийн багийг дэмжин ажиллаж байна. Энэ нь үндэсний үйлдвэрлэгчид зөвхөн бизнесийн ашиг сонирхлоос гадна улс орны нэр хүнд, соёл, мэдээллийн салбарт бодит дэмжлэг үзүүлж чаддагийг харуулж буй юм.
“HUREM” бол зөвхөн хувцас үйлдвэрлэдэг брэнд бус, залуусын мөрөөдөл, хөдөлмөр, тууштай байдлаар бүтээж болдгийг харуулсан бодит түүх юм. Ц.Идэр болон түүний баг жижиг эхлэлээс тогтвортой хөгжлийн шат дараалалтай брэндийг бий болгож чадсан нь Монголд бүтээлч үйлдвэрлэл, үндэсний загварын салбар хөгжих бүрэн боломжтойг илтгэж байна. Цаашид тус брэнд илүү өргөн хүрээтэй бүтээгдэхүүний шугам, зах зээлийн боломжийг эрэлхийлж, Монголын загварын салбарт өөрийн байр сууриа улам бататгана гэсэн хүлээлт зүй ёсоор бий.
Б.Мөнгөнтамир