Засгийн газрын бодлогын хүрээнд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашиг, орчныг сайжруулах зорилгоор “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулсан. Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л “Баялгийг маань зөөгөөд дууслаа” гэж ойлгох нь элбэг. Гэхдээ хөрөнгө оруулагчдаа хөөж, зодож, тэр байтугай шоронд хийдгээрээ алдартай, уул уурхайгаас өөр “мөнгө татах” олигтой салбаргүй гэхэд үнэнээс хол зөрөхгүй манай улсад тус төв үр нөлөөтэй ажиллаж чадах, эсэх нь анхаарал татаад буй.
Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсад 50 гаруй тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн ч үүний 80 орчим хувь нь зөвхөн уул уурхайн салбарт хамаарч буй. Тэгэхээр бид үүнээс өөр дэд бүтцэд анхаарал хандуулж, хөрөнгө оруулагчидтай нөхөрсгөөр хамтарч, тэдэнд эрх зүйн таатай орчин бүрдүүлж чадсан, эсэх нь тун эргэлзээтэй. Тус төвийн нээлтийн үеэр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Монгол Улсын эдийн засгийг хурдасгах, тэлэх, экспорт болон ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх зэрэг олон асуудал хөрөнгө оруулагчтай шууд холбоотой. Хөрөнгө оруулалтын нөхцөл байдал өнөөдөр сайнгүй байна. Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцаа, хууль, эрх зүйн орчин ямар байсныг Засгийн газар дүгнэсэн. Улмаар тэдэнд таатай орчин бүрдүүлэх эрх зүйн томоохон өөрчлөлт хийхээр ажиллаж байна” гээд үүнд хувийн хэвшлийнхний дэмжлэг чухлыг онцолсон юм. Түүнчлэн ирэх хаврын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хууль (2013)-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Урт нэртэйэ л төв нь хөрөнгө оруулагчдад шаардлагатай хууль, эрх зүйн мэдээллийг нэг цэгээс хүргэх, шинэ мэдээлэл, туршлага солилцох, сургалт, семинар зохион байгуулах, ил тод байдлыг хангах, аливаа маргааныг шүүхийн шатанд хүрэхээс нь өмнө санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах юм гэнэ лээ.
Бизнесийн харилцааг зохицуулж буй 200 гаруй хууль өнөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас 40 орчим нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хязгаарласан агуулгатай. Тус харилцааг зохицуулах зорилт бүхий, 15 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан Хөрөнгө оруулалтын тухай хууль одоогоос хоёр жилийн өмнө Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болж зүсээ хувиргах шахсан. Тухайн үед гишүүд Гадаад худалдааны Үндэсний зөвлөл байгуулах, тэдгээр нь хөрөнгө оруулалтын хувь хэмжээ, босго, тогтворжуулалтын гэрчилгээ, гэрээ, маргаантай холбоотой асуудлыг хариуцах нь зүйтэй, манай улсад хөрөнгө оруулалт хийх үнийн дүнгийн босго заагаагүй, энэ нь салбар бүрд харилцан адилгүй учраас нэгдсэн босго байх зохимжгүй зэрэг байр суурь илэрхийлж байв. Гэтэл үүнээс хойш байдал төдийлөн дээрдсэнгүй.
Дэлхийн банкнаас мэдээлснээр Монголд гурван хөрөнгө оруулагч тутмын нэг нь гэрээ зөрчигдсөнөөс болж хөрөнгө оруулах шийдвэрээсээ буцдаг аж. ХЗДХЯ-ны судалснаар хөрөнгө оруулагч өөрт холбоотой маргаан, гомдлоо шийдвэрлүүлэхэд дунджаар 6.2 жил зарцуулдаг гэнэ. Түүнчлэн Монголд хийсэн хөрөнгө оруулалттай холбоотой гомдлын 75 хувь нь шийдвэрлэгдээгүй төлөвт гацсан байна. Энэ талаар “Business.mn” сайтад бичсэнчлэн “ХЗДХЯ-наас мэдээлснээр хөрөнгө оруулагчийн гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүх дунджаар 6.2 жил зарцуулдаг бөгөөд 16 жил шүүхээр явсан тохиолдолч байдаг аж. Мөн 2018-2023 онд нийтдээ 69 гомдол ирүүлснээс 54 нь шийдэгдээгүй байна. Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, арилжааны хэлтсээс бэлтгэсэн “Монгол Улсын 2024 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-д бичсэнээр Татварын алба болон бусад төрийн захиргааны байгууллагын маргаан шийдвэрлэх чадваргүй, хүсэл эрмэлзэлгүй ужгирсан хандлага нь өмчийг шууд бусаар албадан хураах эрсдэл үүсгэж байгаа талаар хөрөнгө оруулагчид дурджээ. Мөн шүүгчид татвар, бизнесийн маргаан шийдвэрлэхээс зайлсхийдэг, шүүх ажиллагааг сунжруулдаг, шийдвэр гарсан ч хэрэгжүүлэх гэсээр байтал маргааны нөгөө тал хөрөнгөө аль хэдийн зарж борлуулаад алга болсон байдаг аж” хэмээсэн нь өнөөгийн бодит байдал. Үүнээс үзвэл тус төв нь нидэр дээрээ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг дэмжинэ гэх боловч ямар арга замаар, хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчноо урьдчилан бэлдээгүй байж ийнхүү амбицлах нь ус үзээгүй гутал тайлж, уул үзээгүй хормой шуухтай ижил болох эрсдэлтэй.
Энэ талаар Эдийн засагч, судлаач Н.Энхбаяраас тодруулахад “Бизнес эрхлэлтийн орчинд манай улс олон үзүүлэлтээр хоцрогдож ирсэн нь нууц биш. Үүнийг цогцоор нь сайжруулах шаардлага бий. “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв” энэ зорилгын нэг хэсэг. Гэхдээ бодит байдалд энэ нь бүх асуудлыг шийдэх институт бус, мэдээлэл дамжуулах, санал, гомдлыг зуучлах үүрэгтэй оролцохоор байгаа. Засгийн газар тусгай зөвшөөрлийг цөөлж, реформ өрнүүлсэн гэдэг ч бодит амьдралд энэ нь бүрэн хэрэгжсэн гэж хэлэхэд эргэлзээтэй. Хөрөнгө оруулалтын орчныг үнэлдэг олон улсын гол шалгуур үзүүлэлтүүдийг харвал бодит ахиц харагдахгүй байна. Тухайлбал, АНУ-ын Төрийн департаментаас жил бүр гаргадаг Хөрөнгө оруулалтын орчны тайлан, Эдийн засгийн эрх чөлөөний индекс зэрэг үнэлгээнд Монгол Улс тогтмол хойгуур байр эзэлж буй. Хөрөнгө оруулалтын орчныг бодитоор сайжруулахын тулд яриад л байхаас илүүтэй эдгээр гол үзүүлэлтэд ахиц гаргахад анхаарах шаардлагатай. Дэлхийн банк группийн туршлагаас харахад нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг Хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн үйлчлүүлэгч хариуцсан менежерийн загварыг амжилттай нэвтрүүлсэн тохиолдолд л хамтад нь зохистой хэрэгжүүлэх боломжтой байдаг нь ажиглагдсан. Гэвч Монголын хөрөнгө оруулалтын орчинд нийтлэг харагддаг нэг асуудал нь тогтворгүй байдал. Байгууллага, бүтэц бий болоод хэсэг хугацаанд ажиллачхаад л ор мөргүй “сарнидаг”. Ийм жишээ цөөнгүй. Энэ утгаараа популист, пиарын байгууллага олноор үүсэж ирсний нэг нь элдэв зөвлөлүүд. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах институт байх ёстой гэдэгтэй маргахгүй. Гэхдээ эрх ашгийг хамгаалах хамгийн суурь арга зам нь эрх зүйн таатай орчин юм. Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага, шүүхтэй нийлж бусдын өмчийг хууль бусаар хураан авсан, “булаасан” тохиолдол цөөнгүй гарсан шүү дээ. Ихэнх зөвлөл 2-3 удаа хуралдаад л үйл ажиллагаа нь зогссон жишээ маш олон. Тиймээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлыг орон тооны бус зөвлөл, төвд даатгаснаар бодит үр дүн гарахгүй. Харин салбарын яам үүнд манлайлж, эрх зүйн орчны тогтвортой байдал, хэрэгжилт, хариуцлагын тогтолцоог сайжруулахад төвлөрөх нь илүү оновчтой шийдэл гэж судлаачийн зүгээс харж байна” гэсэн юм.
Харин хөрөнгө оруулалт, татвар, бизнесийн эрх зүйн чиглэлээр дагнан судалгаа хийдэг нэгэн судлаач “Хөрөнгө оруулалтын тухай хуульд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэр, төрийн захиргааны төв байгууллагын үүрэг, чиглэлийг тодорхой заасан. Тухайлбал, татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх талаар хуульчилсан нь давуу тал. Гэхдээ эдгээрийг зөвхөн тус хуулиар хэрэгжүүлэх боломжгүй. Хөрөнгө оруулагчид Монгол Улсад тодорхой хүлээлттэй ирдэг. Харин бодит байдалд эрх зүйн тодорхой бус байдал, бодлогын зөрчил, төрийн байгууллагын уялдаагүй ажиллагаанаас болж “хана мөргөдөг” нь нууц биш шүү дээ. Хөрөнгө оруулалт татахад татварын бус дэмжлэг чухал үүрэгтэй. Эдгээрийг хэрэгжүүлэх хариуцлага нь Эдийн засаг, хөгжлийн яаманд л ногдоно. Гэвч өнөөдрийн байдлаар яам хуульд заасан хүрээнд ямар шалгуур, хэлбэрээр дэмжлэг үзүүлэх вэ гэдэг нь тодорхой бус. Өөрөөр хэлбэл, дэмжлэг үзүүлэх эрх зүйн шалгуур, түүнийг хэрэгжүүлэх механизм нь тодорхойгүй. “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв” байгуулах нь зарчмын хувьд зөв. Өнөөдөр төрийн байгууллагууд хоорондоо уялдаагүй ажиллаж, нэг нь нөгөөгийнхөө шийдвэрийг үгүйсгэдэг. 2016 онд баталсан Захиргааны ерөнхий хуульд бусад хууль, тогтоомж ч нийцсэн байх ёстой. Гэвч практикт энэ зарчим бүрэн хэрэгждэггүй. Төрөөс дэмжлэг үзүүлнэ гэж ярьж байгаа ч тэр нь эрх зүйн актын шинжтэй, хууль ёсны шийдвэр, эсвэл сайхан сэтгэлийн амлалт байх уу гэдэг нь тодорхойгүй байна л даа. Хэрэв эрх зүйн орчноо цэгцлэхгүй бол ийм дэмжлэг бодит утгаараа хэрэгжих боломжгүй болов уу” хэмээсэн билээ.
Хөрөнгө оруулагчдад тулгамддаг асуудлыг нэг цонхоор шийдэж, дэмжинэ гэсэн нь сайшаалтай ч үүнээс өмнө “уранхай ноорхой” хуулиудаа эргэн нэг харахгүй бол дотоод, гадаадынханд хоосон найдвар төрүүлчхээд, дахин “молиго үмхүүлсэн” хэрэг болох вий.
Д.Хэрлэн