Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т дарга тогтохоо болилоо. Төрийн өмчийн эмнэлгүүдийн захирлууд угаасаа л “нэг засгийн настай” байсаар ирсэн нь үнэн. Энэ нь төр засаг солигдох бүрд эмнэлгүүдийн дарга нарыг халж сэлгэдэг муу жишиг тогтсонтой холбоотой. Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд болмогцоо төв, тусгай мэргэжлийн эмнэлгүүдийн дарга нарын олонхыг нь өөрийн хүнээрээ сольсон. Дараа нь түүний “суудал”-ыг бөөн сенсац болгож байж авсан Ж.Чинбүрэн мөн л халаа сэлгээ хийсээр, одоо ч улс төрийн томилгоонууд нь дуусаагүй байна. Үе үеийн сайд нар томилгоо хийж л байдаг гэж цайруулмаар байвч арай ч 10 хоноод дарга нь солигдсон эмнэлэг өмнө нь байгаагүй юм шүү. Сүүлдээ эмнэлгүүдийг нь удирдах хүн ч олдохоо больж байх шиг.
УНТЭ-ийг хамгийн сүүлд удирдаж асан Н.Лхажий уржигдар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөнөөр тус эмнэлэг дахин удирдлагагүй болов. Тэрбээр аравхан хоногийн өмнө нь л Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг дуудаж авчруулаад ийн хөгөө чирцгээжээ. Н.Лхажий хуучин албаа үргэлжлүүлэн хаших хүсэлтэй байгаагаа ажлаа өгөхдөө ч хэлсэн байна. Ингэснээр УНТЭ сүүлийн нэг жилийн хугацаанд гурав даргын нүүр үзэж, эцэст нь “эзэн” ч үгүй хоцорсон нь энэ аж. Ямар сайндаа л эмч нар нь дарга “тогтоодог” ном уншуулъя гэж хошигнож байх вэ дээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Б.Хишигжаргал, Л.Бямбасүрэн, Д.Лхажий нар УНТЭ-ийн ерөнхий захирал, уг албыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллажээ. Салбарын хүн хэрэгтэй хэмээгээд Төрийн соёрхолт Б.Хишигжаргалыг томилсон, бүтсэнгүй. Эмнэлгээсээ туршлагатай эмч сонгоно гээд мэс заслын тасгийн эрхлэгчээ захирал болготол бас л байгаа оносонгүй. Эцэст нь орон нутгаас захирал “заллаа”, тусыг эс олов. Тэдний дундуур цөөнгүй “туулай” гүйсэн ч гэдэг.
Эмнэлэгт эмч, сувилагч дутах нэг хэрэг. Харин дарга тогтохгүй бол наад зах нь мэс засал, яаралтай тусламж гээд эмнэлгийн бүхий л үйл ажиллагаа доголдож, иргэд эмчилгээ, үйлчилгээ авч чадахгүйд хүрдэг. Цаашлаад удирдлага солигдох бүрд шинэ бодлого, чиглэл, томилгоо гээд ажил хэсэгтээ урагшлахгүй. Үүний уршгаар үйлчилгээний чанар, стандарт, хүртээмж ухарсаар л байдаг. Улсын ууган, урдаа барьдаг эмнэлэг нь ийн удирдлагагүй, дарга нар нь “жижүүрийн хуваарь”-тай. Байгууллага нь түр орлон гүйцэтгэгчдийн дамжин өнгөрдөг “дадлагын бааз” болж хувирсан нь даанч харамсалтай.
О.Оргилох