БАРИМТ 1: Иргэн О: Би 2021 оны арваннэгдүгээр сард “Баганат өргөө” компанийн V блокт байр захиалсан юм. Гэрэээний дагуу байрыг 2022 оны IV улиралд ашиглалтад оруулна гэсэн ч одоо тав дахь жилийнхээ нүүр үзэж байна. Тус компани Цэдэвсүрэн гэх хүнтэй гэрээ байгуулж, эл блокийг барьж гүйцэтгүүлэхээр болсон юм билээ. Туршлагатай компани хэрнээ санхүүгийн чадамжгүй хүнтэй яагаад орон сууц барьж, ашиглалтад оруулах гэрээ хийв гэдэг хачирхалтай. Энэ байр нь нийт 88 айлын орон сууц. Бид өнгөрсөн хугацаанд Цэдэвсүрэнгийн араас маш их явсан, цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулах гэхээр өргөдөл, гомдлоо гарга гэдэг. Байраа зараад шинэ орон сууцынхаа урьдчилгаанд 72 сая төгрөг өгсөн ч өдий хүртэл орж чадсангүй. Эл хугацаанд байр түрээсэлж амьдарсан. Түрээсэнд багадаа 48 сая төгрөг төллөө. Өвлийн хүйтэнд гурван хүүхдээ дагуулаад орох оронгүй явж байсан минь хамгийн хэцүү. Тухайн үед байраа ам метрийг нь 1.7 сая төгрөгөөр тооцож, урьдчилгаа авсан. Жил ирэх бүр үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөж байна шүү дээ. Байр захиалсан иргэд нэгдэж,” Баганат өргөө” компанитай дахин гэрээ хийж, хэлсэн үнийг нь төлөхөөр боллоо. Ирэх есдүгээр сард барьж дуусгана гэсэн гэрээ хийсэн. Үүндээ хүрнэ гэж найдаж байна. Харин бидний мөнгийг луйвардсан Цэдэвсүрэн гэж хүн ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрсөн.
БАРИМТ 2: Иргэн Ц: Хан-Уул дүүргийн “Марч” констракшн компанийн “Поларис апартмент”-д байр захиалаад таван жил болж байна. Одоо байр ч үгүй, мөнгө ч байхгүй. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст өргөдөл өгсөн, одоо хүртэл шийдэгдээгүй. Мөн өөр олон хүн эл хотхонд байр захиалаад хохирсон. Миний таньдаг нэг эмэгтэй байрны захиалга өгөөд зургаан жил болж буй. Барилгын ажил 80 гаруй хувьтай ч тухайн үед гэрээ хийсэн үнээр борлуулах боломжгүй гэж хэлсэн гэсэн. Өөрөөр хэлбэл, ам метрийн үнийг нь нэмээд, нэг захиалагчаас 80 сая төгрөг нэмж өг, үгүй бол гэрээгээ цуцалж, өөр хүнд зарна гэсэн байна лээ.
ШҮҮХДЭЭД АВ
Орон гэр бол хүний анхдагч хэрэгцээ. Гэвч Монгол Улсад эл хэрэгцээгээ хангах нь тэнгэрээс од шүүрэхтэй адил аж. Залуу гэр бү лийг дэмжих зорилготой ипотекийн зээл нь барилгын хэдэн компанийн “халаас”-нд орж, жирийн иргэдэд олдохоо байсан. Хуруу хумсаа хугалан байж хураасан хэдэн төгрөгөө байрны урьдчилгаанд өгчхөөд орох оронгүй яваа иргэд цөөнгүй. Иргэдийн тав тухтай орон байртай болох гэсэн эрэлт хэрэгцээнд дөрөөлж, байшин байтугай амбаар ч барьж үзээгүй, туршлагагүй хувь хүн, компаниуд хүртэл барилгын салбарт хошууран орж, залилан мэхлэх явдал хэрээс хэтэрлээ. Дээр дурдсан хоёрхон жишээ л гэхэд байр захиалаад хохирсон, цагдаа, шүү хийн байгууллагаар яваад ч тусыг эс олсон хүмүүсийн төлөөлөл юм. Амташсан хэрээ арав дахина гэгчээр санаатайгаар залилан мэхэлдэг бүлэглэл ч бий аж. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулаад мөнгөө авах гэхээр танай өмнө өч төчнөөн компани байна, үүнийг барагдуулсны дараа танайхыг төлнө гэж ам хаадаг талаар нэгэн иргэн ярьсан юм. Хамгийн ноцтой нь барилгын компанийн эзэн шүү хийн шийдвэрийн өмнө бүх л өмч хөрөнгөө ойр тойрнын хүмүүсийнхээ нэр дээр шилжүүлээд өөрийгөө төлбөрийн чадваргүй нэгэн болгож, хуулийн цоорхой ашигладаг байна.
Жил ирэх тусам орон сууцын үнэ гэрлийн хурдаар өсөж, өдгөө шинэ байрны нэг ам метр талбайн дундаж үнэ 4.4 сая төгрөгт хүрээд буй. Ийм байхад бэлэн мөнгөөр байр худалдан авах чадвартай хүн хэр олон билээ. Өөрсдийн боломж бололцоондоо тохируулан байрны урьдчилгаа 30-60 сая төгрөг төлөөд банкны зээлд хамрагдахыг илүүд үздэг. Урьдчилгааны мөнгөө олно гэдэг ч амаргүй даваа. Олон жил хураан хуримтлуулж, аав, ээж, ахан дүүсээсээ дэмжлэг авч, арайхийн цуглуулж өгсөн мөнгийг нь зарим барилгын компанийн эзэд өөрийн хөрөнгө мэт эргэлдүүлж, байр барьч хаад буцаагаад өндөр үнээр “шахдаг”. Харамсалтай нь, иргэдээс урьдчилгаа төлбөр авахын зэрэгцээ байр ашиглалтад ортол сар бүр мөнгө авдаг ч хэзээ ч гэрээнд заасан хугацаандаа захиалагчдыг оруулдаггүй. Заасан хугацаанаасаа 1-2 жил хоцрох нь хэвийн үзэгдэл. Иргэд зайлуул, барьж л байвал, ашиглалтад л оруулбал хамаа алга хэмээн алга хавсран залбирах нь холгүй хүлээж суудаг. Зарим компани барилга барих газраа ч олоогүй, ганц ч хадаас зоогоогүй хэрнээ худлаа хугацаа хэлж, хоосон амлан, иргэдийг залилан мэхэлдэг. Аргаа барсан иргэд яав ийв хэмээн араас нь сураг ажиг тавьж, асууж лавлахаар “Мөнгө байхгүй, барилгын ажил зогссон. Шүүхдээд аваарай” хэмээн суух болжээ. Орон сууцын захиалгад төлсөн мөнгөө эргүүлэн авах боломж, хууль, эрх зүйн орчин манайд бий юү.

ГЭРЭЭНИЙ ҮҮРГЭЭ ЗӨРЧСӨН ГЭЭД ШҮҮХЭД ХАНДАЖ БОЛНО, ГЭВЧ
Сүүлийн жилүүдэд орон сууцын урьдчилгаа өгсөн захиалагчдаа залилсан, гэрээгээ зөр чиж, иргэдийг хохироосон явдал эрс ихэссэнийг хууль, шүүхийн байгууллагынхан ярих болсон. Тухайлбал, нийгмийн болох, болохгүй асуудалд байнга шүгэл үлээдэг хуульч О.Батхүү орон сууцын залилангийн асуудлыг “барьж ав чээ”. Тэрбээр “Энэ хавар хоёр ажилд илүүтэй анхаарна. Насаараа цуглуулсан мөнгөө нэг луйварчинд алдчихаад өөрөө гэмт хэрэг хийсэн аятай цагдаагийн үүд сахидаг, байнга хойшлох шүүх хурлаас болж ажил, амьдралаа алддаг, төр засагтаа хаягдаж, хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэлээ алдсан хүмүүсийн асуудлыг гаргаж тавина. Орон сууцын хохирогчдын талаар цуврал нэвтрүүлэг хийж, залилан луйвар ямар түвшинд хүрснийг харуулна” хэмээн цахим хуудсандаа бичсэн байв. Түүний энэ мэдээллийн доор орон сууц захиалаад хохирсон гэх олон иргэн дэмжиж буйгаа илэрхийлж, өөрт тохиолдсон асуудлаа бичжээ. Одоогоор байр захиалаад хохирсон 30 гаруй иргэн түүнд мэдээлэл өгсөн байна.
Ашиглалтад ороогүй байрны талбайн үнэ зах зээлийнхээс хямд тул иргэд амьжиргаандаа тааруулж, захиалга өгдөг. Гэтэл захиалсан байрандаа орох гэхээр ам метрийн үнийг нь нэм чихсэн байдаг. Нэмж төлөөд байрандаа ор, эсвэл гэрээгээ цуцална, мөнгөө аваад яв гэсэн яах вэ хэмээн хуульч, өмгөөлөгч нарт хандах хүн цөөнгүй аж. Энэ талаар хуульч О.Батхүүгээс тодруулахад “Иргэний хуульд заасны дагуу гэрээний үүргээ зөрчсөн гээд тухайн компанийг шүүхэд өгч болно. Гэвч шүүх хурал сунжирсаар 2-3 жил болох ч нь бий. Энэ хугацаанд иргэн өмгөөлөгчийн зардал гаргахаас эхлээд хохирсон дээрээ нэмж хохирдог. Хэрэв тухайн барилга барьсан компанийнхан нэг байрыг хоёр хүнд зарж борлуулсан тохиолдолд залилан гэж үзэж, эрүүгийн хариулцлага хүлээлгэж болдог. Гэвч мөн л хугацаа алдах, шүүх хуралд яллаа гэхэд тухайн этгээдээс мөнгө гаргуулж авах боломж төдийлөн байдаггүй. Шүүх хуульд заасан 60 хоногтоо маргааныг шийддэг, гэрээний үүргээ биелүүлээгүй талаас хохирол, төлбөр гаргуулдаг байсан бол хохирсон иргэд дахиж хохирохгүй” гэв.
Манай улсын шүүх иргэний маргааныг энэ мэт төдийлөн ойшоохгүй, хугацааг нь хойшлуулж, ихэнхдээ өмгөөлөгчийн зардлыг буруутай талаас гаргуулахаас татгалзаж шийдвэрлэдэг байна. Тэр ч бүү хэл, нэг байрыг хоёр хүнд зарчхаад байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байгаа нь энэ төрлийн залиланг өөгшүүлж буйг хуульчид хэлсэн. Мөн шүүхийн ачаалал их байдгаас хүртээмжгүй байдал газар авчээ. Гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүйн улмаас үүссэн алдангийг тооцож олгох нь бүү хэл, нэмж иргэдээс мөнгө нэхэж, хэлсэн үнээр нь авахгүй бол өөр хүнд зарна хэмээн дураараа авирлах явдлыг зогсоох цаг иржээ. Хууль, шүүхийн байгууллагын үүд татаж, зардал чирэгдэл болж байхаар компанийн хэлсэн үнээр нь нүдээ аниад, байдгаа бараад ч болов байрныхаа барааг харахыг хүссэн иргэдийг сул талыг ашиглан бариагүй байраараа барьцаалах явдал хэрээс хэтэрлээ. Ингэж хуульгүй мэт авирлагч компаниудад хэн хариуцлага тооцох нь тодорхойгүй. Анхнаас нь барилгын компаниудын босгыг өндөрсгөж, барилгын зөвшөөрөл олгохдоо салбарын яам, холбогдох газрынхан нь хатуу шаардлага тавих хэрэгтэй юм.
Агаарын бохирдлоос салах ганц арга нь гэр хорооллыг бүхэлд нь орон сууцжуулах. Энэ тухай эрх бүхий байгууллагын үе үеийн удирдлага, дарга, сайд нар ярьж хэлж, иргэдийн тархи угааж ирсэн. Гэвч өнөөдөр Улаанбаатар хотын айл өрхийн тал орчим хувь нь гэр хороололд амьдарсан хэвээрээ. Тэдний хүсэл мөрөөдөл нь дулаан, тухтай орон сууцад гал түлэхгүйгээр амьдрах. Төр засгийн ч бодлого нь агаарын бохирдлыг бууруулах. Эдгээр хүсэл нэг цэгт огтлолцож буй мэт боловч ашиг сонирхол нь өөр өөр. Эрх мэдэлтнүүдэд агаарын бохирдлыг бууруулах нэрээр улсын мөнгийг завших нь чухал болохоос нэг ч гэсэн янданг цөөлөх нь сонин биш. Ийм учраас л гэр хороололд амьдардаг айлууд байр сууцад орж чадахгүй, банкны өндөр босгыг давахгүй, барилгын компаниудад ахин дахин луйвардуулж амьдарч байгаа юм. Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалд гэр хороололд амьдарч буй өрхийг 16 хувь болгон бууруулахаар тусгасан. Энэ байдлаараа уг төлөвлөгөө үлгэр болох нь.