Цахим орчинд олны анхаарал татсан гэмт хэргүүдийн талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацаж, эсвэл хэргийн зарим нэг баримтыг ил гаргаснаар олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж, улсаараа “шүүгч” мэт авирлах болоод багагүй хугацаа өнгөрлөө. “Сошиал шүүгчид” цахимд хуралдаад баримтад үндэслэж бус, сэтгэл хөөрөлдөө автсан “шийдвэр” гаргачихдаг. Энэ үзэгдэл нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг аажмаар сааруулж байна.
Гэм буруутайг нь хуулийн дагуу шүүх эцэслэн тогтоогоогүй байхад буруутгахыг хориглодог. Харин өнөөдөр манай цахим орчинд буруутай, үгүйгээс нь үл хамааран “цаазлах”, гишгэх газаргүй болгох явдал хэрээс хэтэрсэн. Гэтэл үнэн гэж итгэсэн нь худал байж, худал хэмээн бодсон нь үнэн болж ч мэдэх шуурганд төөрөгсөд хохирогчдыг ч нэмж хохироож болзошгүй эрсдэл дунд бид амьдарч буй.
ҮЛ ҮЗЭГДЭХ НӨЛӨӨ
Монгол Улсад шүүх эрх мэдэл бие даасан, хараат бус байх ёстойг Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Шүүх гэдэг нь Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хэлнэ хэмээн Шүүхийн тухай хуульд заажээ. Тэгвэл Монгол Улсын нэрийн өмнөөс алх цохиж, гэм буруутныг гэсгээж, гэмгүй иргэдийг өмгөөлдөг шүүгч гэж хэнийг хэлэх вэ. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдож, шүүгчийн тангараг өргөсөн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын иргэнийг хэлнэ гэж тодорхойлсон байна. Харин шүүгч нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдаж ажиллах ёстой. Мөн Шүүхийн тухай хуулийн 7.1-д “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, түүнчлэн хуулийн этгээдийн өмчийн хэлбэр, төрлөөс үл хамаарч хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг энд илүүтэй тодотгоё. Өөрөөр хэлбэл, хууль, шүүхийн байгууллагынхан өнгө, мөнгөнд живж, өөрийн эрх ашгийн төлөө ажиллах ёсгүй юм. Ингэж ажилладаг ч гэж иргэд итгэдэг. Итгэхээс ч өөр сонголтгүй бөгөөд шүүх хоёр иртэй сэлэм шиг байвал тусгаар улс гэж үгүй билээ. Ардчилсан улсын амин сүнс нь шударга шүүх засаглал. Харин шүүхийн үйл явц хэрхэн өрнөдөг, хуулиа дээдэлж ажилладаг, эсэхийг жирийн иргэд мэдэхгүй бөгөөд цахим орчин дахь “их мэдэгчид”-ийн санаатай болон санамсаргүйгээр түгээсэн мэдээлэл нь нийтэд яллах ёстой гэсэн уур амьсгал үүсгэдэг. “Шүүхдээ итгэдэггүй гэх хэрнээ цаазаар ав” гэж орилж байгаа нь гэм буруугүй нэгнийг ч хилсдүүлж болно гэдэгтэй агаар нэгэн. Энэ мэт олон нийтийн дарамт нь шүүхийн нэр хүнд төдийгүй шүүгч шийдвэрээ гаргахад ч нөлөөлөх эрсдэлтэйг мэргэжилтнүүд хэлдэг. Шүүгч ч гэсэн хүн учраас сошиал дарамт, нийгмийн хандлага нөлөөлдөг гэж олон улсад үздэг юм билээ.
ИТГЭЛ БА ЭРГЭЛЗЭЭ
Өндөр албан тушаалтнуудын холбогдсон авлига, хээл хахуулийн хэрэг хэрхсэн нь мэдэгдэхгүй замхрах, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, ял завших зэргээр “сарнидаг” нь нууц биш. Улс төрч, эрх мэдэлтнүүдийн дуулиан дэгдээсэн хэргийг шийдвэрлэхтэй зэрэгцэн өөр нэг сенсац гарч ирдэг. Цагаан захтнуудын хэргийг шүүх өдөрт хэдэн арваар нь хэлэлцэж буй. Энэ бүхэнд шүүх хуулиа дээдэлж, шударга ажиллахыг иргэд хүсдэг. Шударга байдлыг шаардаж, шүүхийн гадаа жагсах нь ч бий. Хамгийн сүүлд гэхэд 32 болон 16 настай эмэгтэйг хөнөөсөн яллагдагчийн шүүх хурлын шийдвэрт нийтээрээ санаагаа чилээж байв. Эл хурал “жам ёсоор” өрнөсөн гэхээсээ сошиал орчинд хүчтэй маргаан, хуваагдал, талцал үүсгэсэн. Одоо ч уг хэргийг бүрэн шийдвэрлэж дуусаагүй буюу давж заалдах шатны шүүх хэлэлцээгүй байгаа. Олон хүний зүрхийг зүсэж, айдаст автуулан, сэртхийлгэсэн хүн амины ноцтой хэргийг шүүх хурал танхимд болон сошиалд хэрхэн өрнөснийг авч үзье.
2024 оны зургаадугаар сарын 21. Энэ өдөр 16 настай охин Ч.Ш амиа алдав. Үүнээс хойш яг нэг жил есөн сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ нь зүгээр нэг золгүй явдал бус, бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан хүн амины ноцтой хэрэг байв. Хэрэгтэн хэн байв, ямар учраас охиныг хөнөөв, шүүх шударгаар ажиллаж, гэмт этгээдийг шийтгэх үү гэсэн олон асуулт дагуулсан. Охины амийг бүрэлгэсэн этгээд 2024 оны зургаадугаар сарын 8-9-нд шилжих шөнө мөн 32 настай эмэгтэйг хөнөөж, улмаар шүүгээнд хийгээд 12 хонуулсны дараа цагдаагийн байгууллагынхан цогцсыг олсон байв. Энэ хэргийг 20 настай Ц.Дагвадорж үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг.
2025 оны есдүгээр сарын 12. Талийгаач охины ээж Г.Отгонтуяа цахим хуудсандаа чемоданд хийсэн цогцсын хажууд цай ууж суугаа эрэгтэй, хажуугийн буйдан дээр хөлөө ачсан эмэгтэйн зургийг нийтэлснээр шуугиан дэгдээв. Тэрбээр “Миний эсрэг есөн өмгөөлөгч орно гэнэ. Би одоо ил болгоно оо. Намайг бүү хориорой. Үрийнхээ хойноос шаналах эхийн сэтгэл надаар дуусаг ээ. Яалаа гэж миний алгын чиний үрийг энэ хоёр... надад тусламж хэрэгтэй” байна хэмээн бичсэн байв. Үү ний доор 2000 хүн сэтгэгдэл бичиж, хөөрхий ээжийг хүчтэй байхыг уриалахын зэрэгцээ зураг дээрх эрэгтэй, эмэгтэй хоёр хүн болон тэдний өмгөөлөгч нарыг үгийн муугаар харааж, доромжилсон. “Алчуурчдыг өмгөөлөх гэсэн, мөнгөний төлөө хүнээ байсан өмгөөлөгчид, үйлийн үр хаалга андуурдаггүй юм, хэзээ нэгэн цагт зовлонг нь амсана даа” хэмээн заналхийлж, дайрч давшилсан. Тэгвэл Үндсэн хуульд заасны дагуу хүн бүр өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхтэй. Хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч бүгд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх мэргэжлийн туслалцаа үзүүлэх ёстой юм. Амь хохирогчийн өмгөөлөгч Ч.Болд есөн өмгөөлөгч нэгдэж, хохирогчийн эсрэг өмгөөлөөгүйг хэлсэн байдаг. Гэвч цахим орчин дахь үзэн ядалт намжсангүй. Хууль, шүүхийн ажилтнууд шударга ажиллахыг шаардаж, хурлыг олон нийтэд нээлттэй явуулахыг хүссэн юм. Хүчтэйн талд үйлчилдэг байгалийн хуулийн эсрэг хүчгүйдсэн эмэгтэй ард түмэндээ хандсан нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх, анхаарлаас гадуур үлдээхгүй байхад тусалсан байж ч мэднэ.
2025 оны есдүгээр сарын 17. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болов. Хурлын өмнө шүүхээс албан ёсны тайлбар, мэдээлэл гаргасан бөгөөд үүнд “Яллагдагч Ц.Д-д Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийг хуралдаан (хаалттай)-аар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн” тухай дурджээ. Тодруулбал, нийгмийн сүлжээнд зураг нь тавигдсан эрэгтэй, эмэгтэй хоёрыг хүн алах гэмт хэрэгт хамтын оролцоотой, эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн, өөрөөр хэлбэл, амь хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан энэ хэрэгт зайлшгүй шалгаж тогтоолгох талаар гаргасан хүсэлтийг дагуу ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэлгүй хэргийг шүүх рүү шилжүүлсэн гэж үзсэн. Ингээд анхан шатны шүүхээс дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаасан юм. Үүнээс нэг сарын дараа Э.Н, Э.Г нарыг 16 настай охиныг хөнөөхөд хамжигчаар оролцсон гэж үзэн, 30 хоног цагдан хорьсон.
2026 оны нэгдүгээр сарын 22. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэргийг хаалттай хэлэлцэв. Энэ удаагийн шүүх хуралд хэрэгт хамжигч болон хохирогчоор тогтоогдсон Э.Н, Э.Г нараас гадна насанд хүрээгүй холбогдогч Х.Э анх удаа олны өмнө гарсан. Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурал өндөрлөж, шүүх бүрэлдэхүүн Ц.Дагвадоржид хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноосон юм. Харин Э.Н, Э.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгав. Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Х.Э-ыг цагаатгасан. Шүүхээс ийм шийдвэр гарсан даруйд дахиад л цахимд бөөн шуугиан дэгдэв. Шийдвэр олон хүнд эргэлзээ төрүүлсэн нь нууц биш. Анхнаасаа дээрх эрэгтэй, эмэгтэй хоёрыг хууль хяналтынхан хохирогчоор үзсэн хэрнээ хамжигч хэмээн цагдан хорьсон нь тэднийг буруутай мэт ойлголтыг нийгэмд өгсөн (Буруутай ч байж мэднэ, үгүй ч байж мэднэ). Үхтэл үр харам гэгчгээр охиноо алдсан эхэд маш олон хариултгүй асуулт, харуусал байгаа нь ойлгомжтой. Талийгаач охины ээж Г.Отгонтуяа “Мөрдөн байцаагч, хяналтын прокурор нарын хариуцлагагүй үйлдлээс болоод хэрэгтнүүд цагаадлаа. Шүүх шударга байгаа. Шүүх юунд үндэслэн шийдвэрээ гаргадаг вэ гэхээр мөрдөн байцаах алба, прокурорын бүрдүүлж, үдсэн баримтыг үндэслэж шийдвэр гаргадаг. Хэрэг гарах үед хийгдсэн 14 минутын бичлэгийг шүүх хурлын үеэр тавьж үзүүлсэн. Өнөөдөр тэр бичлэгийг олон нийтэд үзүүл. Охины минь хэрэг үнэн зөвөөр шийдэгдтэл би хөлөө хүрэх газар явна” гэсэн юм.
Шүүх бүрэлдэхүүн хоёр иртэй сэлэм шиг шийдвэр гаргаж, эргэж, буцаад байхаар иргэд эргэлзэх нь дамжиггүй. Олон нийтийн сүлжээнд тавигдсан тэрхүү аймшигтай зураг ч иргэдийг зэвүүцүүлж, хэргийг улам ээдрээтэй болгосон. Үнэхээр хөөрхий охиныг бүлэглэн хөнөөсөн бол яах вэ гэдэг хүндхэн асуултад хариулт олдсонгүй. Гэвч сэтгэлийн чанадад шүүх хуулийн дагуу шударгаар ажилласан байх гэсэн бяцхан найдвар үлдэв.
ШҮҮГЧИЙН АЛХ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ЦОХИДОГ УУ
Эцэст нь асуухад, та Монгол Улсынхаа шүү хэд итгэдэг үү. Хэд хэдэн хүнээс ингэж асуухад 60 орчим хувьтай итгэдэг гэж хариулав. Угтаа 100 хувь итгэх учиртай. Ингэж байж айдасгүй, авлигагүй, амар тайван, хууль үйлчилдэг улсыг бүтээх биз. “Нээлттэй нийгэм форум” ТББ-аас 2021 онд анх удаа хийсэн шүүхийн индексийн судалгаагаар манай улсын шүүх байгууллага 100 онооноос 51.94 оноо авсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн эрх хэмжээ, бие даасан, нээлттэй, ил тод байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл, дэд бүтэц, нөөц, шүүгчийн ёс зүй, хариуцлага, шүүхийн үр ашигтай үйл ажиллагаа гэсэн зургаан үндсэн шалгуураар “жинлэхэд” 50 ор чим хувьтай “тэнцсэн” гэсэн үг. Харин үүнээс хоёр жилийн дараа буюу 2023 онд 53.22 болж, өмнөх судалгааны дүнгээс 1.28 оноогоор ахижээ. Хоёр дахь удаагийн судалгааны үр дүнд 2021 онд баталсан Шүүхийн тухай хууль, холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийн үр дүн нөлөөлсөн гэж судлаачид онцолдог. Үүн дотроо шүүхийн нээлттэй, ил тод байдлын үнэлгээ 65.1тэй гарчээ. Энэ нь чамлахаар үзүүлэлт биш ч гэлээ шүүхийн ил тод байдлыг илүү сайжруулах шаардлагатайг харуулж буй юм. 2025 оны шүү хийн индексийг энэ онд танилцуулах юм.
2021 оны Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд олон нийтийн итгэл, хэвлэл мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх хоёр чухал заалт оруулсан нь нээлттэй шүүх хуралдаан, авлигын хэргийн анхан болон давж заалдах шүүх хуралдааныг заавал шууд нэвтрүүлж, аудио, видео бичлэгээр олон нийтэд хүргэх заалт байв. Хуулийн дагуу Дээд шүүх хуралдааныг албан ёсны цахим хуудсаараа дамжуулж, шууд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны нэгдүгээр сарын байдлаар нийт 292 шүүх хуралдааныг ийнхүү явуулсан байна. Бусад шүүх ч авлигын хэргийг шууд дамжуулж эхэлсэн. Шүүх хуралдааныг шууд дамжуулж, нээлттэй явуулсан нь эерэг бас сөрөг талтай. Шүүгч, өмгөөлөгчийн байр байдал, биеийн хэлэмж, үг яриа нийтэд ил болсноор нэр бүхий хүмүүсийг цахимд мөн л шүүмжлэх, нэр төрд нь халдах тохиолдол гарсан. Энэ нь бүр даамжирч, жагсаал хөдөлгөөн өрнөвөл улс төрийн болон шүүхийн шийдвэрт нөлөөлөх эрсдэлтэй. Нөгөө талд нь шүүхийн ил тод байдал нэмэгдсэн.
“Шүүхийн шийдвэр бол миний амь амьдрал, шударга ёс бол нийгмийн тайван амьдралын баталгаа” хэмээн бусдын гарт амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа хэлсэн юм. Түүн шиг олон мянган хүн Монголын шүүх шударга ёсыг тогтооно гэж сүслэн итгэж, залбирдаг. Нийтээрээ “шүүгч”-ийн дүрд тоглож, шүүх хурлыг энтертайнмент болгохоос сэргийлэн цахим орч ныг хуульчилж, зохицуулах шаардлага үүсээд байна. Шүүх засаглал хуулийн хүрээнд ажиллаж, “цахим шүүлт”-д шүүгдэх ёсгүй билээ.