Монголд алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах тухай Засгийн газрын тогтоол баталсны 28, Бүгд Найрамдах Казахстан Улсын 30 сая ам.долларын өртөг бүхий алт, мөнгө цэвэршүүлэх патентыг үнэгүй эзэмших гэрээ байгуулж, Сонгинахайрхан дүүргийн XXXII хорооны нутагт тус улстай хамтран үйлдвэр барих газраа товлосны долоон жилийн ой энэ онд тохиож байна. Улмаар өнгөрсөн хоёрдугаар сард Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас байгуулсан ажлын хэсгийнхэн цэвэршүүлэх үйлдвэрийг судлахаар ХБНГУ-д ажиллажээ.
Ийнхүү алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэртэй болохоор гэрээ байгуулж, ажлын хэсэг бүрдүүлэн, үйлдвэрийн шав тавихаар шийдсэн болон бусад арга хэмжээг оролцуулбал манайх олборлож буй “шар металл”-аа дотооддоо боловсруулах зорилго, эдийн засгийн өгөөж бий гэсэн үг. Гэсэн ч ийм олон жил үр дүнд хүрээгүйг бодоход заавал үйлдвэр барих шаардлагагүй юү, эсвэл өөр шалтгаан байна уу.
Алт бол дэлхийн санхүүгийн аюулгүй байдлын баталгаа, стратегийн нөөц юм. Улс орнуудын төв банкууд валютын нөөцдөө алт хадгалдаг. Ийм нөөц хэр их байна, тэр хэрээр тухайн улс эдийн засгийн чадамж өндөр, баян орны тоонд ордог. Одоогоор “шар металл”ын нөөцөөр АНУ тэргүүлж 8100 тонныг “авдарлаад” байгаа бол ХБНГУ 3300, Итали 2450, Франц 2430, ОХУ 2300 тонноор удаалж буй. Харин манай улсын хувьд Төвбанкны алтны нөөц 20-25 тонн хэмээдэг. Энэ нь тавдугаарт бичигдэж буй ОХУ-ынхаас даруй 110-120 дахин бага хэмжээ юм. Хэдийгээр цэвэршүүлж, нөөцөлсөн алтны дүн бага байж ирсэн ч газрын хэвлий дэх үнэт металлын хэмжээгээр манайх дэлхийн дунджаас дээгүүрт ордог буюу геологийн батлагдсан нөөц нь 2000-3000 тонн гэдэг. Түүнч лэн сүүлийн жилүүдэд олон улсын зах зээлд алт, мөнгөний ханш тогтмол өссөөр энэ сарын байдлаар унц алтыг 5100 орчим, мөнгийг 83-85 ам.доллароор наймаалцаж байна. Энэ нь 20232026 онд л алтны ханш 160, мөнгөнийх бүр 250 орчим хувиар өссөн дүн юм. Цаашид ч олон улсын нөхцөл байдал хурцадмал, Орос, Украины мөргөлдөөн зогсохгүй, Ойрхи Дорнод “галтай” хэвээр, дэвшилтэт технологийн үйлдвэрлэл болон зэвсгийн наймаа улам бүр өсөх магадлалтайг олон улсын хэвлэлүүд дурдаж буй. Ийм тогтворгүй үед улс орнууд, хөрөнгө оруулагчид, иргэд хувьцаа болон хөрөнгө оруулалтын бусад хэрэгслийг сонгохоос илүүтэй алт нөөцөлдөг, нөөцийнхөө хэмжээг өсгөхөд улам бүр анхаардаг юм байна. Тиймээс “шар металл”-ын нөөцтэй, олборлогч орнууд, цэвэршүүлэх үйлдвэртэй улсуудад давуу тал үүснэ гэсэн үг. Тиймээс ч манайх бараг 30 жил алт цэвэршүүлэх үйлдвэрийн талаар ярьж байгааг дээр дурдсан. Тодруулбал, 2019 онд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Монголд “Алт, мөнгө (үнэт металл) боловсруулах үйлдвэр” барих гэрээнд гарын үсэг ч зурсан. Эл гэрээг үзэглэхийн тулд Казахстантай 2017-2019 оны хооронд хоёр жил ярьж, хэлэлцсэн гэдэг.
Манайх олборлосон алтаа хуучнаар ЗХУ-д дараагаар ОХУ, Британи, Японд цэвэршүүлж иржээ. Одоо бол Швейцарт цэвэршүүлж байгаа. Энэ нь уурхайгаас олборлосон 80-90 хувийн агууламжтай алтыг хайлуулж, бусад металлыг нь салгаж, электролизоор цэвэршүүлж, 99.9 хувийн агууламжтай цэвэр гулдмай болгох явц юм. Үүний тулд металл боловсруулалтаас гадна тээвэр, даатгал, хамгаалалт гээд багагүй зардал гардаг юм байна. Хэрэв дотооддоо цэвэршүүлэх үйлдвэртэй болчихвол эдгээр зардлыг танахаас гадна нэмүү өртөг нь үлдэх, валютын орлогыг өсгөх, алтны хууль бус худалдааг бууруулах, үнэт металл боловсруулах салбар цогцоороо хөгжих олон давуу талтай аж. Энэ талаар санхүүгийн шинжээч, эдийн засагч Ч.Батсайхан “Монголд алт цэвэршүүлэх үйлдвэр барих боломжтой. Хэдийгээр эхний хөрөнгө оруулалт өндөр байх ч зардлаа 5-7 жилийн дотор нөхнө гэж болно. Жилд 200 тонныг боловсруулах том үйлдвэр барих зардал одоогоор 200 сая ам.доллароос даваад байгаа бол жижиг оврынх нь 3050 саяд багтана. Ийм жижиг оврын үйлдвэрт жилд 20-30 тонныг цэвэршүүлнэ. Мөн алт цэвэршүүлэхэд хорогдол бага гардаг гэж үздэг. Түүхий алтыг цэвэршүүлэхэд кг тутамд нь 0.1-0.3, химийн бохирдлоос салгахад 0.05-0.1 хувийн хорогдолтой. Орчин үеийн, өндөр технологийн үйлдвэрт бол нийт 0.1-0.5 хувийн л хорогдол гарч байна.
Харин манай улсын хувьд нэг эрсдэл нь олборлолтын хэмжээ бага. Мөн томоохон уурхай биш, жижиг аж ахуйн нэгж, “нинжа”-нууд эл салбарт түлхүү тоглодог. Бас лицензийн асуудал, татварын өөрчлөлт, орон нутгийн эсэргүүцэл зэргээс шалтгаалж алтны тушаалт муу байдаг. Хэрэв манайх жилд 50 тонн алт олборлож, боловсруулбал жилд одоогийн ханшаар 27-29 их наяд төгрөгийн орлого олно. Бараг улсын төсөвтэй дүйцэхүйц хэмжээний их борлуулалтыг бид алт, зэс, газрын ховор элементээ боловсруулан, нийлүүлж олж болно. Тиймээс Засгийн газраас цаг алдалгүй арга хэмжээ авч, алт, мөнгөний олборлолт, худалдан авалтыг өсгөх хэрэгтэй. Бас боловсруулах үйлдвэр барих шаардлагатай. Өндөр технологийн бүтээгдэхүүний эрэлт ихсэж байгаатай холбоотойгоор мөнгөний үнэ ч урьд хожид байгаагүйгээр өсөж буйг мартаж болохгүй” хэмээв. Металл боловсруулалтын ор чин үеийн үйлдвэрүүд нь алт, мөнгийг цэвэршүүлж, платинум, палладиум зэргийг ялган гаргадаг, өндөр технологийнх болж улам бүр шинэчлэгдэж байгаа аж. Хэдийгээр алт болон мөнгийг цэвэршүүлэх технологийн хэм өөр, ялгаатай боловч тохируулгын тусламжтайгаар хамтад нь цэвэршүүлэх болжээ. Тиймээс манай орны хувьд металл боловсруулах бага оврын үйлдвэртэй болох зайлшгүй шаардлага байгааг Ч.Батсайхан дахин дахин онцолсон.
АҮЭБЯ-наас байгуулсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн хоёрдугаар сард ХБНГУ-д үнэт металл цэвэршүүлэх туршлага судалсан. Эл томилолтод оролцсон тус яамын Аж үйлдвэрийн бодлогын газрын дарга М.Мэндбаяраас ямар дүгнэлт, мэдээлэлтэй ирснийг нь тодрууллаа. Тэрбээр “Монголд алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах талаар судлах үүрэг бүхий ажлын хэсэг ХБНГУ-д ажиллалаа. Тус улсын үнэт металл цэвэршүүлэгч “Koras” болон бусад технологийн компанийн төлөөлөлтэй уулзсан. Бидний зорилго бол дотооддоо үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр байгуулж, алтаа цэвэршүүлэхийн хамтаар зэс боловсруулах явцаас алт, мөнгө ялгаж авах юм. Цэвэр гулдмайнаас гадна алтаар үнэт эдлэл, бүтээгдэхүүн, зоос зэргийг хийж, борлуулбал илүү үнэ цэнтэй болдог юм байна. Мөн үнэт металлаа цэвэршүүлснээр алтны хууль бус экспортын хэмжээ буурах, Төвбанкны нөөц өсөх зэрэг олон ач холбогдолтой” гэлээ. Харин үйлдвэр барих өртөг, бүтээн байгуулалтын ажлын хугацааны талаар “Манайх жилд 20-30 тонныг боловсруулж, 10-аас багагүй тонн цэвэршүүлсэн алт бэлтгэх үйлдвэр барих, хамтран ажиллах сонгон шалгаруулалт зохион байгуулна. Хөрөнгө оруулагч хайж байна гэсэн үг. Хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн, олон улсын компаниуд бий. Энэ оны эхний хагас жилд багтаан сонгон шалгаруулалт зарлана. Үйлдвэрийн хүчин чадал, үйлдвэрлэх бүтээгдэхүүнд тавих олон улсын стандартыг хэзээ авах зэргээс шалтгаалж өртөг зардал өөр гарна. Тиймээс ашиглалтад оруулах хугацааг тодорхойлоход эрт байна” гэлээ. Товчхондоо, судалсаар л байгаа аж.
2025 онд Монголбанк 16 337 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх жилийнхээсээ 120 кг-аар буурсан үзүүлэлт болсон. Улмаар 2020 оноос хойш Төвбанканд тушаасан алт тогтмол багассаар, хамгийн бага үзүүлэлтэд хүрсэн нь энэ. Үүнд олон хүчин зүйл нөлөөтэй хэмээн тооцож буй. Тухайлбал, шороон ордын хэмжээ буурсан, байгаль орчны хязгаарлалтын улмаас уурхайнуудын үйл ажиллагаа доголдсон болон лицензийн асуудал байгаа аж. Мөн Төвбанкны худалдан авдаг ханш нь олон улсын зах зээлийнхээс бага байдгаас нууцаар хил давуулах нь нэмэгддэг юм байна. Бас уг салбарт бичил уурхай, нинжа нар их байдгаас энд, тэнд үүссэн алтны илэрцийг яаравчлан, сорчлон авснаар нөөц бүрдэхэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс эхлээд алтны нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд үүний тулд “Алт-3” аяныг 2028 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр Монголбанканд тушаах алтны хэмжээ жил бүр 10 тонноор нэмэгдэх боломжтой гэнэ.
Алт олборлолтоор БНХАУ, ОХУ, Австрали, Канад, АНУ тэргүүлдэг юм байна. Тэдгээр нь жилд 160-380 тонныг олборлодог аж. Харин алтан эдлэл, бүтээгдэхүүний худалдан авалт, хэрэглээгээр Энэтхэг, БНХАУ, АНУ, БНТУ, Арабын Нэгдсэн Эмират эрэмбэлэгджээ. Тодруулбал, энэтхэгчүүд хурим, баяр ёслолоороо алтан эдлэлд умбадаг уламжлалтай. Харин бусад улсын иргэд нь хөрөнгө оруулалт, санхүү гийн хэрэгсэл, бүтээгдэхүүн болгон олон нийтэд худалдах зорилгоор алт нөөцөлдөг аж.
С.Дулам