“Хан-Уул дүүрэгт сургууль, цэцэрлэгтэй ойр хоёр өрөө байр зарна. Шалны халаалттай, цэлгэр том цонхтой. Тагт нь битүүмж сайтай, аваарын шат байхгүй тул цэвэрхэн, тухтай”. Үл хөдлөх хөрөнгийн зарын группүүдэд өдөр бүр шахам “тааралдах” энэ хоёрхон өгүүлбэрээс монголчуудын гамшгийн эрсдэлийн талаарх ойлголт, хандлагыг харах боломжтой. Аюул тохиолдоход амь аврах зориулалттай аваарын шат байхгүйг давуу тал хэмээн сурталчилж, түүнийг нь тохь тух гэж эндүүрэн худалдаж авч буй нь бидний хэнэггүй, хайнга хандлагын хамгийн тод илрэл юм.
Орон сууц, албан байгууллагын хонгилд байх “Аврах гарц” гэх тэмдэглэгээ бидний нүдэнд дасал болсон ч үнэндээ ямар үүрэгтэй болохыг хүмүүсийн олонх нь төдийлөн мэддэггүй. Үүнийг хэрэгцээгүй эд зүйлсээ далд хийдэг агуулах, эсвэл тамхи татдаг булан мэтээр эндүүрдэг. Гэтэл гал түймэр, газар хөдлөлт зэрэг гэнэтийн аюул тулгарсан үед энэ хаалга амьд үлдэх боломж олгох үүд юм.
НЭГ АЙЛ ОСЛЫН ШАТАА ХААХАД БУСАД ОРШИН СУУГЧ ГАРАХ ГАРЦГҮЙ БОЛДОГ
Бидэнд хэзээ, юу тохиолдохыг хэн ч таашгүй. Гал, усны аюул, газар хөдлөлт, осол аваар хэнд ч, хэзээ ч тохиолдож болно. Хэдийгээр гэнэтийн гамшгийг бид зогсоож чадахгүй ч бэлэн байж, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Тэгвэл бид гэнэтийн аюул нүүрлэхэд эрсдэлийг хохирол багатай туулахад үнэхээр бэлэн үү. Түймэр гарлаа гэхэд галын машин чөлөөтэй орж, гарах зай талбай танай байрны гадна бий юү. Гамшгийн үед ашиглах галын хор орцонд тань бэлэн байгаа юу. Бүрэн бүтэн байдлыг нь хэзээ хамгийн сүүлд шалгасан бэ.
Олон улсын стандартаар гал түймрийн үед хүн сандарч, зүг чигээ алдах эрсдэлтэй тул аврах гарцын хаалга ямар ч үед дотор талаасаа түлхүүр ашиглахгүйгээр, ганцхан хөдөлгөөнөөр онгойх ёстой. Мөн аврах гарц хүрэх замд заавал цахилгаан эрчим хүчнээс хамааралгүй, харанхуйд гэрэлтдэг (photoluminescent) тэмдэглэгээг шалнаас 10-30 см-ийн өндөрт байршуулдаг. Гал түймрийн үед утаа дээшээ хөөрдөг тул хүн тонгойж, эсвэл мөлхөж гарах шаардлагатай болдог. Энэ үед ханан дээр байрлах “Exit” тэмдэг харагдахгүй учраас шалан дээрх гэрэлтдэг зураасны тусламжтай аврах гарцыг олж, амьд гарах боломжтой.
Харин Монголд “Гаднын хүн орж, тамхи татаад байна”, “Хүүхдүүд цугларч орилолдлоо”, “Орон гэргүйчүүд орж ирж унтдаг” гэх мэт янз бүрийн шалтгаанаар ослын үед ашиглах зориулалттай хонгилын хаалгыг түгждэг байр, хотхон маш олон. Үүгээр зогсохгүй дийлэнх орон сууцын ослын шат тагтаар дамждаг ч айл өрхүүд энэхүү гарцыг эд хогшил овоолох цэг, агуулах болгон ашиглах нь түгээмэл. Бүр ослын шат байрладаг тагтаа битүүлж, зочны өрөөнийхөө өргөтгөл болгосон тохиолдол ч цөөнгүй гэнэ. Аврах гарцаа яагаад хаасан талаар иргэдээс тодруулахад “Амьдрах орон зайгаа тэлэх зорилгоор л битүүлсэн” хэмээн хариулдаг. Гэвч энэ бол хэдхэн ам метр талбай ашиглахын тулд өөрийн гэр бүл төдийгүй хөршүүдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд сайн дураараа заналхийлж буй хариуцлагагүй үйлдэл юм. Нэг л айл ослын гарц, шатаа хаахад гамшгийн үед тухайн орцны бусад оршин суугч гарах гарцгүй болдог аж. Өөрөөр хэлбэл, таны хэнэггүй зан бусдын амийг авч одох эрсдэлтэй гэсэн үг.
Мөн нэгэн иргэн “Манай хотхоны галын дохиолол эхэндээ хэвийн ажилладаг байсан. Гэтэл оршин суугчид гэртээ болон орцонд тамхи татах бүрд дохиолол өдөрт хэд хэдэн удаа хангинадаг болсон. Сүүлдээ үүнийг чихэнд чийртэй, ядаргаатай санагдах болсон гэх шалтгаанаар бүрмөсөн унтраачихсан. Одоо жинхэнээсээ гал гарвал бид мэдэхгүй байж байгаад угаартах, шатах эрсдэлтэй” гэсэн юм. Энэ мэтээр бид хэнэггүй хандлагаасаа болж, гамшгийн бэлэн байдлыг хангах тухай ойлголт, мэдлэгийг ойшоохгүй, гэнэтийн ослын үед амьд гарах боломжоо өөрсдөө хаасаар байна.

АМЬД ҮЛДЭХ БОЛОМЖИЙГ 50 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ
Гал түймрийн аюулгүй байдлын олон улсын судалгаагаар гал гарч эхэлснээс хойш утаа болон хорт хий тухайн барилгыг бүхэлд нь бүрхэхэд ердөө 2-3 минут зарцуулдаг. Түймэрт өртөгсдийн 80 орчим хувь нь галд түлэгдэхээсээ өмнө угаартаж амиа алддаг аж. Утаа нь секундэд 1-1.5 метрийн хурдтай буюу хүний алхах хурдтай ижил тархдаг тул бидэнд эргэлзэх, эд хогшлоо цуглуулах хугацаа байхгүй гэсэн үг. Хэрэв аврах гарц чөлөөтэй байвал тухайн барилгаас гарах хугацааг 20-40 секундээр хэмнэх боломжтой. Хэдийгээр энэ нь маш богино хугацаа мэт боловч хэн нэгний амийг аврахад хангалттай. Мөн аврах гарцыг ямар нэгэн зүйлээр хаагаагүй, чөлөөтэй байх нь амьд гарах боломжийг 50 хувиар нэмэгдүүлдэг байна.
Иргэдийн олонх нь орон сууц худалдан авахдаа харууц сайтай цэлгэр цонх, байршлыг чухалчилдаг. Гэвч бодит байдалд орон сууцын үнэ өртөг, тохь тух, байршлаас илүү хамгийн чухал зүйл нь аврах гарц, ослын шат юм. Гэнэтийн аюул тохиолдоход тэрхүү цэлгэр цонх танд тус болохоосоо илүү гай болох нь бий.
Үүнийг тод сануулах эмгэнэлтэй жишээ бол БНХАУ-ын Шинью хотноо 2024 оны нэгдүгээр сард гарсан түймэр юм. Эл галын улмаас 39 хүн амиа алдсан бөгөөд олонх нь оюутнууд байв. Тэдэнд аврагдах боломж байсан уу гэвэл, тийм.
Гэвч барилгын цорын ганц ослын шатыг засварын материалаар тагласан тул залуус гарч чадалгүй амь тэмцсээр нас баржээ.
ЗАМ ДЭЭРХ СААД ТОТГОРТОЙ “ТУЛАЛДСААР” ХАМАГ ЦАГАА АЛДДАГ
Улаанбаатар хотын хэмжээнд гамшгийн эрсдэлийн бэлэн байдлын стандартыг хамгийн их зөрчдөг асуудал нь тусгай зориулалтын автомашины орц, гарц гэнэ. Орон сууцын хороолол дунд галын машин нэвтрэх боломжгүйгээс хамгийн их цаг алддаг болохыг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын алба хаагчид удаа дараа анхааруулсаар ирсэн. Гал сөнөөгчид дуудлагын дагуу очих бүрдээ галтай бус, харин зам дээрх саад тотгортой “тулалдсаар” алтан цагаа алддаг байна. Аврагчид зам чөлөөлөх гэж цаг алдах зуур гамшгийн голомтод хэн нэгний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байдгийг иргэд тэр бүр ухамсарладаггүй нь харамсалтай.
Өндөр барилга, байгууламжид гарсан галыг унтраах 42 метр урт буюу ойролцоогоор 12-14 давхар хүртэл сунах хүчин чадалтай шаттай автомашиныг онцгой байдлын байгууллагад одоогоор ашиглаж байна. Гэтэл манайд сүүлийн жилүүдэд 20-25 давхар өндөртэй барилга олноор сүндэрлүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, 15-аас дээш давхарт амьдарч, ажиллаж буй иргэдийн хувьд гал түймэр гарсан тохиолдолд гаднаас тусламж авах, шатаар дамжин буух боломжгүй гэсэн үг.
Аюулгүй байдлын дүрэм бол зүгээр нэг цаасан дээрх заалт биш, алдаа бүрийнх нь ард эрдэнэт хүний амь үрэгдэж байж бүрэлдсэн “цусан бичиг” гэдэг. Үүнийг ОХУ-ын Кемерово хотод 2018 онд гарсан “Зимняя вишня” худалдааны төвийн түймэр дэлхий дахинд сануулсан. Хаврын амралт эхэлсэн тул тус төвийг эцэг, эхчүүд хүүхэд багачуудын хамт олноор зорьсон байжээ. Гэтэл дөрөвдүгээр давхрын тоглоомын талбайд гал авалцаж, хэдхэн секундын дотор хар утаа барилгыг бүхэлд нь бүрхэв. Энэ түймрийн улмаас 60 хүн амиа алдсанаас 37 нь хүүхэд байлаа. Тэгвэл аврагдах боломжтой байсан тэдгээр хүүхэд яагаад амь үрэгдэв. Шалтгаан нь ердөө л кинотеатрт тасалбаргүй хүн оруулахгүй гэх шалтгаанаар аврах гарцыг гаднаас нь цоожилсон, галын дохиоллын системийг гараар салгаж унтраасанд байв. Хэрэв аврах гарцыг түгжээгүй бол тэдгээр хүүхэд эцэг, эхийнхээ дэргэд инээд хөөр дүүрэн амьдрах байлаа.
ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ “БАЙ”-ГАА ОНОДОГГҮЙ
Манай улсад ч томоохон зах, худалдааны төвүүдийн лангуунуудын аврах гарц руу хүрэх замыг таглаж, чигжүү байрлуулсан байдаг. Энэ нь ердөө л иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголт ямар түвшинд байгаагийн ганцхан жишээ. Гэтэл ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл, Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийнхэн нь цаг агаарын мэдээ түгээж, хаана хэдэн магнитутын хүчтэй газар хөдөлснийг мэдээлэхээс хэтэрдэггүй. Сүр дуулиантай асар босгож, дарга нар хуралддаг үндэсний зөвлөгөөн, сургалт нэртэй арга хэмжээнүүд нь иргэдийн хандлагыг өөрчилж, эрсдэлийг бууруулж чадахгүй нь тодорхой. Үндсэндээ тэдний авч хэрэгжүүлдэг бодлого “бай”-гаа онохгүй, зорилтот бүлэгтээ ч хүрэхгүй байна.
Уг нь энэ төрлийн сургалтыг цэцэрлэг, сургуулиас нь эхлүүлж, хүүхдүүдэд барилгын гарц хаана байдаг, гэнэтийн аюулын үед хаашаа, хэрхэн зугтах талаар амьдралд ойр, хөрсөнд буусан мэдлэг олгох ёстой. Албан байгууллагуудын үүдэнд байх хэний ч анзаардаггүй аврах гарцын схем зургийг хүн бүр уншиж, тайлбарлаж, нүдээ аниад ч олж чаддаг болтол нь дадуулах шаардлагатай. Зөвхөн сургаад орхих биш, аврах гарц тагласан аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах бодитой механизм үгүйлэгдэж байна.
ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДАД ГЭМТ ХЭРЭГТЭЙ АДИЛТГАН ТОРГУУЛЬ НОГДУУЛДАГ
Өндөр хөгжилтэй орнуудад аврах гарц болон ослын шатыг хааж, бараа, эд хогшил овоолох нь байж боломгүй үйлдэл бөгөөд үүнийг гэмт хэргийн хэмжээнд авч үздэг. Тухайлбал, Японд барилгын аюулгүй байдлын хууль (Building standards act) маш хатуу. Айлуудын тагт хоорондын тусгаарлагчийг Kewan-ita буюу хөнгөн хавтангаар хийдэг. Энэ нь аюулын үед цөм цохиж, хөршийнхөө ослын шатаар дамжин доош буух зориулалттай бөгөөд энэ хэсэгт тавилга битгий хэл, цэцгийн сав тавихыг ч хуулиар хориглодог. Япончууд үүнийг амьд үлдэх хамтын хариуцлага гэж үздэг тул хөршүүд нь ч бие биедээ хяналт тавьж чаддаг байна.
Харин АНУ болон Европын орнуудад галын аюулгүй байдлын хяналт, шалгалтыг урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт зохион байгуулдаг аж. Барилгын гаднах төмөр шат болон дотор талын аврах гарцыг хааж, ямар нэгэн зүйл байршуулсан тохиолдолд хэдэн мянган ам.долларын торгууль ногдуулахаас гадна тухайн барилгын үнэлгээ буурч, зах зээлийн үнэ цэн нь унадаг байна.
Өрнөдийн орнуудад олон хүн хамруулсан томоохон хурал, зөвлөгөөн зохион байгуулахдаа нээлтийн өмнө заавал Safety briefing буюу аюулгүй байдлын танилцуулга хийдэг гэнэ. Ингэхдээ тухайн танхимын хамгийн ойр байрлах аврах гарцын байршил, гал унтраах төхөөрөмж хаана байгааг газрын зураг дээр үзүүлж, хэрэв дохиолол дуугарвал хаашаа, ямар дарааллаар гарахыг заавал тайлбарладаг аж.
Э.Сүйлэн