Дэлхийн хамгийн нэр хүндтэй дугуйн олон өдрийн “Тур де Франс” уралдааны 2026 оны аваргаар Словенийн Тадей Погачар тодорлоо. Түүний ялалтыг урьдчилан таамаглаж болох байсан уу? Тийм ээ. Тэгэхээр сонирхолгүй байсан гэсэн үг үү? Огт тийм биш. Энэ жилийн “Тур” өмнөх жилүүдийнхтэй адил туйлын сонирхолтой болж, Т.Погачар домгуудын эгнээнд орж ирсэн юм.
ТАВАН УДААГИЙН АВАРГУУД
Т.Погачар “Тур де Франс”-т дараалан гурав, нийт тав дахь удаагаа түрүүлж байна. Словенийн “баатар” маань 2020, 2021, 2024, 2025, 2026 онуудад түрүү магнай болсноор домогт Жак Анкетиль, Эдди Меркс, Бернар Ино, Мигель Индурайн нартай нэгэн зэрэгт яригдах боллоо.
Энэ жил түүний ялалтад эргэлзсэн хүн бараг байгаагүй. Нийлбэр дүнгээр хоёрдугаарт орсон дэлхийн шилдгүүдийн нэг Ремко Эвенепул уралдааны дараа сэтгүүлчийн асуултад өгсөн хариулт л нөхцөл байдлыг тодорхой хэлээд өгнө: “Погачарыг мэдээж ялах боломжтой. Гэхдээ үүний тулд тэр гарааны шугамд гарахгүй байх ёстой.” Үнэхээр ч Словенийн “терминатор” маань уралдааны туршид таван гараанд тэргүүлж, шинэ дээд амжилтыг бичсэн юм. Сонирхуулахад, тэрбээр нийлбэр дүнгээр түрүүлнэ гэдэг нь уралдааны хоёр дахь долоо хоногт л тодорхой болчихсон. Түүний давамгайлал тийм их байсан хэрэг. Гэхдээ түүний гол өрсөлдөгч Данийн Й.Вингегор нэгэн гарааны үеэр дугуйнаасаа унаж гэмтсэнээр уралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсныг дурдъя.
Т.ПОГАЧАРЫН ОРЛОГО
Францын олон өдрийн уралдаан бол том “Турууд” дотроос хамгийн баян нь юм. Гэхдээ шагналын сан нь тийм ч гайхалтай биш. Нийт шагналын сан ердөө 2.3 сая евро бөгөөд энэ нь талбайн теннисний “Их дуулга“ тэмцээнүүдтэй харьцуулбал инээдтэй тоо билээ. Т.Погачарын хувьд нэгдүгээр байранд орсноор 500 мянган еврогийн шагнал хүртсэнээс гадна шар өмсгөлийн, зохион байгуулагчдын бонус хүртжээ. Мөн багийн зүгээс шагналын нэг сая евро олгосон аж. Гэхдээ дэлхийн шилдэг дугуйчдын гол орлого бол багтайгаа байгуулсан гэрээ юм. Т.Погачар гэхэд улиралд 12-14 сая еврогийн орлого олдгоос найман саяыг нь UAE Emir-ates-XRG багаас авдаг аж.
“Тур де Франс”-ын хоёрдугаар байрт Ремко Эвенепул орсон бол гуравдугаариТ.Погачарын багийн анд, Мексикийн залуу тамирчин Исаак дель Торо хурдалжээ. Тэрбээр мөн шилдэг залуу дугуйчны цагаан өмсгөлийн эзэн болсон бол шилдэг уулын дугуйчны одтой өмсгөлийг Эквадорын Ричард Карапас, шилдэг спринтерийн ногоон өмсгөлийг Мадс Педерсен хүртсэн байна.