“Ковид-19”-ийн дараах инфляцын “хөөрөл”-ийг дарах гэсэн мөнгөний хатуу бодлогын мөчлөг дуусгавар болж буй. Дэлхийн санхүүгийн зах зээлд бодлогын хүүг тойрсон хэд хэдэн динамик өөрчлөлт ажиглагдаж байгааг эдийн засагчид дурджээ. Тухайлбал, олон улсад бодлогын хүүг хурдан бууруулах хүлээлт замхарч, эсрэгээрээ түүнийг өндөр түвшинд удаан хадгалах эрмэлзэл зонхилох болсон гэнэ. Үүнийг дэлгэрүүлэхээс өмнө бодлогын хүү гэж юу болох, энэ нь эдийн засагт яагаад чухал талаар уншигч танд тайлбарлая. Бодлогын хүү гэдэг нь тухайн улсын Төвбанкнаас арилжааны банкнуудад олгох зээл болон тэднээс байршуулж буй хадгаламжид тогтоосон суурь хүүгийн түвшин юм. Энэ нь эдийн засгийн амин судас болсон мөнгөний урсгалыг зохицуулах гол хөшүүрэг учраас “төгрөгийн ханш” хэмээх нь ч бий.
Арилжааны банкнууд Төвбанкнаас ямар өртөгтэй мөнгө авч байгаагаас хамааран иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн хэмжээ болон хадгаламжийнхаа хүүг тогтоодог тул бодлогын хүү нь нийт эдийн засаг дахь хөрөнгө оруулалт, хэрэглээ, инфляц ба валютын ханшид шууд нөлөөлдөг гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Өөрөөр хэлбэл, Төвбанкнаас арилжаалж буй хамгийн богино хугацаатай үнэт цаасны хүүг ийн нэрлэдэг. Онолын дагуу бодлогын хүү нь банк хоорондын захын хэлцлийн жигнэсэн дундаж хүүгийн хөтөч болдог байна. Инфляц буюу бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, эдийн засаг хэт “халах” үед Төвбанк бодлогын хүүгээ өсгөдөг гэж ойлгож болно. Ингэснээр зээлийн өртөг нэмэгдэж, иргэд ба бизнесүүдийн зардлыг хумин, хадгаламжийг чамлахааргүй “урамшуулснаар” зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг багасгаж, үнийн өсөлтийг “хазаарладаг”.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа Төвбанкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний бодлогыг ажиглавал түүхэнд ховор тохиох огцом мөчлөгүүд үргэлжилж байна. Цар тахлын үед олон улсын эдийн засаг зогсонги байдалд орохоос сэргийлж, АНУ-ын Холбооны нөөцийн банк (FED), Европын Төвбанк (ECB) зэрэг томоохон банк бодлогын хүүгээ буулган, зах зээл рүүгээ асар их мөнгө нийлүүлсэн. Гэвч хөл хорио цуцлагдсаны дараах эрэлтийн огцом өсөлт, геополитикийн зөрчилдөөнөөс үүдэлтэй эрчим хүч, хүнсний нийлүүлэлтийн “шок” залгаснаар 2022 он гэхэд дэлхий даяар сүүлийн 40 жилд бүртгэгдээгүй өндөр инфляц нүүрлэсэн юм. Үүний эсрэг Төвбанкнууд огцом хурдтайгаар хүүгээ өсгөх бодлого руу шилжсэн. Тухайлбал, АНУын Холбооны нөөцийн банк эл хүүгээ 5.50 хувь хүртэл огцом өсгөсөн бол Европын Төвбанк дөрвөн хувь давтал чангаруулсан. Энэхүү хатуу бодлого нь инфляцын “давлагаа”-г бууруулж чадсан ч санхүүгийн салбарт дарамт үүсгэж, зээлийн өртгийг эрс нэмэгдүүлсэн билээ.
Харин 2024 оноос эхлэн инфляц зорилтот түвшин рүүгээ дөхөж эхэлснээр Төвбанкнууд хүүгээ эргэн бууруулах, мөнгөний бодлогоо сулруулах мөчлөгт шилжээд буй. Гэсэн ч өнөөдөр дэлхийн санхүүгийн зах зээл өмнөх шигээ “хямд” мөнгөний үе рүүгээ буцахгүй, бодлогын хүү өндөр түвшинд удаан хадгалагдах төлөвтэй гэж “Ройтерс”-ын шинжээчид мэдээлжээ. Түүнчлэн АНУ, Европ, Япон зэрэг томоохон эдийн засагтай улсын инфляц болон өсөлтийн хурд өөр өөр байгаагаас үүдэн хөгжиж буй орнуудын хувьд валютын ханшид сорилт дагуулж буй хэмээсэн байна. Учирсан бэрхшээл бүрд улс орнуудын Төвбанкнууд харилцан адилгүй тактик баримталсныг дурдах нь зүйтэй. Энэ талаар тайлбарлахын тулд АНУ, Европ, Японыг онцлохгүй байж болохгүй.
АНУ-ын Холбооны нөөцийн банк бол хамгийн сонгодог жишээ. Тус улсад инфляц өнөө ч эрчимтэй өсөж буй. Үүний хариуд FED 2022 оны гуравдугаар сараас бодлогын хүүгээ нэмэгдүүлж эхэлсэн. Тухайн үед холбооны сангийн хүүгийн зорилтот хүрээ 0.25 хувь байсан бол 2023 оны долоодугаар сард 5.25-5.50 хувьд хүрснийг өмнө нь дурдсан. Энэ хугацаанаас 2024 оны есдүгээр сар хүртэл уг түвшнийг хадгалсны дараа инфляцын дарамт суларч, хөдөлмөрийн зах зээл тэнцвэржиж эхэлсэнтэй холбоотойгоор хүүгээ бууруулах мөчлөгт шилжжээ.
Харин Европын Төвбанк 2022 оны долоодугаар сард бодлогын хүүгээ өсгөж эхлэх үед хадгаламжийн хүү нь 0.5 хувь байсан. 2022-2023 онд инфляц эрчимтэй нэмэгдсэнтэй холбоотойгоор ECB дараалсан өсөлтийг зарлаж, 2023 оны есдүгээр сард хадгаламжийн хүүгээ дөрвөн хувьд хүргэсэн юм. Өөрөөр хэлбэл, 14 сарын хугацаанд хүүгээ нийт 4.50 нэгж хувиар нэмэгдүүлсэн гэсэн үг. Инфляцын дарамт буурч эхэлсний дараа хүүгээ бууруулах мөчлөгт шилжсэн аж. Гэхдээ 2026 онд эрчим хүчний үнэ өсөж, инфляцид дахин “дарлуулах” эрсдэл бий болсон тул ECB цаашид хүүгээ өсгөх, эсэх асуудал дахин яригдаж байна. Өнөөгийн байдлаар ихэнх эдийн засагч тус банк ирэх есдүгээр сард хадгаламжийн хүүгээ 2.50 хувьд хүргэж магадгүй нь гэж үзжээ.
Британийн Төвбанк 2021 оны сүүлээс инфляцын өсөлтийн хариуд бодлогын хүүгээ нэмэгдүүлж эхэлсэн. Тухайн үед банкны суурь хүү 0.10 хувь байсан бол 2023 оны наймдугаар сард 5.25-д хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, хоёр хүрэхгүй жилийн хугацаанд 5.15 нэгж хувиар өссөн байна. Эл өөрчлөлт нь өндөр инфляц өрхийн зээл, ипотекийн зээлийн төлбөр, хэрэглээ болон эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлдгийг харуулсан гэж судлаачид үзэх юм билээ. Үүний дараа Британийн Төвбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлсэн юм.
Бодлогын хүүгийн талаарх ярианд Япон их том байр суурь эзлэх болжээ. Зөвхөн бодлогын хүү ч биш, олон ээдрээтэй асуудал үүний цаана буй. Тухайлбал, АНУ, Европ, Британи 2022-2023 онд бодлогын хүүгээ огцом өсгөж байх үед Японы Төвбанк олон жилийн турш хэрэгжүүлсэн мөнгөний хэт зөөлөн бодлогоо үргэлжлүүлж л байв. Япон олон жилийн турш дефляц буюу үнийн ерөнхий түвшин буурах эрсдэлтэй тэмцэж ирсэн учраас бусад өндөр хөгжилтэй орны Төвбанкнуудаас ялгаатай бодлого хэрэгжүүлсэн нь энэ. Харин 2024 онд тус улсын Төвбанк сөрөг хүүгийн бодлогоос гарч, улмаар хүүгээ аажим нэмэгдүүлж эхэлсэн юм. Энэ талаар “Блүүмберг”-т “Японы хэт бага хүү болон АНУ тэргүүтэй бусад томоохон орны хүүгийн зөрүү өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдыг иенээр бага хүүтэй санхүүжилт татаж, гадаадын өндөр өгөөжтэй хэрэгслүүдэд хөрөнгө оруулахад таатай болгодог. Үүнээс үүдэлтэй хөрөнгийн гадагшлах урсгал уг валютын ханшид тогтмол дарамт учруулж буй. Японы Төвбанк өнгөрсөн зургаадугаар сард бодлогын хүүгээ 30 жилийн дээд түвшинд хүргэсэн ч олон улсын жишигтэй харьцуулахад харьцангуй бага хэвээр байна” хэмээн бичжээ.
Харин манай улсын хувьд эл үзүүлэлт, бодлого хэрхэж байна вэ. Эргэн санавал Монголбанк бодлогын хүүг анх нэвтрүүлэхдээ жилийн 6.4 хувиар тогтоож байсан бөгөөд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан өөрчилсөөр 2020 оны гуравдугаар сард 10 хувьд хүргэж байв. 2021-2025 оны хооронд Монголбанк бодлогын хүүгээ 6-13 хувь хүртэл үе шаттайгаар өсгөснөөр улсын дундаж инфляц 2024 онд 8.4 хувь болтол буурсан. Энэ утгаараа 2025 онд хүнсний инфляц 7.5 хувь буюу харьцангуй тогтвортой, иргэдийн амьжиргаанд ирэх дарамт бага байсан талаар “Lemon press”-т мэдээлсэн байна.
Монголбанк энэ онд инфляцыг зургаан хувьд байлгах зорилт тавьсан. Тус банк инфляцыг “хазаарлах” зорилтоо хэрэгжүүлэхийн тулд мөнгөний хатуу бодлого баримтлахаас аргагүй. Харин инфляцын эсрэг арга хэмжээ авах санхүүгийн гол хэрэгсэл нь бодлогын хүү байдгийг өмнө нь дурдсан. Түүнчлэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгаж, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалахын тулд бодлогын хүүг өндөр байлгах нь зүйтэй гэж судлаачид үздэг. Өнгөрсөн пүрэв гарагт манай Төвбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, дотоод, гадаад орчны төлөв болон эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 0.5 хувиар нэмж, 12.5-д хүргэснээ мэдээлсэн. Эл шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах, төгрөгийн өгөөжийг бодлогын зорилттой нийцүүлэх зорилготой гэсэн юм. Түүнчлэн геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалсан шатахууны үнэ болон нийлүүлэлтийн тодорхойгүй байдал нэмэгдэхийн зэрэгцээ гадаад инфляцын төлөв төсөөлж байснаас өөрчлөгдөн, томоохон банкнууд бодлогын хүүгээ өсгөх эрсдэлтэй хэмээсэн. Өөрөөр хэлбэл, жилийн инфляц өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд 13 хувьд хүрэхэд шатахуун, хүнс болон төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлснийг Монголбанкнаас тайлбарлаж байна. Харин цахим орчинд иргэд “Инфляц үргэлж Төвбанкнуудын “бүтээл” байдаг” гэхчлэн өнөөгийн нөхцөл байдлын буруутнаар тэднийг нэрлэж буй. Дээрх бүгдээс үзвэл бодлогын хүүг өндөр тогтоох нь инфляцын бүх шалтгааныг арилгах шууд шийдэл биш ч улсууд бодлогын хүүгийн “марафон”-оо цааш үргэлжлүүлэх төлөвтэй дөг.
Д.Хэрлэн