Алслагдсан аймаг, сумуудад багаараа очиж, эрүү, нүүрний гажигтай хүүхдүүдийг үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулан, мэс засал хийдэг “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийнхөн өнгөрсөн сарын 24-31-нд Хөвсгөлийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаад ирсэн билээ. Тэд эл хугацаанд шүд, эрүү нүүрний мэс засал, эмчилгээ, гажиг засал, хүүхдийн бөөрний хагалгаа хүртэл хийсэн байна. 28 жилийн турш хэрэгжүүлж буй энэхүү төслийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, тэр дундаа эрүү, нүүрний гажиг заслын тэргүүлэх, Гавьяат эмч Г.Аянга удирдан чиглүүлж, мэс заслын эмчилгээг гардан гүйцэтгэж иржээ.
Төслийн хүрээнд ЭХЭМҮТ, нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв болон “Импайр дентал” эмнэлгийн мэргэшсэн эмч нар хуваарийн дагуу Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд энэ сарын 7-14-нд ажиллаж шүд, эрүү нүүрний гажгийн хагалгаа, хэл яриа заслын тусламж, үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлэхээр очсон байна. Гэтэл эмчилгээний сүүлийн өдрүүдэд аймаг даяар цахилгаан тасарч, тусламж, үйлчилгээнд хүндрэл учруулжээ. Улмаар хот руу буцах шатахуун ч олдохгүй гацчихаад буйгаа эмч нар нийгмийн сүлжээнд бичсэн байв. Энэ талаар Г.Аянга эмч “Хязгаар нутгийн инээмсэглэл төслийг сүүлийн 16 жил Тайванийн хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй. Ховдод эл хүмүүнлэгийн ажлаараа иртэл аймаг даяар хоёр өдөр цахилгаангүй байлаа. 1990-ээд онд баруун аймгуудад цахилгаан үе үе тасарч, гар чийдэнгийн гэрэлд хагалгаа хийж явсан. 30 гаруй жилийн дараа хүртэл ийм зүйлтэй дахин таарна гэж санасангүй. Шатахуун бүр ч алга. Дарааллаас болж маргаан, зодоон ч үүсэж байна” гэжээ.
Иргэд ч мөн “Ховдод цахилгаан хязгаарласан хэвээр. Гэхдээ хотоос ирсэн дарга нарын байрлаж буй зочид буудлын цахилгааныг 24 цагаар өгч байна. Ингэхээр чинь сайд, дарга нар жирийн иргэдийн зовлонг хэрхэн мэдэх билээ. Монгол Улс дарга нарын диваажин, даруухан иргэдийн там болж хувирчээ” хэмээн шүүмжилсэн юм.
О.Ундрах