Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа үндэсний хороо, комисс, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, Хиймэл оюуны үндэсний зөвлөлийг байгууллаа.
Манай улс “Алсын хараа-2050” үндэсний хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2024- 2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт их өгөгдөл, хиймэл оюуны чиглэлээр 30 гаруй арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Гэвч “Оксфорд инсайтс” байгууллагаас жил бүр гаргадаг “Хиймэл оюуны бэлэн байдлын индекс”-ээр Монгол Улс 2024 онд 188 орноос 98-д эрэмбэлэгдсэн ч “стратеги төлөвлөлт, бодлогын баримт бичигтэй, эсэх” гэсэн үзүүлэлтэд тэг оноо авсан нь үндэсний хэмжээний стратеги боловсруулах шаардлагатайг илтгэж буйг ЦХИХХЯ-ныхан онцлов.
Зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлэх бол дэд даргаар нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны болон Боловсролын сайд ажиллах нь. Харин гишүүдээр Сангийн болон Эдийн засаг, хөгжлийн дэд сайд, бусад яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг ажиллуулахаас гадна хиймэл оюуны мэргэжлийн холбоодын төлөөллийг багтаахаар төлөвлөжээ.