Хархорумын олон улсын эрдмийн чуулган Өвөрхангай аймгийн Хархорин сумд өнөөдөр эхэлнэ. Үүнтэй холбогдуулан ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл болон арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд өчигдөр мэдээлэл өглөө. Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд Их Монгол Улсын түүх, тэр дундаа эртний нийслэл Хархорум хотын судалгаагаар мэргэшсэн гадаад, дотоодын нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид оролцож байгаагаараа онцлогтой. С.Дэмбэрэл “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хархорум хотыг сэргээн босгох шийдвэр гарч, УИХ болон Засгийн газраас холбогдох ажлуудыг хэрэгжүүлж буй энэ цаг үед уг арга хэмжээг зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтой” хэмээв. Чуулганы үеэр судлаачид түүхэн сурвалжид тулгуурлан Хархорум хотыг байгуулсан түүх, бүтээн байгуулалт болон “Их амгалан” ордны талаар нарийвчлан хэлэлцэх бөгөөд хурлын төгсгөлд “Хархорумын тунхаглал”- ыг батлахаар төлөвлөжээ.
У.Сүрэн