Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 87.8 км төмөр замын барилга угсралт, гүүрэн байгууламж, ус өнгөрүүлэх хоолойн ажлын гүйцэтгэл 100, дэд бүтцийн угсралт 86.6 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Харин энэ онд эхлүүлсэн Хөшигийн хөндийг Эмээлт өртөөтэй холбох төмөр замын газар шорооны ажил 48.2 хувьтай үргэлжилж буй гэнэ. Төслийн бүтээн байгуулалтад дотоодын 95 аж ахуйн нэгжийн 4000 гаруй инженер, техникийн мэргэжилтэн оролцож, III зэрэглэлийн ачаа, зорчигч тээврийн зориулалттай 127.1 км гол зам, 177.4 км дэлгэмэл урт бүхий гурван зөрлөг, дөрвөн өртөө байгуулахаар ажиллаж байна. Төмөр замын зурвастай давхцаж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил газрыг ойрын хугацаанд чөлөөлөх, объектыг нүүлгэн шилжүүлэх, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг хамгаалах ажлыг тухайн бүс нутагт зохион байгуулахаар төлөвлөжээ.