Монгол Улс, БНХАУ-ын агаарын тээврийн хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д үйлдвэрлэсэн “COMAC C919” зорчигч тээврийн агаарын хөлөг өнгөрсөн лхагва гарагт Бээжин-Улаанбаатар чиглэлд анхны олон улсын тогтмол нислэгээ үйлдэж, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. “Beijing сapital” олон улсын нисэх буудлаас хөөрсөн “CA723” дугаартай нислэгийг БНХАУ-ын “Air China” компани гүйцэтгэв.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Энэ бол зөвхөн шинэ төрлийн агаарын хөлгийг үйлчилгээнд нэвтрүүлж буй хэрэг биш. Харин хоёр орны хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, хөгжлийг шинэ шатанд гаргаж буйг илэрхийлсэн чухал үйл явдал” хэмээв.
Монгол Улс, БНХАУ агаарын тээврийн салбарт хамтран ажиллах үндэс суурийг 1989 онд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрээр тавьжээ. Улмаар “Air China” компани 1991 онд Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэн түүхтэй. Ийнхүү “COMAC C919” агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхэлснээр хоёр улсын хоорондын олон улсын нислэгийн давтамж долоо хоногт 28 болж нэмэгдэж байна.
У.Сүрэн