Цагдаагийн байгууллагад нэг хоногт буюу энэ сарын 12-нд орон байрны хулгайн зургаан дуудлага бүртгэгдсэн байна. Тодруулбал, ХанУул дүүргийн нутагт айлын хаалга эвдэн орж, дунд болон бага гарын мөнгөн аяга тус бүр нэг, Баянзүрх дүүргийн нутагт дунд гарын мөнгөн аяга тав, бага гарынх нэг ширхгийг хулгайлсан хэрэг гарчээ. Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумд айлаас “Самсунг” загварын 55 инчийн зурагт, айргийн хул, домбо хулгайлсан аж.
Ташрамд, цагдаагийн байгууллагад энэ оны эхний долоон сарын байдлаар орон байрны хулгайн 1252 хэрэг бүртгэгджээ. Амралт, зугаалгын улиралд ялангуяа зуслангийн бүсэд орон байрны хулгайн дуудлага нэмэгддэг тул иргэдийг хаалга, цонхоо түгжсэн, эсэхээ сайн шалгаж, хяналтын камер байршуулахыг албаныхан санууллаа.
Ч.Болор