Залуу найрагч А.Цасчихэрийн анхны түүвэр болох “44”-ийн зарим шүлгийг “Уран зохиол” буландаа онцолж байна. Түүний үгс их эмзэг хийгээд нандин аж. Тэрбээр өдгөөУнгар улсын Будапешт хотодсэтгэлсудлаачмэргэжилэзэмшижбуй юм. Одоогоос гурван жилийн өмнө уншигчдад хүргэсэн түүний эл түүвэр цаашид бичих урам зоригийг нь бадраасан хэмээв. Ингээд түүний “Өнөөдөр”-ийн уншигчдад зориулан илгээсэн шүлгүүдэд анхаарлаа хандуулна уу.
Тэвэрч болох уу?
Тэнхээгээ алдтал, сэтгэлээ сэмэртэл
Ганцхан удаа л тэвэрье
Би хүчтэй байхыг хүсэхгүй байна
Хүүхэд шиг эрхэлж, харцанд чинь хайлаад
Хүчгүй дорой төрхөө дэргэд чинь амраамаар байна
Харанхуйгаас эмээж, хагацлаас дөлж
Хамгийн хэцүү бүхнийг чамтай л туулмаар байна
Тэвэрч болох уу?
Тэсгим хүйтнийг гэстэл
Тэнгэрт ахин нар мандтал
Ганцхан удаа тэвэрье
2022.10.19
Чи миний хамгийн нандин хүсэл
Чиглээд ирэх бүрд зугтахын төлөөх тэмцэл
Чи миний тэнгэрт харвах од
Чимээгүй бодлынхоо гүнд л хадгалж чадах гуниг
Үүрд хүлээх хүлээлт
Үнэнээ өчих гэрээслэл
Үхлээс ч харамлах учрал
Үлдээхийн төлөөх хагацалтай тэнцэх уулзалт
Чи миний тэвэрч тайтгардаг шаналал
Тэтгэж усалдаг ургамал
Тэнгэрээс илгээсэн хамгийн эгэл жаргал
Тэгээд мартаж зүрхлэмгүй, тэвчихийн аргагүй гачлан
Чи миний хамгийн хайртай гуниг…
2022.09.09
Шүлгийн мөрөнд минь чи амьдардаг
Бадаг бүрднь би чамайг нуудаг
Шөнийн зүүдэнд минь ч чи айлчилдаг
Хором бүрээс нь би чамайг олдог
Амьсгалах агаарт минь чи оршдог
Амьсгал татталаа би чамайг санадаг
Түнэр харанхуйд чи намайг хүлээдэг
Тэгээд л нүдээ анихдаа би чамайг тэвэрдэг
Сонорт минь дуу чинь хадаж
Сонжих нүдэнд дурсамжаараа үлддэг
Танхил охины мэдрэмж бүрийн цаана чи
Таньж чадаагүй оргил мэт цаг хугацаа болохоор
Тэнүүч зүрхнийхээ догдлолыг тэвчин байж
Тэнэг хийгээд гэнэн сэтгэлээр чамайг би хайрладаг
Тэгээд учрах хүртлээ үхэж чамайг хүлээдэг
2021 он
Ахиад намрыг үзэх сэн
Алсрах энэ л цаг хугацааг
Атгаж болдог улиралд
Ахиад навчсыг харах сан
2022.11.11
Чамд би
Цагаан даашинз, хуримын урилга
Цагтаа ороогүй
Цасны ширхэг бүрээр өртэй
Чамд би
Цаг хугацаа, залуу нас
Цааргалж туулсан өдрүүдийн
Жим бүрээрээ өртэй
2022.12.09
Яруу найраг гэдэг
Ярилцаж, хэлэлцэх бус
Ядруу зүрхэндээ цөхөрч үхэтхийх
Ядмагхан тансаглал
Шүүн тунгаахын оронд
Шүүсийг нь тамшаалж, судсаараа урсган
Сүнсэндээ охь шимийг нь уусган
Сүүдрээ хүртэл зольж сонсох хөггүй дуу
2022.12.08
Холоос чамайг ажих дуртай
Холдон одохыг чинь л харах дуртай
Хуурамч баг агаад жинхэнэ дүрд чинь,
Хүн чанар хийгээд хүний мөсгүйд чинь,
Хамгийн гол нь аль нь ч байж чаддагт чинь,
Хайртай
Хайр, шаналал зэрэг мэдрүүлсэнд
Хайлгаж бас хүлээлгэж ирсэнд чинь
Салах ёс хийлгүй
Сайхан дурсамжаар хүлэлгүй
Намуухан, даруухнаар явж буйд нь,
Санах өдрүүдийг услалгүй
Шаналах ирээдүйг бодолгүй
Одоо цагт минь оршдогт
Оршихдоо бороо шиг шивэрч
Салхи шиг илбэж,
санагалзуулдагт нь хайртай
Хүйтэн гар тан дулаацах мөчид
Хүний дэргэдээс илчийг чинь би мэдрээд
Хоргодож хоцорсон жихүүн гунигаа
Холдон одсоноо ч талархан дурсана
Өмчлөх бус,
Өөрийг тан сэтгэлдээ тээж нандигнасан
Өнгө будаггүй хоосон бидний л нэгэн хавар
2022.07.18
Чиний тухай мянган шүлэг
Тэгээд ганц аяз
Чихэнд хоногшсон үг бүр
Бас л чинийх...
Амьдралын минь хамаг сайн сайхан нь,
Алдаж болшгүй хором бүр нь,
Хэлж зүрхлээгүй, хүрч чадаагүй мөчүүд
Хэрхэхээ мэдэхгүй тэвдэн
Дэргэд чинь суусан өдрүүд,
Ахин ирэхгүй
Хайраар дүүрэн дурсамжаа бэдэрсэн
Халгамаар гуниг минь хүртэл чинийх
Алсран одож чадалгүй
Амьдралаа дэргэд чинь үрэх
Би л чинийх биш!
2022.09.16
Хамгийн хайртай гунигаасаа
Хагацан буйгаа мэдэхэд
Хахир өвлийн хүйтэнд
Нөмгөн үлдсэн шиг санагдана
Өчнөөн жил өвтгөсөн тэр л нэгэн шарх
Өнчин нулимстай ч дүйцэхгүй болохуйд
Өр эмтэрч, сэтгэл өмөрнө
Өөр хаанаас би тийм дулаахан гунигийг
Өөртөө тээж хоосноо нөхөх вэ?
2022.11.29
Чамайг хэзээ явахыг би яаж мэдсэн гээч
Цас бударч жавар тачигнахад
Цагийн зүү үдшийг зааж
Харц чинь хахираар хаалга хаахад
Удалгүй явахыг чинь би тэгж мэдчхээд
Удаанаар их олон захиа зүрхэндээ бичсэн
Унтрааж амжаагүй галын дөл харуусалд цогшиход
Учралын гэгээ сүүдрийг чинь үдэж буйг би харна
Чамайг хэзээ явахыг би яаж мэдсэн гээч
Цагаахан сэтгэлд чинь бэхээр мөрөө үлдээхдээ
Цаглашгүй их хүсэлд чинь зовхиороо хөшиг татахдаа
Санасаар ирдэг тэврэлт чинь сарын зайд холдоход
Саатаж үргэлж үлддэг сэтгэл
Удалгүй зам шулуудахыг ойлгосон
Чамайг хэзээ явахыг би тэгж л мэдсэн
2022.11.08
Гансарсан нэгний гуниг нь болоод сүүдэрт нь хоргодох,
Жаргалтай нэгний баясал нь болоод уруулд нь уусах,
Гэрэл болоод харанхуйн заагт гацсан сүнс, би!
Гунигийг нь арчаад үргээж чадах,
Жаргалыг нь урсгаад холдуулж орхих,
Ганцаардал болоод ганьхралын оч нь тэр!
2022
Хаврыг анзаарах сөхөөгүй зуны халууныг хүсээд л
Харах нь ээ бид дэндүү яаруу амьдрах юм
Хаашаа ч юм амьсгаа мэдэн гүйх мэт
Харанхуйн гоог таашаалгүй
Нүдээ анин тэмтчих юм
Өнөөдөр өнгөө өөрчилсөн өнгөт цэнхэр тэнгэр
Өнө мөнхөд ижил боловч ондоо хоршилтойг,
Өвчиндөө хэдэн өдөр шаналсан хөрш
Өглөөний нарыг хэчнээн хайрлаж сэрснийг,
Намар цаг улиран өнгөрсөн атлаа
Навчис шарласан хэвээр хаа нэг таардгийг,
Намайг танихгүй атлаа мишээхдээ оч бэлэглэх нэгэн
Насаар минь яг ингэж зам салалгүй бас нийлэлгүй явахыг,
Анзаарах шаардлагагүй ч гэлээ амьдралд бяцхан амь нэмээд
Ахин нүдэнд өртөх явдалгүй алгуурхан замхарна
Илбээд л өнгөрөхөд дэндүү сайхан зүйлс гэж бий
Энэ нас минь түүнийг тоочиж барамгүй
Ээжийн минь хүүхдэрхүү инээднээс эхлээд
Эргэж ирэхгүй явсан эцгийн минь дурсгал хүртэл
Эрдэмд шамдах сурагчийн цүнхнээс
Эцсээ хүртэл тэмцсэн нэгний эмнэлгийн ор хүртэл
Эхлэл төгсгөлийг нь таамаглаж баршгүй
Эгэл гайхамшиг дэндүү олон юм