АНУ-ын Холбооны Засгийн газрын төсвийн алдагдал санхүүгийн жилийн эхний 10 сард 1.8 их наяд ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 169 тэрбум ам.доллароор нэмэгдэв. Түүнчлэн эл хугацаанд орлого гурван хувиар дээшилсэн ч зарлага нь таван хувиар өссөн байна. Үүнээс үзвэл энэ оны эцэс гэхэд төсвийн алдагдал 2.1 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй хэмээн Конгрессын төсвийн албанаас мэдээлсэн юм. Энэ нь өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан төсөөллөөс даруй 200 тэрбум ам.доллароор өндөр дүн аж. Уг зөрүүний дийлэнх нь Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогын арга хэмжээг тус улсын Дээд шүүх хүчингүй болгосны дараах тарифын орлого буурсан, төлбөрийг буцаан олгосонтой холбоотой гэв.
Америкийн Холбооны төсөв, өр, алдагдал, татвар, нийгмийн даатгалын бодлогыг судалж, дүн шинжилгээ хийдэг ашгийн бус Холбооны төсвийн хороо (CRFB)-ны ерөнхийлөгч Майя МакГиннис “Манай улсын эдийн засаг уналтад ороогүй ч санхүүгийн жилд төсөвт хоёр их наяд давсан алдагдал үүсэхээр байна. Энэ нь хэвийн үзэгдэл биш. Уг таамаглал АНУ-ын төсвийн бодлого хэр дордсоныг харууллаа” гэжээ. Алдагдал өссөн гол шалтгааныг судлаачид нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн хөтөлбөр, батлан хамгаалахын зардал улсын төсөвт дарамт учруулж буй гэж үзсэн юм.
Д.Хэрлэн