Р.Жаргалант
Засгийн газрынх нь баримтаар Ирантай хийж буй дайнд АНУ 37.5 тэрбум ам.долларын зардал гаргаад байв. Үүнийхээ ихэнхийг зэвсэгт зориулжээ. Энэ бол нэлээд хэдэн өдрийн өмнөх мэдээлэл. Батлан хамгаалахын сайд Пит Хегсет нь ч сэтгүүлчдийн асуултад хариулахдаа нөөц дундарсан гэж хэлж байлаа. Түүгээр ч барахгүй зэвсгийн дутагдал, тэр дундаа цэргийн техникийн тоог нэмэгдүүлэхийн тулд Сенатын холбогдох хорооноос 87 тэрбум ам.доллар “нэхэж” байжээ. Дайн эхлээд 1000 гаруй “Tomahawk” пуужин харвачихсан, түү нийг урьдын түвшинд нь 2031 онд л хүргэх боломжтой гэж Судалгааны төв нь дүгнэж байв. Тайванийг Хятад булаан эзлэх магадлал өсөж, ер нь зургаан жилээс хэтрэхгүй болов уу гэж тухайн бүс нутаг дахь Америкийн цэргийг удирдаж асан адмирал Филип Дэвидсоныг анхааруулахад Ирантай хийсэн дайн эхэлсэн байдаг. Тайванийг АНУ хамгаалах уу, улмаар үүний төлөө Хятадтай дайтах уу гэдэг одоо ч анхаарал татсан асуудал хэвээр. Ираны эсрэг ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө 2025 оны аравдугаар сард Трамп нөөцөө шавхахгүй байх үүднээс Украинд “Tomahawk” пуужин нийлүү лэхээс татгалзав. Гэтэл пуужингууд үлэмж хэрэгтэй хэмээн Киев гуйгаад байдаг...
Ираны эсрэг таван сар байлдааны ажиллагаа явуулсны эцэст АНУ холын тусгалтай стратегийн зэвсгийн хомсдолд орж гэх мэдээлэл Өрнөдөөс сонсогдох болсоор цөөнгүй хоног өнгөрлөө. “Reuters” агентлагаас эш татсанаас үзвэл АНУ тактикийн пуужингийн нөөцөө бараг шавхаж, үндэсний аюулгүй байдалд нь эрсдэл учрахад тулсан бололтой.
Тус улс тактикийн АТАСМS болон холын тусгалтай RrSM пуужингийн хуримтлуулсан нөөцөө бараг дуусгасан аж. Энэ нь мэдээж Дональд Трампын засаг захиргааны бодлогогүй шийдвэрийн шууд үр дагавар юм. Хоёроос долоодугаар сард АНУ “Patriot” пуужингийнхаа нөөцийн 65, пуужин эсэргүүцэх ТHAAD-ынхаа дор хаяж 38 хувийг зарцуулчихсан байна. Түү нээс гадна “Tomahawk” хэмээх далавчит пуужингийн нөөцийнхөө тал шахууг нь үрчихжээ. Төв командлал (СЕNТСОМ) нь Ойрх Дорнодод байгаа газарт байрлалтай пуужингаа дуусгач хаад дэлхийн өөр бүс нутгуудаас татаж авахад хүрчээ. Гэлээ ч Вашингтон харамсахгүй, зэвсгийн хамгийн их нөөцтэй, батлан хамгаалах салбарын үйлдвэрүүд нь зэвсэг хийхээ үлэмж нэмэгдүүлж байна гэж Ерөнхийлөгч нь мэдэгдээд, Пентагоны хүмүүс нь болохоор манай арми ямар ч зорилгоо биелүүлэхэд бэлэн гэж хэлээд буй.
Гэтэл шинжээч, судлаачид арай өөр юм ярьж байна. Зэвсгийн хуримтлал хурдан дундарснаар аливаа хямралд АНУ-ын ялангуяа Хятад, Оросын зүгээс учруулж болзошгүй аюул заналд хариу үйлдэл үзүүлэх чадвар эргэлзээтэй болно. Үйлдвэрүүд нь зэвсэг, пуужин хийхээ нэмэгдүүлж байгаа ч өнөөгийн зэвсэгт зөрчил тэмцлийн хэрэглээ, хурдцыг гүйцэхгүй болно гэж тэд үзэж байна. Америкийн зэвсгийн нөөц түргэн багасаж байгаа нь зөвхөн Ойрх Дорнод дахь Вашингтоны төлөвлөгөөнд төдийгүй дэлхийн бусад бүс нутаг дахь холбоотнууддаа үзүү лэх дэмжлэгэд нь ч нөлөөлөх хэмжээнд очно. Стратегийн болон олон улсын судалгааны төвийн үнэлгээнд түшиглэн “Bloomberg” агентлагийн тоймч Андреас Клутийн бичсэнээр холын тусгалтай пуужин ховордож буй нь Ирантай хэлэлцээр хийж чадаагүй нөхцөлд дайнаа шатлан өргөжүүлэх гэсэн Дональд Трампын орон зайг хязгаарлаж дөнгөх аж. Шаардлага гарлаа гэхэд Вашингтон нисэх хүчиндээ найдлага тавих нь их байдаг, энэ нь Ираны агаараас эсэргүүцэн хамгаалах системтэй тулгарах эрсдэлийг ихэсгэдэг байна. Иран өргөн цар хүрээтэй дайралт хийх үед цэргийн чухам ямар объектыг, холбоотнуудынхаа алиных нь газар нутгийг юуны түрүүнд хамгаалахыг сонгох явдал Америкийн командлалд тулгардаг байж. Ойрх Дорнод дахь АНУын баазууд нь, Персийн булан, Иорданид байгаа холбоотнууд нь Ираны цохилтод өртөх магадлал хамгийн ихтэй юм. Европ болон ЭнэтхэгНомхон далайн бүс дэх цэрэг, дайны боломжоо АНУ бас орхилгүй хамгаалж, Орос, Хятад, Умард Солонгосыг тогтоон барьж байх ёстой. Украин гэж бас “нэг юм” бий. Европынхны хөрөнгөөр Америкаас аль болох ихээхэн зэвсэг авахыг Киев эрмэлзэж байдаг. Энэ нь юуны урьд агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин чадлаа зузаатгаж, Оросын дрон, пуужингуудын учруулах хохирлыг багасгах зориулалттай юм. Вашингтон өөрийн нөөцийг сэргээхийг урьтал болговол Украинд нэмж нийлүүлэх зэвсгийн хэмжээ хязгаарлагдмал болно. Ийм янзаар пуужин хомсдох нь АНУ-ын хувьд үйлдвэрлэл төдийгүй холбоотнуудынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, цэрэг, дайны шинэ заналхийлэлд хариу үзүүлэхэд бэрхшээл учирна.
Өнгөрсөн долоо хоногт болсон зөвлөгөөнөөр Трамп хийгээд Пентагоны удирдлага зэвсгийн нөөцөө сэлбэх стратегийн асуудлыг хэлэлцсэн байна. Нэг талаас зарцуулсан зэвсгээ нөхөн үйлдвэрлэх үйл явцыг түргэсгэх, нөгөө талаас Ираны эсрэг ажиллагаанд зориулж нэмэлт санхүүжилт гаргуулахаар Конгрест дарамт үзүү лэхийг Трампын засаг захиргаа уриалжээ. Нэрээ нууцалсан хоёр эх сурвалжийн үгээр батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарын төлөөллүүд хүчин чадлаа өргөжүүлэхийн тулд санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхийг Трампаас хүссэн байна.
Ер нь сунжирсан хүнд дайны явцад дэлхийн томоохон армиуд ч зэвсгийн хомсдолтой тулгардаг нь түүхэн сургамжаас тодорхой байдаг билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп батлан хамгаалах салбарын компаниуд нь түүхэндээ хамгийн олон тооны үйлдвэр, завод байгуулж ирснийг хэлээд зэвсэг хомсдож байгаа гэх мэдээлэл түгээгчдийг “урвагчид” хэмээн нэрлэжээ. Тэднийг тэрбээр ширүүн шүүмжлээд, шоронд удаан хугацаагаар хорих ял онооно хэмээн сүрдүүлсэн аж.
Эцэст нь нэг мэдээлэл сонирхуулахад, долоодугаар сарын сүүлчээр Туркийн Анкара хотод болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дараа Трампыг ихэд нууцаар Туркээс явуулсан нь Ираны зүгээс түүнд халдахаар заналхийлсэнтэй холбоотой байв. Тусгай албад Ерөнхийлөгчийн хуучин “Boeing 747” онгоцыг “молиго үмхүүлэх” зорилгоор ашиглаж, Трампыг цэргийн С-32А онгоцонд суулгажээ. Турк нь газар нутгийн хувьд Иранд ойр байсан нь заналхийлэгчдийн учруулж болох эрсдэлийг нэмэгдүүлжээ.
Эхлээд Трамп сэтгүүлч, зураглаачдын нүдэн дээр жирийн л байгаа дүр эсгэж “Air force one” гэж нэрлэдэг үндсэн “Boeing 747” онгоц руугаа өгсжээ. Гэлээ ч Трамп хэдэн туслахынхаа хамт уг онгоцноос цааш нэвт гарч, хоол, хүнс зөөдөг фургон машинд суучхаж. Тэр машин Ерөнхийлөгчийг бага овортой С-32А онгоцонд хүргэж өгснөөр огт өөр маршрутаар Британи руу хөөрсөн байна.
Хэвлэлд мэдээлснээс үзвэл Трамп руу юм уу, онгоц руу нь халдах талаар Иран заналхийлж байгаа гэх мэдээлэл Америкийн тагнуулын байгууллага урьдчилан авсан байж. Энэ заналхийлэл нь Вашингтон, Тегераны хооронд эхлээд байсан яриа хэлэлцээр тасарсны дараа Иранд АНУ дахин цохилт өгч эхэлсэнтэй холбоотой байв.
Үүнээс өмнө нь Америкийн Ерөнхийлөгчийг аюулгүй байдлын үүднээс далдаж, нууцлах, хуурах ийм арга хэрэглэж л байжээ. 2000 онд Билл Клинтон Пакистанд айлчлахдаа яг саяных шиг арга хэрэглэсэн аж.
Р.Жаргалант