Сүхбаатар дүүргийн Их Баян орчимд аялж явсан иргэнд ойролцоогоор 20 метрийн зайд бие гүйцсэн баавгай ойртож ирсэн тухай мэдээлэл нийслэлийн Байгаль орчны газарт иржээ. Тиймээс тухайн газрын ойр орчимд аялж, зугаалж буй иргэд уулнаас бууж, ойролцоох бүс нутаг газраас нэн даруй холдохыг анхааруулж сэрэмжлүүлэг гаргажээ. Сүүлийн үед хот суурин газарт зэрлэг амьтад орж ирэх явдал нэмэгдэж байгаа тул аюулгүй байдлаа хангахыг албаныхан сануулж, зөвлөгөө гаргажээ. Тодруулбал, араатан амьтан идэш тэжээлээ барьсан, эсвэл шархадсан, хүнтэй гэнэт тулгарсан үедээ дайрдаг тул ийм нөхцөлд чанга хашхирах, алгаа таших, төмөр эд харшуулах зэргээр дуу чимээ гаргах, мод, чулуу шидэх, бөөнөөрөө зогсож олуулаа байгаагаа мэдэгдэх арга хэмжээ авах хэрэгтэй гэнэ. Баавгай, чоно, шилүүс зэрэг махчин амьтантай таарвал зугтахгүйгээр арагш аажим ухрах, нүд рүү нь эгц харахгүй байх, гараа өргөх, гадуур хувцсаа дэлгэн сүр бараатай харагдахыг зөвлөв. Хотод зэрлэг амьтан орж ирсэн тохиолдолд нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, шуурхай мэдээллийн 11 310005 утсанд холбогдоорой.
Ч.Цэлмэг