Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн болон Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид хамтран Монгол орны цөлжилт, газрын доройтлын үндэсний VI атлас, тайланг боловсруулснаа өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулав. Таван жил тутамд хийдэг эл үнэлгээгээр 2020 онд манай орны нийт газар нутгийн 76.9 хувь нь буюу ойролцоогоор 120.3 сая га талбай ямар нэг хэмжээгээр цөлжиж, доройтсоныг тогтоосон. Тэгвэл үүнээс хойших таван жилд цөлжсөн газрын хэмжээ таван хувиар нэмэгджээ. Тодруулбал, хамгийн сүүлийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжсөн бөгөөд үүний 0.6 хувь нь нэн хүчтэй, 9.4 хувь нь хүчтэй, 43.2 хувь нь дунд, 28.7 хувь нь сул ангилалд багтжээ. Түүнчлэн Монгол орны жилийн дундаж агаарын температур 1941-2025 онд 2.5 хувиар нэмэгдсэн бол нийт нутгийн 72.6 хувьд нь 1.2-1.6 хэмээр дулаарсныг тогтоосон байна. Мөн нийт нутаг дэвсгэрийн 22.3 хувьд ургамлын бүрхэвч, 93.3 хувьд хөрсний чийг буурсан, 53.5 хувьд гангийн эрчим нэмэгдсэн, 54.8 хувь нь ус, 34.3 хувь нь салхины элэгдэлд өртөх өндөр эрсдэлтэй гэж гарчээ.
Энэхүү тайлан нь ирэх долоо хоногт Улаанбаатар хотод эхлэх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр танилцуулах албан ёсны, шинжлэх ухааны үндэслэлтэй баримт бичиг гэдгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд дурдав.
Ж.Сувд