АН-ын гишүүд пүрэв гаргийн ээлжит мэдээллийн цагаараа төсвийн тодотгол болон үнийн өсөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Юуны түрүүнд энэ сард багтаан УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж, төсвийн тодотгол хийхийг тэд эрх баригчдаас шаардлаа.
2026 оны төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрснийг Сангийн сайд З.Мэндсайхан өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Улмаар Засгийн газар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн түвшинд очих хүртэл эрүүл мэндээс бусад бүх салбарыг хэмнэлтийн горимд шилжүүлж, шаардлагагүй арга хэмжээ, худалдан авалтуудыг түр хугацаанд хязгаарлаж буйгаа зарласан юм. Тэгвэл үүний араас төсвийн тодотголоо даруй хийж, ирэх онд ийм хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэхгүй байхад анхаарахыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа сануулав. Тэрбээр “Монголчууд наадмын дараа намар гэдэг. Энэ нь зуны дэлгэр цагт алгуурлавал өвлийн хүнд сорилтууд хүлээж буй шүү гэсэн анхааруулга дохиог илтгэдэг. Монгол оронд намар хэдийн айлчлан ирээд буй ч улс төрчид, эрх баригчдын зун дуусаагүй байна. Тэд төсвөө тодотгох нь бүү хэл, төсвийн хязгаарыг давсан нүсэр санхүүжилттэй төслүүдийг ирэх онд хэрэгжүүлэхээр оруулж ирээд байгааг судлаачид хэллээ. Улс орны эдийн засаг ямархуу хэмжээнд хүндэрсэн, үнийн өсөлт иргэдийн амьдралд хэр дарамт учруулж буйг эрх баригчид мэдэж, мэдэрч, ойлгож байгаа, эсэхэд эргэлзэж байна” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Эдийн засгийн салбар дахь Засгийн газрын гол үүрэг нь макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг тогтвортой байлгах явдал юм. Үүнээс хамгийн чухал үзүүлэлт нь инфляц буюу хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт. Засгийн газар эдийн засгийн үзүүлэлтүүдийг тогтвортой түвшинд барих үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байна Ерөнхий инфляц 13, хүнсний бүтээгдэхүний үнийн өсөлт 25 хувьд хүрчихлээ. Ерөнхий сайд Н.Учрал саяхан махны үнэ маш өндөр болсныг мэдээд, зарим дарга нартаа гомдоод байсан. Түүнд хандаж хэлэхэд монголчууд бид өдөр бүр, дэлгүүрт орох тоолондоо, цалин буух болгонд эрх баригчдын алдаатай бодлогод гомдож байгаа шүү. Амьжиргааны өртөг ингэтлээ өсөж, инфляц хоёр оронтой тоонд хүрсэн нь зах зээлийн үзэгдэл биш, өнгөрсөн 10 жилийн алдаатай бодлогын шууд үр дүн.
Шатахууны хомсдол инфляцын өсөлтийн ээлжит давлагааг авчирч болзошгүй байна. Эндээс иргэдээ хамгаалах бодлогыг Засгийн газар яаралтай танилцуулах ёстой. УИХ ээлжит бусаар даруй хуралдаж, төсвөө тодотгох хэрэгтэй” гэлээ.
Үнийн өсөлттэй холбоотой бодлого, цаашдын төлөвлөгөөгөө танилцуулж, үе шаттай арга хэмжээ авахыг АН-ынхан Засгийн газраас удаа дараа шаардсан ч үүнд одоо болтол ямар нэгэн хариу өгөөгүйг тус намын нарийн нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж дурдаад “Эрх баригчид үнийн өсөлтийг бууруулах бодлого хэрэгжүүлэхийн оронд дарга томилох ажлуудаа эрчимтэй үргэлжлүүлсээр байна. Засгийн газар 2025 оноос хойш зөвхөн яам, тамгын газрын түвшинд 400 гаруй албан тушаалд дарга томилсон байна. Өдөр болгон 1-2 дарга томилсон гэсэн үг. Эдгээр томилгоо нь улс орны хөгжилд нэмэр бус, нэрмээс болж, төсөвт дарамт, татвар төлөгчдөд ачаа нэмлээ” гэв.
Ж.Сувд