ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хот болон орон нутгийн ШТСуудын нөөцийг хугацаа алдалгүй нөхөн хангах үүргийг Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас аж ахуйн нэгжүүдэд өгчээ. Үүний хүрээнд шатахуун тээврийн машиныг саадгүй нэвтрүүлэхэд анхаарал хандуулах, нефтийн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлах чиглэлийг холбогдох байгууллагынханд өгсөн байна.
Өнгөрсөн хугацаанд тус штабын шийдвэрээр шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор болон 50-100 мянган төгрөгийн хязгаартай олгох зохицуулалтуудыг хэрэгжүүлсэн. Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамныхан өнгөрсөн баасан гарагт “Шатахууныг хязгаартай олгох зохицуулалтыг энэ сарын 15- наар дуусгаж, ням гаргаас бүх ШТС дугаарын болон үнийн дүнгийн хязгаарлалтгүй хэвийн олгож эхэлнэ. Үндсэндээ ирэх даваа гараг (өнөөдрөөс) гэхэд нийслэл болон орон нутгийн хэмжээнд шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгохоор ажиллаж байна” гэж мэдээлсэн юм. Тэгвэл иргэд шатахууны “хямрал” үргэлжилсэн хэвээр, түгээх станцууд ямар нэгэн хориг хязгаарлалт тавихгүй байгаа ч урт дараалал үүссээр буйг шүүмжилж байна.
Ташрамд дурдахад, манай улс БНХАУ-аас сар тутамд 71 000 тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах хүсэлт тавиад буй. Үүний хүрээнд яриа хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд одоогоор өмнөд хөршийн зүгээс гурван боомтоор дамжуулан сар бүр 75 000 тонн газрын тосны бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэж урьдчилсан байдлаар хариу өгөөд буй аж.
Н.Дүүл