Арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв, хялгас болон гэрийн тэжээвэр амьтанд хамаарах олон улсын мал эмнэлгийн зарим гэрчилгээг нийслэлийн Мал эмнэлгийн газраас олгохоор боллоо. Тус газрын эрх бүхий байцаагчдад олон улсын гэрчилгээ олгох мэргэжил, арга зүйн сургалтыг Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-аас зохион байгуулсны үндсэнд ийм чадамжтай болгосон байна. Тодруулбал, МЭЕГ-т төвлөрч байсан экспортын гэрчилгээ олгох төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид ойртуулж, шуурхай, хүртээмжтэй хүргэх, үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгож баталгаажуулах зорилгоор эрхийг тус нэгжид ийн хариуцуулжээ.
Гэрчилгээ олгох ажлыг энэ сарын 10- наас эхлүүлсэн бөгөөд ингэхдээ холбогдох хууль тогтоомж, импортлогч улсын мал эмнэлэг, хорио цээрийн шаардлага, хоёр улсын хооронд байгуулсан протокол, тохиролцоо болон батлагдсан загварт үндэслэж буйгаа албаныхан хэлсэн. Хүсэлт гаргагч иргэн, аж ахуйн нэгж нь экспортлох амьтан, түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаа, лабораторийн шинжилгээний дүн, боловсруулалт, халдваргүйтгэл, савлалт, тээвэрлэлтийн мэдээлэл болон импортлогч улсаас шаардсан бусад баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн байх шаардлагатай. Харин мэргэжилтнүүд гэрчилгээний загвар, цахим системийн тохиргоо, бүртгэл, тайлан, маягт, баталгааны тэмдэг, тамга, цахим гарын үсгийн ашиглалт, хадгалалт зэргийг хянах юм.
О.Оргилох