Дэлхийгээс 21.3 тэрбум километрийн алсад огторгуйн уудамд даялж буй “Вояжер 2” хөлгийн программ хангамжийг шинэчлэх код болон зааврыг энэ сарын эхээр дамжуулж, гайхамшигт түүх бүтээсэн талаараа НАСА-гийн мэргэжилтнүүд мэдээлэв. “Их тэсрэлт” гэж нэрлэсэн эл ажиллагаа нь 49 жилийн тэртээд сансарт илгээсэн робот-хөлгийн эрчим хүчний системийг илүү оновчтой болгож, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийнх нь унтрах хугацааг хойшлуулах зорилготой. Энэ үйл явдалтай уялдуулан олон улсын сансар судлалын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, олон нээлт хийсэн “Вояжер” хөтөлбөрийн талаар товчлон хүргэе.
ОДДЫН ДУНД
Дэлхий гаргийн гэр болсон нарны аймаг, түүний хязгаар болон үүнээс чинад дахь оддын нөлөөлөл үгүй хоосон орон зай буюу огторгуйг судлах зорилгоор хэрэгжүүлсэн “Вояжер” хөтөлбөрийн хүрээнд 1977 оны наймдугаар сарын 20-нд “Вояжер 2”, дараа нь есдүгээр сарын 5-нд “Вояжер 1” хөлгийг “Титан III” пуужингаар хөөргөжээ. Өдгөө 92 настай, сансар судлалын инженер, эрдэмтэн Гари Фландро 1964 онд Америкийн сансрын агентлагт дадлага хийх явцдаа нарны аймгийн алслагдсан Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван гараг нэг шугамын дагуу давхцан байрлах ховор тохиолыг илрүүлсэн нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс болжээ. Гаргууд “жагсдаг” эл үзэгдэл 175-176 жил тутам тохиодгийг тогтоосноор “Вояжер” хөлгийг 1977 онд хөөргөх нь чухал гэж Х.Фландро тооцолсон нь таталцлын маневр (байрлал солих, чиглэл өөрчлөх, зорилгодоо тохируулан арга хэмжээ авах)тай холбоотой. Тодруулбал 100 гаруй жилд ганц тохиодог цонх үеийг нэг сумаар олон туулай буудах боломж болгон хөлгийг бага зардлаар нарны аймгийн алслагдсан гаргууд руу хүргэх санаа юм. Түүнд эргэлзсэн эрдэмтэн, мэргэжилтэн цөөнгүй байсан. Мэдээлэл боловсруулах мэргэжилтнүүд “Төхөөрөмж гараг хоорондын зайд ямар ч өгөгдөл дамжуулах боломжгүй, астероидын бүсээр дамжин өнгөрч чадахгүй” гэж, бүтээгч инженерүүд нь “Од хооронд урт хугацаанд ажиллах хүчин чадалтай хөлөг бүтээх боломж одоогоор байхгүй” хэмээн дэмжсэнгүй. Өөр нэг асуудал нь хөлгийн цахилгаан тоног төхөөрөмж (гүн вакуум, хэт өндөр температур, цацрагийн нөхцөлд удирдлага, цахилгаан хангамж, харилцаа холбоо, мэдрэгч, компьютер, кабелийн сүлжээний самбар)-үүд Бархасбадь гаргийн соронзон орны урсгалыг тэсвэрлэхгүй гэж “Залуу минь биднийг дахиж зовоохоо боль” хэмээн шаардаж, шахаж эхэлсэн нь Г.Фландрог илүү хурцалсан тухай дурсамждаа тэмдэглэжээ.
Энэ мэт олон саад бэрхшээл давсан залуугийн том мөрөөдөл биелж, нэр алдар нь тү гэхийн зэрэгцээ аялагч хөлгүүд гайхамшгийг бүтээж эхлэв. “Вояжер 1” хөлөг 1979 онд Бархасбадь, дараа жил нь Санчир гарагт ойртон цаг агаар, соронзон орон, цагаригуудыг нь судалж, дагуулуудынх нь зургийг нарийвчлалтай авч, дэлхийд илгээсний дараа НАСА “Вояжер 2”-ыг Тэнгэрийн ван, Далай ван руу илгээхээр шийдвэрлэж, чиглэлийг нь бага зэрэг өөрчилжээ.
Тодруулга
НАСА-гийн Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторид (JPL) бүтээсэн хоёр хөлгийн тус бүрийнх нь жин ойролцоогоор 721 кг бөгөөд судалгааны төрөл бүрийн багаж, хэрэгслээр тоноглосон, цахилгаан станц, пуужингийн хөдөлгүүр, компьютер, радио холбоо, хяналтын систем бүхий бие даасан робот-хөлөг. “Вояжер”-ууд санах ой бүхий цэнэг хадгалах вакуум хоолой буюу видиконуудтай, 800 шугамтай тусгай дэлгэцтэй камераараа 48 секундэд нэг зураг боловсруулдаг. Нартай хамгийн ойр байрладаг, хатуу чулуулаг гадаргуутай Буд, Сугар, Дэлхий, Ангараг (буюу дотоод гаргуудыг судалдаг сансрын хөлгөөс ялгаатай нь аялагч хоёр хөлөг нарны хавтан ашиглах боломжгүй. Учир нь сансрын хөлөг нарнаас холдох тусам “авхайн” урсгал эрс сулардаг. Тиймээс хөлгийн эрчим хүчний эх үүсвэр нь гурван радиоизотопын термоэлектрик генератор (RTG) бөгөөд эдгээр нь “плутони 238”-аар ажилладаг. Түүнчлэн дулааныг цахилгаан болгон хувиргадаг халаагууртай.
“Вояжер 1” 1980 оны арваннэгдүгээр сарын 20-нд үндсэн ажиллагаагаа дуусгаж, гаргуудын татах хүчийг ашиглан хурдаа нэмэн, нарны аймгийн хязгаар луу аяллаа. 2012 оны наймдугаар сарын 25-нд нарны аймгаас бүрэн гарч, оддын нөлөөлөлгүй орон зай буюу огторгуйд орсон анхны хөлөг болов. 2015 онд нарнаас 132 AU буюу астрономийн нэгж зайд аялж буйгаа төвдөө мэдээлжээ. “Вояжер 1”-ийн мэдээллээр 2004 оны арванхоёрдугаар сард нарнаас 94 AU зайд гелиосфер (Нарны салхи болон соронзон орон од хоорондын хийг шахсанаар үүсдэг, асар том хөөс хэлбэртэй орон зай)-ийн цочролыг гаталжээ. Нарны салхины хурд тодорхой зайд огцом буурч, хэт авианы шинж чанараа алдах бүсийг төгсгөлийн цочрол гэдэг аж. Энэ бол “Вояжер”-уудын гаталсан хил юм.
Нөгөөх аялагчийн хувьд 2007 оны наймдугаар сарын 30-нд эл хилийг давжээ. Үүгээр зогсохгүй “Вояжер”-ууд гелиопауз гэдэг зүйлийг мөн давжээ. Эхнийх нь 2012, удаах нь 2018 онд тус тус нарны салхины нөлөөний төгсгөл болох гелиопаузыг нэвтэрч, од хоорондын орон зайд гарчээ. Өөрөөр хэлбэл, нарны салхи болон од хоорондын сийрэг хийн даралт тэнцвэрждэг хил хязгаар. Эл цэгээс цааш нарны соронзон орон болон бөөмсийн нөлөө багасаж, огторгуйн уудам эхэлнэ. Ийм аялал хийснийг нь хөлгүүдээс илгээсэн плазмын нягт, соронзон орны өөрчлөлтийн мэдээлэл болон бичлэгээр баталсан гэдгийг тухайн үедээ НАСА мэдээлж байлаа.
Ташрамд өгүүлэхэд, сансрын тухай ойлголтыг ойрын, алсын гэж ангилдаг. Сарны тойрог зам хүртэл зайг ойр, үүнээс чинадыг хязгаараас давсан гүн буюу алсын сансар гэж тодорхойлдог. Сансар, огторгуйн хэмжилтийн нэгж AU нь дэлхийгээс нар хүртэлх дундаж зай бөгөөд ойролцоогоор 150 сая км. Үүнийг нарны аймгийн объектуудын хоорондын орон зайг хэмжихэд хэрэглэдэг. Тэгвэл тэрбумаас давсан тоогоор хэмжигдэх оройн зайг гэрлийн жил хэмээх хэмжигдэхүүнээр тооцдог байна. Барагцаагаар 9.5 их наяд орон зай нь нэг гэрлийн жилтэй тэнцэнэ. Энэ нь 60 000 AU гэсэн үг.
“Вояжер 2” хөлөг 1979 оны долоодугаар сард Бархасбадь, жил гаруйн дараа Санчир, 1986 оны эхээр Тэнгэрийн ван, 1989 оны зун Далайн ван гаргийн хажуугаар аялахдаа маш нарийвчлалтай зургууд авч илгээжээ. Далай вантай мөргөлдсөний дараа “Вояжер 2”-ын замнал өмнө зүг рүү хазайсан. 1989 оны эцэс гэхэд нарны аймгийг судлах үндсэн ажиллагаа нь дууссан тул “авхайн” хилийн дээсийг алхсан. 2023 оны долоодугаар сард НАСА антенныг нь хоёр хэмээр хазайлгах алдаатай команд илгээсний улмаас дэлхийтэй хэдэн өдөр холбоо тасарсан уг хөлгийг тойрог замд байршуулсан сүлжээ ашиглан олсон байдаг.
Хоёр хөлгийн цэнэглэгчийн энерги 2025 он хүртэл хангалттай бөгөөд нарнаас холдох тусам улам “сульдаж” 2030 оны үед үүрд холбогдохгүй байх магадлалтай гэж тооцоолж байв. 2011 онд анхдагч хөдөлгүүрийн түлшний шугамын халаалтыг унтрааж, нөөц багц руу шилжсэн “Вояжер 2”-ын ашиглалтын хугацаа ойролцоогоор 10 жилээр сунасан бол энэ сарын эхээр илгээсэн программ хангамжийн шинэчлэлийн үр дүнд ойрын хэдэн жилдээ “тэтгэврийг” мартана гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. 1970-аад оны технологиор бүтээсэн гайхамшигт төхөөрөмжийн одоогийн хамгийн чухал судалгааны чиглэл нь нар болон од хоорондын плазмын шилжилтийн бүсийн орон зайг судлах. Цөмийн эрчим хүч нь жил бүр буурч байгаа ч зарим тоног төхөөрөмжөө унтрааж, эрчим хүчээ хэмнэн даялсаар. “Вояжер 1” дэлхийгээс ойролцоогоор 25.4 тэрбум км чинадад цагт 61 000, “Вояжер 2” нь 21.3 тэрбум километрийн алсад цагт 56 000 км орчим хурдлан ажил үүргээ биелүүлж байна.
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЭЛЧ
“Вояжер” хөлгүүд бол дан судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэгч төдийгүй дэлхий гараг дээр оюун ухаант амьдрал цэцэглэж буйг батлах элч төлөөлөгч юм. Тодруулбал эдгээр хөлөгт хүн төрөлхтний өв соёл, ололт, аж байдлыг илтгэх баримтуудыг дуу хоолой, дүрс бичлэгээр баталгаажуулсан алтан цомгууд бий. Хөнгөн цагаан, дугуй хайрцагт хадгалсан, зэсээр хийж, алтаар бүрсэн пянз тус бүрд дэлхийн тивүүдийн байгалийн онцлогууд, хүн, амьтны анатоми болон биохимийн бүтэц, ДНХ, молекул зэргийн мэдээлэл бүхий 115 танилцуулга агуулагдсан. Жишээ нь, бүүвэйн дуу, хүүхэд уйлах, амьтан, араатан, жигүүртэн, бороо, салхи, галт уул, газар хөдлөлтийн чимээ, элс, гол усны шуугиан, далайн давлагаанаас гадна улс, үндэстнүүдийн хэлний соёлыг илтгэх 55 хэлээрх мэндчилгээ бий. Өөр нэг бүлэгт нь дэлхийн урлаг, соёл, хөгжмийн ололтыг тодруулбал, олон орны ардын хөгжим, Бах, Бетховен, Моцартын агуу бү тээлүүд, Л.Армстронг, Ч.Берри нарын жааз хөгжмийг танилцуулсан. Хэрэв харийн соёл иргэншлийнхэн хэзээ нэгэн цагт хоёр “Вояжер”ыг олж, алтан цомгийн учир утгыг тайлж чадвал 1977 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картерын хэлсэн үгийг сонордож, биднийг мэдрэх буй за. Хүн төрөлхтнийг төлөөлөн Картерын хэлсэн үг бол сансрын уудам дахь өөр гаргийнханд илгээсэн итгэл найдвар, найрамдлын бэлэг тэмдэг юм.
“Энэ бол алс хол оршихжижигхэн ертөнцөөс барьж буй бидний бодол санаа, мэдрэмжийн бэлэг болсон хөгжим, дуу авиа, дүрс зураг юм” хэмээн эхэлдэг илгээлт “дэлхий гаргийнхан оршин тогтнож үлдэхийн төлөө хичээж байгаа шигээ та бүхэнтэй учран золгохыг хүсэж байна” гэсэн утга агуулгатай. Цэнхэр гаргийнхныг танилцуулах цомог бэлтгэсэн мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр энэхүү баримт бүхий пянз тэрбум жилийн турш “амьд” байх магадлалтай. Харин “Хүн төрөлхтнөөс хойших амьдрал” баримтат, зөгнөлт цуврал бү тээгчид “Сая жилийн дотор “Вояжер”-ууд од хоорондын орчинтой харилцан үйлчлэлцэхдээ танигдахааргүй болж, алтан пянзнууд эвдэрч, нээх боломжгүй болно” гэж таамагладаг. Аль нь байх хамаагүй, юутай ч сансар, огторгуйд бид тааваараа “хөвж” байгаа цагт өөр нэгэн оюун ухаант иргэншилтэй учрах нь лавтай гэсэн өөдрөг үзэлтэй хүн дэлхий дээр хэдэн тэрбум бий. Ташрамд өгүүлэхэд, “Вояжер”-уудаар тээвэрлэн сансар, огторгуйд илгээсэн алтан пянзыг дэлхийнхэн өөрсдөө онлайнаар үзэх боломжийг НАСА 2015 онд нээсэн бөгөөд эл шийдвэрийн дагуу бол хэн ч тус байгууллагын албан ёсны вэбсайтад хандаж болно.
Тодруулга
Ташрамд сануулахад, “Вояжер” станцууд шиг сансрын уудамд үүрэг гүйцэтгэсэн олон улсын техник цөөнгүй.
•Хамгийн “настай” нь ЗХУ 1957 онд хөөргөсөн “Спутник 1”. Дэлхийн анхны хиймэл дагуул бөгөөд тойрог замд 92 хоног байж, гаргийг 1440 удаа тойрсон. Энэ нь сансрын салбарт том өрсөлдөөний эхлэл байлаа.
•2004 онд Санчир гарагт хүрсэн “Кассини” станцыг НАСА 1997 онд хөөргөсөн.
•НАСА 2006 онд хөөргөсөн гараг хоорондын “Нью хоризонс” станц Дэлхий ван болон Куйпер бүсийг судлах зорилготой. 2015 онд зорьсон гарагтаа хамгийн ойр буюу ойролцоогоор 12 500 км зайд хүрсэн. Өдгөө дэлхийгээс 9.5 тэрбум километрийн зайд ойртож байгаа бөгөөд гүн сансрын судалгаагаа үргэлжлүүлж байна.
•“Жуно” станцыг Бархасбадь гарагийн татах хүч, соронзон орны үйлчлэлийг судлахаар 2011 онд НАСАгаас “томилсон”. 2016 оноос хойш хийн аварга том гараг болон түүний хиймэл дагуулуудыг судалж байна. Өргөтгөсөн нислэгийн албан ёсны төгсгөлийн хугацааг 2025 оны намар гэж тогтоосон ч одоогоор албан ёсоор маневрыг нь зогсоогүй.
•Америкийн сансар судлалын агентлаг “Даун” станцыг солирын бүслүүрт орших томоохон объектуудыг судлахаар 2007 онд хөөрсөн.
•“Розетта” бол хүн төрөлхтний түүхэн дэх бас нэгэн гайхамшиг. Учир нь сүүлт одонд анх хүрч, өөрийн нэг хэсэг болох “Филае” аппаратыг судалгааныхаа объект руу илгээсэн юм.
•Улаан нүдэн гаргийг “онгичиж” олон нээлт хийсэн “ах дүү” гурав буюу “Оппортьюнити”, “Спирит”, “Кьюриосити” бол супер баатрууд.
Э.Хана