Манай улс Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд түшиглэн Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутагт Хүннү хот байгуулах ажлыг эхлүүлээд буй. Эл төслийн эхний ээлжийн инженерийн дэд бүтэц, хот байгуулалтын суурь бүтээн байгуулалт болох 220, 110, 35 кВ-ын “Сэргэлэн” дэд станцын ажил 95 хувьтай үргэлжилж байгааг нийслэлийн Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ. Ингэснээр цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах эх үүсвэрийн ажлыг төлөвлөгөөт хугацаанд дуусгах нөхцөл бүрдээд буй аж.
Түүнчлэн инженерийн дэд бүтцийн салбар шугам сүлжээний зураг төслийн ажил 75, цэвэрлэх байгууламжийн барилга угсралт 35, 127.4 км авто замын бүтээн байгуулалт 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ.
Хүннү хотыг төр захиргаа, боловсрол, шинжлэх ухаан, инновац, үйлдвэрлэл, худалдаа, тээвэр, ложистикийн зангилаа төв болгохоор төлөвлөсөн. Цаашид энэ төлөвлөлтийн хүрээнд Засгийн газар, яам, агентлагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их, дээд сургууль, оюутны хотхон, өндөр технологийн парк, олон улсын нисэх буудалд түшиглэсэн карго болон ложистикийн төвийг тухайн бүсэд үе шаттайгаар байгуулах нь.
Н.Мишээл