Олон улсын одон орон судлаачид дөрвөн тэрбум орчим од , эрхэс, галактикийг багтаасан одон орны газрын зураг бүтээжээ. Энэ нь тэнгэрийн эрхсийн 75 хувийг багтаасан бүтээл гэдгийг Оптик ба хэт улаан туяаны одон орон судлалын үндэсний шинжлэх ухааны сан (NSF NOIRLab)-гаас мэдээллээ. Харанхуй энерги (Физик, одон орон судлалаар бол орчлон ертөнцөд хамгийн их нөлөөлдөг эрчим хүчний хэлбэр. Гол нөлөө нь орчлон ертөнцийг хурдасгах тэлэлт)-ийг судлах, орчлон ертөнцийн хамгийн том гурван хэмжээст газрын зураг бүтээх зориулалттай спектрографийг АНУ-ын “Китт пик” үндэсний ажиглалтын төвийн дуран дээр суурилуулан хийжээ. 5.6 их наяд пикселээс бүрддэг шинэ картад 13 жилийн ажиглалтын хугацаанд авсан 263 000 гаруй зургийг нэгтгэсэн юм байна. “Энэ нь орчин үеийн одон орон судлалын үндэс суурийн нэг хэсэг боллоо” гэж төслийн удирдагчдын нэг, Лоуренс Берклигийн Үндэсний лабораторийн гишүүн Дэвид Шлегел тодотгов. Шинэ газрын зураг дээрх дөрвөн тэрбум объектын дунд харьцангуй ойрхон тэнгэрийн биетүүд болон маш алслагдсан галактикууд ч багтсан. Жишээ нь, дэлхийгээс ойролцоогоор 35 сая гэрлийн жилийн зайд орших ороомог галактик болох “Мессиер 96”-г харж болно.
Ташрамд тодотгоход, мэргэжилтнүүдийн толгойг “гашилгадаг” нэг үзэгдэл бий. Энэ нь сансар, огторгуйн орон зай тасралтгүй тэлдэг явдал учраас огторгуйн хязгаарыг онолоор л “барьж авч” хариулт олно гэж эрдэмтэд найддаг. Хавтгай ертөнц нь ажиглалт, онолын аль алинд нь нийцдэг. Онол бол аль нэгийг нь шууд бус нотолгоо болгож чадах загвар юм. Жишээ нь, Хиггс бозон гэх мэт олон тооны бөөмийг нээхээс хамаагүй өмнө эрдэмтэд физикийн стандарт загвараар ийм зүйл байгааг урьдчилан таамагласан. Квант физикийн олон үзэгдлийг мөн л онолоор баталсан юм.
Ж.Эрдэнэ