Монгол Улс хилээр нэвтрэх гэмт хэрэг, хууль бус үйл ажиллагааг гарахаас нь өмнө илрүүлэн таслан зогсоох чадавхаа бэхжүүлж байна. Тухайлбал, 2026 онд Монгол Улсын Зорчигчийн мэдээллийн төв (ЗМТ) хууль бус бараа нэвтрүүлэх, мансууруулах бодисын хууль бус эргэлт, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг ноцтой гэмт хэргийн шинжтэй олон үйлдлийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлжээ. Монгол Улсын хилийн боомтуудаар ойролцоогоор 700 тэрбум төгрөгийн (200 орчим сая ам.доллар) үнэ бүхий бараа, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан тохиолдлуудыг холбогдох байгууллагууд илрүүлсэн байна. Мөн Зорчигчийн мэдээллийн төвийн дэмжлэгтэйгээр 10 орчим сая ам.долларын мэдүүлээгүй бэлэн мөнгө, INTERPOL-ын эрэн сурвалжлах мэдэгдэлд бүртгэгдсэн найман этгээдийг илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлжээ. Тодорхой хэлбэл, хоёр тусдаа тохиолдлоор Монгол Улсад хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нийт 446.81 грамм метамфетамин илрүүлж хураасан аж. Зорчигчдын гар тээшинд нууж, бүртгэлгүй болон хориглосон эм, эмийн бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлуудыг мөн илрүүлжээ. Үүнээс гадна 30 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг тогтоосон байна.
Өндөр эрсдэлтэй зорчигчийг зорчигчийн мэдээллээр урьдчилан илрүүлэх нь Зорчигчийн мэдээллийн төв нь НҮБ-ын goTravel системийг ашиглан олон улсын нислэг Монгол Улсад ирэхээс өмнө агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн зорчигчийн мэдээллийг хүлээн авч, дүн шинжилгээ хийдэг. Зорчигчийн аяллын чиглэл, хэв шинж болон бусад эрсдэлийн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийснээр болзошгүй өндөр эрсдэлтэй зорчигчийг урьдчилан тодорхойлох боломж бүрддэг. Мөн зорчигчийн мэдээллийг үндэсний болон олон улсын хяналтын жагсаалттай тулган шалгах, холбогдох байгууллагуудын хооронд мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлдэг.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Террорист зорчих хөдөлгөөнтэй тэмцэх хөтөлбөр (UN Countering Terrorist Travel Programme)-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зорчигчийн мэдээллийн төвийг 2023 оны арванхоёрдугаар сард байгуулсан юм. Өнөөдрийн байдлаар Зорчигчийн мэдээллийн төв долоон агаарын тээвэрлэгчээс зорчигчийн мэдээлэл хүлээн авч байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын олон улсын арилжааны агаарын тээврийн зорчигч урсгалын 90 орчим хувийг хамарч байна. Уг системийг нэвтрүүлэхээс өмнө зорчигчийн мэдээллийг харьцангуй хязгаарлагдмал хүрээнд, гол төлөв гар ажиллагаагаар боловсруулдаг байв. Харин шинэ платформ нь мэдээлэл цуглуулах, боловсруулах болон дүн шинжилгээ хийх үйл явцыг автоматжуулснаар шинжээчид мэдээлэл боловсруулахад бус, эрсдэлийг үнэлэхэд илүү төвлөрөн ажиллах боломжтой болсон.

Монгол Улсын Зорчигчийн мэдээллийн төвийн дарга, хурандаа А.Энхтөр энэ талаар “Монгол Улсын Зорчигчийн мэдээллийн төвийн үндсэн зорилго нь нийт зорчигчийг нэмэлт шалгалтад хамруулах бус, харин тагнуулын мэдээлэлд суурилсан эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй зорчигчийг урьдчилан тодорхойлж, эрх бүхий болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд үр дүнтэй дэмжлэг үзүүлэхэд оршино. API болон PNR мэдээллийг ашигласнаар эрсдэл багатай зорчигчид хилийн хяналт шалгалтаар хурдан, саадгүй нэвтрэх боломж бүрдэж, нийт үйл ажиллагааны үр ашиг нэмэгддэг” хэмээн онцолсон байна.
Хувийн нууц, хүний эрхийг хамгаалах нь Монгол Улсын Зорчигчийн мэдээллийн төв нь хувийн нууц, мэдээллийн аюулгүй байдал болон хүний эрхийг хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Зорчигчийн мэдээлэлд зөвхөн эрх бүхий албан хаагч хандах боломжтой бөгөөд мэдээлэлд хэзээ, хэрхэн хандсан болон түүнийг хэрхэн ашигласныг системд бүртгэдэг. Зорчигчийн мэдээллийг зөвхөн хуульд заасан тодорхой зорилгоор боловсруулах бөгөөд мэдээллийг зүй бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлдэг. Хурандаа А.Энхтөрийн мэдээлснээр Монгол Улс зорчигчийн мэдээллийг ашиглах, солилцохтой холбоотой хууль эрх зүйн орчноо үргэлжлүүлэн боловсронгуй болгож байгаа бөгөөд энэ хүрээнд хүний эрх, мэдээллийн нууцлал, мэдээлэл хамгааллын стандартад онцгой анхаарч байна.
НҮБ-ын Террорист зорчих хөдөлгөөнтэй тэмцэх хөтөлбөр Монгол Улсыг хэрхэн дэмжсэн бэ?
Монгол Улс 2020 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Террорист зорчих хөдөлгөөнтэй тэмцэх хөтөлбөрт нэгдсэн. НҮБ болон түүний түнш байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монгол Улс агаарын тээврийн зорчигчийн мэдээллийг ашиглахтай холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, Зорчигчийн мэдээллийн төвөө байгуулан, НҮБ-ын goTravel системийг нэвтрүүлсэн. Холбогдох хууль эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Их Хурал 2023 оны нэгдүгээр сард баталсан бөгөөд Зорчигчийн мэдээллийн төвийг 2023 оны арванхоёрдугаар сард албан ёсоор нээж, 2025 оны нэгдүгээр сараас goTravel систем бүрэн хэмжээгээр ашиглалтад оржээ.

Тус хөтөлбөрөөс зорчигчийн мэдээллийн дүн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, хувийн мэдээлэл хамгаалал болон goTravel системийн ашиглалтын чиглэлээр сургалт, мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс НҮБ-ын боловсруулсан goTravel системийг ашиглаж буй тус хөтөлбөрийн үр шим хүртэгч долоон улсын нэг болоод байна. НҮБ-ын Террорист зорчих хөдөлгөөнтэй тэмцэх хөтөлбөрийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Терроризмтой тэмцэх алба (UNOCT)-аас удирдан хэрэгжүүлдэг Террорист зорчих хөдөлгөөнтэй тэмцэх хөтөлбөр (CT Travel Programme) нь гишүүн орнуудад Зорчигчийн урьдчилсан мэдээлэл (API) болон Зорчигчийн нэрийн бүртгэлийн мэдээлэл (PNR)-ийг ашиглан терроризм болон бусад хүнд гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ хүний эрх, мэдээлэл хамгааллын стандартыг хангахад дэмжлэг үзүүлдэг.
Хөтөлбөр нь хууль эрх зүй, үйл ажиллагаа болон техникийн туслалцаа үзүүлэх, НҮБ-ын боловсруулсан goTravel системийг нэвтрүүлэх замаар улс орнуудын хилийн аюулгүй байдал, байгууллага хоорондын мэдээлэл солилцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. CT Travel хөтөлбөрийг НҮБ-ын байгууллагуудын нэгдсэн “One-UN” түншлэлийн хүрээнд дараах байгууллагууд хамтран хэрэгжүүлдэг. Үүнд НҮБ-ын Терроризмтой тэмцэх хорооны Гүйцэтгэх алба (CTED); * НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC), Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), НҮБ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн алба (UNOICT), Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (INTERPOL), Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM) хамтран ажиллаж байна.