Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Хамтдаа шалгая, хамгаалъя” аяныг гурав дахь жилдээ орон даяар хэрэгжүүлж дуусжээ. Үүний хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, аминд аюул, эрсдэл учруулж болзошгүй 1407 цэг улсын хэмжээнд байгааг тодорхойлж, үүнийгээ 2916 гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулснаа мэдээллээ. Аймаг, дүүрэг бүрд илрүүлсэн эдгээр аюултай цэгийг шуурхай арилгах бөгөөд үүнийгээ “өмнө ба дараа” гэсэн харьцуулсан форматаар, он, сар, өдөр, гэрэл зургийн хамт баталгаажуулан олон нийтэд тайлагнах гэнэ. Тайланг нэгдсэн стандартын дагуу тодорхой тоо, бодит үр дүнгээр баримтжуулан ирүүлэх, эрсдэлийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүрэн цэгцлэхийг дээрх газраас аймаг, дүүргийн салбар, хэлстийн дарга нарт үүрэг болгов.
Эцэг, эх, асран хамгаалагч, иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотойгоор хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, тэднийг ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны аюулыг үнэлж, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь “Хамтдаа шалгая, хамгаалъя” аяны тэргүүн зорилго юм. Тиймээс аянаар иргэдийн амьдарч буй хашаа, байр, гудамж, орцонд гэрэлтүүлэг байгаа, эсэх, орон сууцын шат, тагт, цонхны хаалт, цахилгаан шатны бүрэн бүтэн хийгээд аюулгүй байдал, нүхэн жорлон, муу усны нүх, ухаж үлдээсэн зоорь байгаа, эсэх, хүүхдийн тоглоомын талбайн хэвийн ажиллагаа, ил задгай цахилгааны утас, золбин нохой, зэрлэг амьтдад хазуулах эрсдэл, нурж унах эрсдэлтэй хашлага, хайс, хана болон өндрөөс унаж болзошгүй эд зүйлсийг илрүүлдэг ажээ.
О.Ундрах