Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргалаа. Уг зөвлөл нь зам, тээврийн ослыг багасгах, нас баралтыг бууруулах чиглэл бүхий НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол, 1968 оны Вена хотын Замын хөдөлгөөний тухай конвенц зэрэг олон улсын баримт бичгийг хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.
Сүүлийн таван жилд зам, тээврийн ослын улмаас 312 хүүхэд амиа алдаж, 3861 хүүхэд хүнд, хөнгөн бэртэж гэмтжээ. Өөрөөр хэлбэл, 10 цаг тутамд нэг хүүхэд зам, тээврийн ослын улмаас хохирч байгаа аж. Жил бүр нөлөөллийн аян зохион байгуулж, тодорхой төсөв зарцуулдаг ч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа тул Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг ийн сэргээсэн байна. Цаашид иргэд, жолооч, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэхэд зөвлөл анхаарч ажиллах гэнэ.
У.Сүрэн