Энэ удаагийн “Кино сонин” буландаа гол төлөв сонгодог арт хаус, драм бүтээлүүдийг онцоллоо. Зарим дүрслэлийг үгээр илэрхийлэхээс илүүтэй үзэж, харж байж л мэдэрч, ойлгодог шиг сэтгэл догдлуулсан, эргэлзүүлсэн, ахин дахин үзээд л баймаар кинонууд багтаасныг дурдах нь зүйтэй биз ээ. Хүн төрөлхтний оюуны өвийн охь, дээж, Хомерийн “Одиссэй”-г дипломгүй эрдэмтэн гэгддэг Кристофер Нолан найруулж, дэлгэцийн уран бүтээл болгосноор үзэгчид “амьсгалж” буй энэ үед удаан исгэсэн дарс мэт, олон улсын кино хүрээлэн, судлаач, шүүмжлэгч, найруулагчдын санал асуулгаар торойсон, амьдралдаа заавал нэг удаа үзэх уран бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин уншигч таны амралтад зориулан энэ сарыг дуустал хэсэгчлэн нийтэлнэ. Гуравдугаар цувралд ямар гайхлууд багтсаныг сонирхоно уу.
“ЭРГЭХ МЭТ” (VERTIGO, 1958)
Британи гаралтай, кино урлагийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий найруулагчдын нэг, түгшүүрийн мастер гэгддэг Альфред Хичкокийн эл кинонд өндөрт авирах төдийд л толгой нь эргэдэг цагдаа Жонсон эл өвчнөөсөө болж ажлаасаа гарсны дараа нэгэн эрийн хүсэлтээр түүний эхнэр Мадленийг нууцаар мөрдөж эхэлдэг талаар өгүүлнэ. Тэрбээр бүсгүйд яваандаа гүн дурлах боловч түүнийг нэгэн цамхгаас унаж нас барахаас аварч чаддаггүй. Хожим Жуди хэмээх эмэгтэйтэй таарах ч Жонсон түүнийг Мадлентэй адилхан хувцаслаж, өөрчлөхийг оролдсоноор мөрдөгчийн хайр худал хуурмаг руу эргэх аж. Уг кинонд “Dolly zoom” техникийг анх удаа ашиглажээ. Ногоон, улаан өнгөний хослол, Сан Франциско хотын манан бүхий уур амьсгал нь үзэгчийг нэгэн төрлийн зүүдэнд автуулах мэт ээ.
“ИРГЭН КЕЙН” (CITIZEN KANE, 1941)
Орсон Уэллсийн 26 насандаа бүтээсэн “Иргэн Кейн” нь хэвлэлийн магнат Чарльз Фостер Кейний амьдрал, үхэхийнхээ өмнө хэлсэн ганц, нууцлаг үгийн учир шалтгааныг хайх сэтгүүлчийн талаар өгүүлдэг. Кейн залуудаа иргэдийн дуу хоолой болох чин эрмэлзэлтэй байсан ч эд хөрөнгө, эрх мэдэлд шунах тусам ганцаардаж, эцэст нь өөрийн бүтээсэн асар том харшдаа нэг ч ойр дотнын хүнгүйгээр насан эцэслэдэг. Энэхүү бүтээл нь кино урлагийн хэл, техникт асар том хувьсгал хийсэн юм. Эд хөрөнгө, эрх мэдэл, алдар нэр хүнийг ганцаардал, хоосон чанараас хэзээ ч аварч чадахгүй аж.
“ТАКСИНЫ ЖОЛООЧ” (TAXI DRIVER, 1976)
Жүжигчдийн эрлэг Мартин Скорсезегийн “Таксины жолооч” бол Вьетнамын дайны дараах Америкийн нийгмийн ялзрал, их хотын ганцаардал, сэтгэцийн гүн гүнзгий хямралыг харуулсан нео нуар бүтээл гэвэл илүү оновчтой. Тревис Бикл хэмээх залуу шөнийн цагаар Нью-Йорк хотод такси барьж, нийгмийн бохир заваан, гэмт хэрэг, садар самууныг нүдээрээ харж, улмаар нийгмийг энэ “бузар”-аас цэвэрлэх ёстой гэх итгэл үнэмшилтэй болдог.
“ЗӨГИЙН ҮҮРНИЙ СҮНС” (THE SPIRIT OF THE BEEHIVE, 1973)
Виктор Эрисегийн эл кино Испанийн иргэний дайны дараах айдсыг балчир охины хорвоог харах өнцөг, яруу дүр дүрслэлээр үзүүлсэн юм. Үйл явдал 1940 оны Испанийн нэгэн зэвэргэн тосгонд өрнөнө. Зургаан настай Ана охин эгчийнхээ хамт “Франкенштейн” киног үзэж, сүнслэг ертөнц байдагт итгэнэ. Охин тосгоны захад байх эзгүй газраас шархадсан цэргийг олсноор тэдний нөхөрлөл эхэлдэг аж. Гэвч тун удалгүй цэрэг будуулж, амь эрсдэхэд Ана охин томчуудын ертөнцийн хатуу үнэнтэй нүүр тулдаг.
“ТӨГС АМЬДРАЛ” (LA DOLCE VITA, 1960)
Федерико Феллинийн “Төгс амьдрал” нь 1950-иад оны төгсгөл үеийн Ром хотын чинээлэг, хээнцэр нийгмийн давхарга ба түүний цаана нуугдах хоосон чанарыг харуулсан Италийн кино урлагийн сод бүтээл юм. Амьдралынхаа утга учрыг гээсэн, “шар” хэвлэлийн сэтгүүлч Марчелло Рубинигийн долоо хоногийн амьдрал энд өрнөнө. Тэрбээр жинхэнэ уран зохиол туурвиж, зохиолч болох мөрөөдөлтэй ч Ромын баян тансаг хүмүүс, одод, язгууртнуудын үдэшлэг дунд хэсүүчилж, орчлонг барна. Баруун Европын тансаг хувцас загвар, Марчелло Мастрояннигийн дэгжин дүр төрх, Анита Экбергийн Треви усан оргилуурт сэлж буй алдарт зураглал зэрэг нь поп соёлд мөнхрөн үлдсэн юм. Мөн энэхүү киноноос “Папарац” гэх ойлголт гарсан гэнэ шүү.
“ИЛҮҮ ГЭГЭЭЛЭГ ЗУНЫ ӨДӨР” (A BRIGHTER SUMMER DAY, 1991)
Тайванийн мастер найруулагч Эдвард Яны уг бүтээлийг бодит явдлаас сэдэвлэсэн гэдэг. 1960-аад оны эхэн үеийн Тайбэй хотод торниж буй залуусын амьдрал, нийгмийн шилжилтийн үеийн сүүдэртэй талыг харуулдаг. Киноны үйл явдал эх газрын Хятадаас баруунжсан Тайвань руу дүрвэн ирсэн, даруухан Си хэмээх сурагч хүүг даган өрнөнө. Шөнөөр хичээллэдэг сургуульд шилжсэнээр гудамжны дээрмийн бүлэглэлүүдийн мөргөлдөөн, залуусын тэмцэлд өөрийн эрхгүй уусдаг. Тэрбээр Мин гэх нууцлаг охинд дурлах ч эмгэнэлт хувь тавилан тэднийг хүлээж байдаг билээ. Дөрвөн цаг гаруй үргэлжлэх эл киног үзэхийн тулд жаахан тэвчээр хэрэгтэйг урьдчилан сануулах нь зүйтэй.
“САЙН САНААТ ВИЛЛ ХАНТИНГ” (GOOD WILL HUNTING, 1997)
Бостонхотын Массачусетсынтехнологийн их сургуульд үйлчлэгч хийдэг 20 настай Вилл Хантинг хэмээх залуугийн амьдрал энд гарна. Тэрбээр боловсрол эзэмшээгүй ч математикийн салбарын хамгийн хүнд бодлогуудыг хоромхон хугацаанд бодож чаддаг гоц авьяастай нэгэн. Гэвч хүүхэд насандаа амссан хүчирхийллээс үүдэлтэй гүн айдсаасаа болж буруу замаар оржээ. Шүүхээс ял авахдаа тулахад профессор Ламбо түүнийг батлан дааж, сэтгэл засалч Шон Магуайртай уулзуулахаар тохиролцдог. Ингээд түүний амьдрал эргэлт буцалтгүй өөрчлөгдөнө.
“ТУЛААНЫ КЛУБ” (FIGHT CLUB, 1999)
Дэвид Финчерийн уг бүтээлийг агуу бас “гаж” гэвэл зохино. Хэрэглээний нийгмийн туйлшрал, орчин үеийн эрэгтэй хүний зан чанарын хоёрдмол шинжийг шүүмжилсэн сэтгэл зүйн триллер, дарк комеди жанрын бүтээл. Гол дүрийн залуу санамсаргүй байдлаар Тайлер Дёрден хэмээх чөлөөт, системээс гадуур сэтгэдэг савангийн наймаачин залуутай танилцаж, хоорондоо нударга зөрүүлснээр нүд нь нээгдэнэ. Тэд хамтран подвалд “Тулааны клуб”-ийг байгуулах ба үйл явдал цааш хэрхэхийг киноноос дэлгэрэнгүй үзэхийг зөвлөе.
“ПАТЕР ПАНЧАЛИ” (PATHER PANCHALI, 1955)
Бенгалын ядуу тосгоны захад амьдрах нэгэн гэр бүлийн аж амьдрал, хүүхэд насны гэгээн мөрөөдөл бүхий неореалист бүтээл. Апу хэмээх бяцхан хүү болон түүний эгч Дурга нарын өсөж торниж буй орчны үйл явдал энд өрнөнө. Тэдний аав яруу найрагч, жүжгийн зохиолч болох мөрөөдөлтэй ч гэр бүлээ тэжээхээс хэтэрдэггүй бол ээж нь өдөр тутмын хоол хүнс, өр ширэндээ шаналж амьдарна. Хүүхдүүд байгалийн сайханд, бороонд норж тоглох зэрэг жижиг зүйлээс баяр баясгаланг мэдрэх аж. Ядуурал ба зовлон зүдгүүрийн дунд ч арилшгүй үлддэг нь хүүхэд насны гэгээн дурсамж буюу.
“МӨХЛИЙН ЦАГ” (APOCALYPSE NOW, 1979)
Фрэнсис Форд Копполагийн “Apocalypse now” Вьетнамын дайны талаар өгүүлэх бүтээлүүдээс хамгийн шидээвэр нь гэхэд буруудахгүй. Ахмад Бенжамин Виллардад дээд тушаалтнуудаас нь нэгэн тусгай даалгавар ирнэ. Энэ нь Вьетнамын ойд өөрийн гэсэн жижиг “төр”-ийг байгуулан, дагалдагчдадаа бурхан мэт шүтүүлж, ухаан санаа нь самуурсан Вальтер Курцыг олж, устгах явдал юм. Уг бүтээл нь дайныг сюрреаль, зүүд зэргэлдээ мэт шийдэлтэй хослуулснаараа сод. “The Doors” хамтлагийн “The End” дуу энэ киног “амьдруулсан” билээ.
“2001: САНСРЫН ОДИССЭЙ” (2001: A SPACE ODYSSEY, 1968)
Алдарт Стэнли Кубрикийн “2001: Сансрын Одиссэй” бол кино гэхээс илүүтэй хүн төрөлхтний үүсэл гарлаас эхлээд хиймэл оюун, сансрын уудам дахь аялал, дараагийн шатны хувьсал хүртэлх асар уудам цаг хугацааг хамарсан шинжлэх ухааны “туульс” гэвэл ончтой. Компьютер графикийн сураг ч үгүй байсан 1960-аад онд эффект, физик загварчлалаар сансрын уудам, жингүйдлийг гайхалтай бодитой дүрсэлсэн билээ. Йоханн Штраусс, Рихард Штраусс нарын сонгодог симфони аялгууг огторгуйн анир гүм орчинтой хослуулах нь бясалгал шиг.
“УСАН САНГИЙН НОХОД” (RESERVOIR DOGS, 1992)
“Галзуу амьтан” Квентин Тарантиногийн хамгийн анхны бүтээл болох “Усан сангийн ноход” постмодерн жанрынх. Эрдэнэсийн дэлгүүр дээрэмдэхээр хөлслөгдсөн, бие биеэ огт танихгүй, ягаан, цагаан, улаан гэх мэт өнгөний нэртэй гэмт хэрэгтнүүдийн эргэн тойронд онц сонирхолтой үйл явдал өрнөх аж. Даалгавар бүтэлгүйтэхэд дээрэмчид дунд цагдаагийн ажилтан байгааг тэд ойлгоно.