Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр аймаг, сумуудад тулгамдсан асуудал болон өвөлжилтийн бэлтгэлтэй танилцахаар орон нутагт ажиллаад ирсэн. Тэрбээр үүний хүрээнд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай өнгөрсөн баасан гарагт уулзаж, орон нутагт санхүүгийн эрх мэдлийг үе шаттай нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэл хийх боломжийн талаар санал солилцлоо. Түүнчлэн аймгуудад зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай зарим төслийн санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдэх боломжтой хөрөнгө оруулалтуудыг судлан танилцуулахыг үүрэг болгов.
Шадар сайдыг орон нутагт ажиллах үеэр эрчим хүч, дулааны дэд бүтэц, сумуудын хэрэгцээний автомашин, сургууль, цэцэрлэг, усан бассейн, соёлын төвийн барилгын санхүүжилт, удаашралтай холбоотой асуудлуудыг иргэд нийтлэг хөнджээ. Аймаг, сумын удирдлагууд улсын төсвөөр бүхнийг шийдэх гэсэн хүлээлт, хандлагаа цаашид зогсоож, өөрсдийн нөөц боломжид тулгуурлан шийдвэрлэх шаардлагатайг тэрбээр уулзалтын үеэр онцолсон.
Цаг агаар, уур амьсгалын онцлогоос шалтгаалаад манай оронд бүтээн байгуулалтын улирал богино боловч худалдан авах ажиллагааны үйл явц дэндүү удаашралтай байдаг. Үүнээс болж аливаа төсөл, хөтөлбөр сунжирч хугацаа алдах, хөрөнгө оруулалт зогсох зэрэг эрсдэл байнга гардаг. Өвөлжилтийн бэлтгэл хангахад ч ийм бэрхшээлүүд тохиолдож буйг УОК-ын дарга онцлоод салбарт нь ужгирсан, царцанги байдалд орсон асуудлуудыг шийдвэрлэх, эрх зүйн хүрээнд шинэчлэл хийх боломжийг судалж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг орон нутагт бодитоор хэрэгжүүлэхэд анхаарахыг Төрийн нарийн бичгийн дарга нарт даалгалаа.
Н.Мишээл