Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилтай өнгөрсөн амралтын өдөр газар дээр нь танилцсан билээ. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэрбээр тус үйлдвэрийн ажилд тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн гацааг арилгах чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өглөө. Тухайлбал, газрын тосны үйлдвэрийн татвар, өр төлбөртэй холбоотой харилцааг зохицуулах, зээлийн шугам, хэмжээг нэмэгдүүлэх, эл газрыг үйлдвэр, технологийн парк хэлбэрээр хөгжүүлэх, төслийн бүтээн байгуулалт, талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авах, тэнд ажиллах алба хаагчдыг мэргэшүүлэн сургах төлөвлөгөө, тооцоо гаргах, үйлдвэрээс ирүүлсэн зөвшөөрөл, бусад албан бичгийн хариуг шуурхай өгөх зэрэг 14 асуудлаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өдгөө 60 гаруй хувьтай буй бөгөөд 2028 онд ашиглалтад оруулахаар тов гаргасан. Ерөнхий сайд Н.Учрал “Монгол Улс цаашид газрын тосны салбарт эрэл хайгуул, олборлолтоо эрчимжүүлнэ. Импортын хараат байдлыг бууруулах бодлогын хүрээнд газрын тосны үйлдвэрийн ажлыг бүрэн хяналтад авч, тулгарсан асуудлыг нь тухай бүрд шийдвэрлэнэ” гэсэн юм.
Н.Мишээл