Цахим мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд хэсэг хүн хятад хүмүүсийн амьдарч буй орон байранд халдаж, эд хөрөнгийг нь онгичин өшиглөж, нэгжин тарааж байгаа бичлэг цацагдсан. Хууль сахиулагч биш атлаа бусдын эд хөрөнгөд ийнхүү дураараа халдаж, нэгжсэнийг иргэд буруушааж буй.
Үүнийг цагдаагийн байгууллага анхааралдаа авч шалгаж эхэлжээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс сэтгүүлчдэд “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Дорнод аймгийн Матад сумд газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын V багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кэмпийн ажилчдын байр луу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн. Уг асуудлыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд шалгалтын ажиллагааг шуурхай явуулж, тогтоогдсон нөхцөл байдлыг эргэн мэдээлэх болно” гэсэн юм.
Улмаар иргэд, олон нийт аливаа асуудлаар өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандаж, гэмт хэргийн болон сөрөг үйл явдалд бусдыг турхирч, уриалахгүй байхад онцгой анхаарч, хууль, журмыг хэрэгжүүлэхийг цагдаагийн байгууллагаас сануулсан юм.
Г.Орчлон