Нийслэлийн ЗДТГ-аас Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран “Ногоон-Улаанбаатар” орон сууцын төсөл хэрэгжүүлж буй бөгөөд талууд хэрэгжилт, санхүүжилтийн асуудлаар хуралдлаа. Ногоон хөгжил, тогтвортой хот байгуулалтыг дэмжсэн энэхүү төслийг тус банкны 24.7 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх аж. Эко орон сууцын хороолол байгуулах төслийн сонгон шалгаруулалтыг ЕСБХБ-ны холбогдох журмын дагуу зохион байгуулж, ажлын тоо, хэмжээг төсвөөс хэтрүүлэхгүй байхад анхаарна гэв. Нийслэлээс төслийн үндсэн зорилго, ногоон орон сууцын шийдлийг хадгалан, санхүүжилтийн боломж болон хэрэгжүүлэх хувилбаруудыг хамтран хэлэлцэж, шат шатанд нь шийдвэрлээд явна гэдгээ онцолсон юм.
“Ногоон-Улаанбаатар” төсөл нь иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй орон сууцын шийдэл бий болгоход загвар болохоороо чухал ач холбогдолтой. Түүнчлэн хотын дарга Б.Пүрэвдагва Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацын төлөөлөгчидтэй өчигдөр уулзаж, Улаанбаатарын дэд бүтэц, тээвэр, эрчим хүч, байгаль орчин болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэж, хамтран ажиллах саналаа илэрхийлэв.
О.Оргилох