Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Аав ээж, өвөө нь үе үеийн сайд, дарга нартай танил, нэг нутаг нугынх байсны ачаар төрийн өндөр албан тушаалд томилогдож, улмаар хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон хүн бол П.Сайнзориг. Эрүүл мэндийн шалтгааны улмаас элсэлтийн шалгалт өгч чадаагүй ч ерөнхий боловсролын сургуулийн захирал асан өвөөгийнхөө буянаар “Отгонтэнгэр” их сургуульд элсэн, 2005 онд эрх зүйч мэргэжил эзэмшсэн нэгэн. Цаашлаад 2010 онд Австралийн “New south wales”-ийн их сургуульд хууль зүйн магистр, 2012 онд мөн орны “Carrick institute of education” сургуульд аялал жуулчлалын чиглэлийн мэргэжилтэн болсон юм билээ. Эрх зүйч мэргэжил эзэмшмэгцээ аав, ээжтэй нь хамт хойд хөршид сурч байсан Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарын туслахаар 2006-2008 онд ажилласан байдаг. Энэ үедээ Боловсролын зээлийн сангаар сурах хоёр квот БОЯ-нд хуваарилсны нэгийг нь П.Сайнзориг авч, Австралид багагүй хугацаанд номын дуу сонссон гэдэг.
Тэнд сурч ирээд 2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд, 2013-2015 онд Хууль зүйн яамны Хуулийн бодлогын газарт мэргэжилтнээр ажиллажээ. 2015-2016 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажиллаж байгаад буцаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын даргаар ирсэн юм. 2022 он хүртэл уг албан тушаалыг хашаад Х.Нямбаатарыг сайд байхад нь тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болж дэвшжээ. Энэ хугацаандаа дуулиант “Нүүрсний” гэх хэрэг олны анхааралд өртөж, шалгалтын ажиллагааг эхлүүлэхэд орон нутгийн “Тавантолгой” ХК-д Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдож ч байв.
Х.Нямбаатар нийслэлийн Засаг дарга болоход түүнийг дагаж Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан I орлогчоор очсон билээ. 2023-2024 онд уг албан тушаалыг хашаад УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин Сонгинохайрхан дүүргээс сонгогдов. Тэрбээр ХЗДХЯ-ны хамгийн чухал газрын даргаар ажиллаж байсан болоод ч тэр үү, энэ парламентад сууснаас хойш олон хуулийн төсөл, нэмэлт, өөрчлөлт санаачлан боловсруулах ажлын хэсэгт багтан, өргөн мэдүүлж, батлуулахад оролцоод байна. Боловсруулалцаж, өргөн мэдүүлсэн 30-аад хуулийн тоогоороо гишүүд дундаа толгой цохих нь гарцаагүй. Тухайлбал, Төрийн худалдан авах ажиллагааны, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, Төрийн албаны, Улсын бүртгэлийн, Үндэсний их баяр наадмын, Төрийн болон орон нутгийн өмчийн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэх зэргээр чамлахааргүй олныг боловсруулж, өргөн мэдүүлж, санал авч буй.
Хуулийн төслүүдээс гадна Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах саналыг 2025 оны аравдугаар сард гарган, өөрийн албан баланк дээр боловсруулж, гарын үсэг цуглуулж өргөн мэдүүлсэн. МАН-ын талцал, хуваагдлын бодит баримт болсон энэ албан бичгийн үр дүнд УИХ-ын чуулган хуралдаж, тухайн үеийн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хурал удирдаад, хууль зөрчин санал хураалгаснаараа өдгөө УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Баасандоржийн хамт тагнуулын байгууллагад Эрүүгийн хуулийн төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх зүйл заалтын дагуу шалгуулж байна. Үүнд нь мань П.Сайнзориг гэрчээр мэдүүлэг, тайлбар өгөөд сууж буй.
Хуульч, эрх зүйч мэргэжилтэй П.Сайнзориг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хуулийг үл ойшоож, хууль сахиулагчдыг дорд үзсэн явдал ч бий. Тэрбээр согтуудаа Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцын хүү Х.Тайвантай энэ оны хоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг дахь цэнгээний газарт зодолдож, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт хоёулаа яллагдагчаар татагдан, хэргийг нь удахгүй шүүхэд шилжүүлэх гэж буй. Үүнээс өмнө нэгэн найрын үеэр нэлээд халамцсан тэрбээр хууль сахиулах байгууллагын офицеруудыг “Номхон зогс” гэж шаардсан тохиолдол бийг ч найранд оролцож байсан олон хүн харсан гэдэг.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг нь АТГ-т гаргасан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ өөрөө болон гэр бүлийн гишүүд нь хувь эзэмшдэг аж ахуйн нэгжгүй хэмээсэн байдаг. Гэвч хамаарал бүхий этгээд буюу аав нь П.Сайнзоригийг төрийн албанд орохоос өмнө компани байгуулж, Богд хан ууланд газар эзэмшиж байгаад гэнэт нэг өдөр татан буулгасан талаар цахим мэдээллийн хэрэгслүүлэд бичсэн нь бий.