Лондоны металлын бирж (LME)-ийн спот зэсийн үнэ өнгөрсөн даваа гарагт 1.2 хувиар өсөж, тонн нь 14 310 ам.долларт хүрсэн нь энэ оны нэгдүгээр сарын түүхэн дээд ханшийг давсан дүн болов. Цахилгаан эрчим хүч болон барилгын салбарт өргөн ашигладаг зэсийн LME дэх нөөц тавдугаар сараас хойш тал хувиар буурч, 210 мянган тонноос доош түвшинд очсон байна. Энэ нь АНУ боловсруулсан металлд тариф ногдуулж болзошгүй тул яаралтай татан төвлөрүүлэх шаардлагатай гэх болгоомжлолтой холбоотой аж.
Он гарсаар эл металлын үнэ дунджаар 16 хувиар нэмэгдээд буй. Дональд Трампын засаг захиргааны огцом шийдвэрээс өрсөж, арилжаачид зэсийн худалдан авалтаа өсгөснөөр бусад зах зээлийн нийлүүлэлт буурсан юм. Цэвэр, цахилгаан эрчим хүчний сүлжээ болон хиймэл оюуны дэд бүтцэд зэсийн хэрэглээ нэмэгдэж байгаа нь урт хугацааны эрэлтийг дэмжих төлөвтэй. Ташрамд, нөөц буурсаар буй энэ үед Хятад улс нэмэлт нийлүүлэлт гаргаж чадах, эсэхэд зах зээл анхаарал хандуулж байна.