Жил бүрийн аравдугаар сарын турш дэлхий нийтээр хөхний хорт хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, уг өвчний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэн, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулан сурталчилдаг уламжлалтай. Улмаар эл өвчинтэй тэмцэгч, даван туулагчдад итгэл найдвар, хүч чадал өгөх зорилгоор “Хөхний хорт хавдартай тэмцэх сар”-ыг улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. ДЭМБ-аас өнөө жилийн аравдугаар сарыг “Түүх бүр өвөрмөц, аялал бүр чухал” сэдвийн хүрээнд тэмдэглэх уриалга дэвшүүлж, манай улс цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж эхлэв.
Манай улсад хөхний хорт хавдрын өвчлөл өндөр хэвээр, сүүлийн жилүүдэд нэмэгдсээр 2025 оны жилийн эцсийн байдлаар 2882 хүн оношлогдоод байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Жилд дунджаар уг өвчний улмаас 100 гаруй, сүүлийн таван жилд 515 хүн нас барсан байна.
Хөхний хорт хавдраар өвчилсөн эмэгтэйчүүдийн олонх нь хожуу шатандаа оношлогддог нь эмчилгээний үр дүнд шууд сөргөөр нөлөөлдгийг ХСҮТ-ийнхөн сэрэмжлүүлсэн. Иймд охид, бүсгүйчүүдийг хөх болон суганы орчимд шинээр зангилаа, хатуурал үүссэн, эсэх, хэмжээ, хэлбэр өөрчлөгдөх, арьс нь хонхойж, татагдах, улайх, хөхний толгойноос цусархаг, хэвийн бус шингэн гарвал эмчид яаралтай хандахыг зөвлөв. Мөн сарын аяны хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, хоёр жил тутамд маммографын болон ЭХО оношилгоо хийлгэхийг уриаллаа.
О.Ундрах