Засгийн газрын шийдвэрээр, улсын төсвийн санхүүжилтээр ахмад настны тусламж, үйлчилгээ үзүүлэх Геронтологийн үндэсний төвийн шинэ барилгыг 2019 оны есдүгээр сард эхлүүлж байв. Гэвч газрын хөрс суулт өгсөн зэрэг шалтгааны улмаас шинэ барилгын ажил удааширч, долоон жил гацсаны эцэст өнгөрсөн баасан гарагт тус төвийг хүлээн авч, ашиглалтад орууллаа. Тодруулбал, Зуун айл дахь Геронтологийн үндэсний төв ийн буурь сэлгэж, 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд төвхнөлөө. 1956 онд ашиглалтад орсон, сүрьеэгийн диспансерийн 513 ам метр талбай бүхий 16 өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байсан нь ахмад настны хэрэгцээ, тусламж, үйлчилгээг шуурхай явуулахад хүндрэл учруулж байсан юм. Ахмад настанд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг орчин үеийн шаардлагад нийцүүлэн үзүүлэх, сургалт, судалгаа, дадлагын орчныг өргөжүүлэх зорилгоор шинэ барилга, байгууламж барих тухай олон жил ярьсны эцэст биеллээ олсон нь энэ.
Шинэ төвийн нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах нь зөвхөн өвчнийг эмчлэх бус, өдөр тутмын амьдралдаа бие дааж, гэр бүл, нийгэмдээ идэвхтэй оролцоход нь дэмжлэх үзүүлэх хэрэгтэй. Тусламж, үйлчилгээнд хөдөлгөөн, ой санамж, хараа, сонсгол, хоол тэжээл, сэтгэл зүйн хэрэгцээг цогцоор нь анхаарч, өрх, сумын эрүүл мэндийн төвөөс эхлэн эдгээрийг эрт илрүүлж, сэргээн засах эмчилгээнд цаг тухайд нь хамруулах шаардлагатай” гэв. Мөн эмнэлгээс гарсны дараа ч ахмад настнууд хэрэгцээтэй дэмжлэг, тусламжийг үргэлжлүүлэн авдаг тогтолцоог бүрдүүлэх нь чухал гэдгийг онцолсон. Ташрамд дуулгахад, эл төв нь ахмад настны бие бялдрын сэргээн засахаас гадна сэтгэл зүй, танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжих сэтгэл болон хөдөлмөр засал, дижитал ур чадварын лаборатори зэрэг шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Ч.Туяа