Уушгины хатгалгаатай хүүхдээ сахиад эмнэлэгт хэвтэхэд удалгүй л гүйлгэж, бөөлжөөд эхэлдэг. Гэдэс нь өвдөөд очиход орой нь, эсвэл маргаашнаас нь халуурч, ханиалгадаг дүр зураг нийслэлийн эмнэлгүүдэд түгээмэл. Дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасгууд цөөн ортой, зай талбайн хүрэлцээ муутай болохоор амьсгалын замын өвчтэй, суулгалттай, бусад халдвартай хүүхдүүдийг тусгаарлан ангилж эмчилдэггүй учраас ийн нэг дор агуулдаг. Үүнээс үүдэн эмнэлгийн дотоод орчин тэр чигтээ халдварын эх уурхай болдгийг бид бүгд мэднэ. Ханиад, томууны оргил дэгдэлт ч удахгүй тохиох нь.
Ачааллын үеэр хүүхдүүдээ хонгил, шалаар “зулдаг” тул ариутгал, халдваргүйжүүлэлт, агааржуулалт, угаалга цэвэрлэгээ ч утгаа алддаг жамтай. Энэ нь дан ганц эмнэлэг, эмч, ажилтны алдаа гэхээсээ тогтолцооны гажуудал болоод удаж буй. Эмчлүүлэх гэж очоод нэмж халдвар авдаггүй орчинд иргэд үйлчлүүлэхийг хүсэж байна.
Анагаах ухаанд эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний доголдлоос улбаатай тархдаг өвчнийг эмнэлгийн дотоод халдвар хэмээдэг. ДЭМБ-ынхан эл халдвараас хяналтын зөв арга механизмаар урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Тус байгууллагынхны тооцоолсноор хөгжилтэй орнуудад яаралтай тусламж авсан 100 өвчтөн тутмын 5-7 нь эмнэлгийн дотоод халдварт өртдөг бол бага, дунд орлоготой улсад эл үзүүлэлт 15-20 байна. Улмаар ийм халдвар авсан 10 хүн тутмын нэг нь нас бардаг гэжээ. Өөрөөр хэлбэл, эмнэлгээс халдвар авах, тэр дундаа эрчимт эмчилгээ хийлгэж буй өвчтөн болон бага насны хүүхдүүд, дөнгөж төрсөн эх, нярайд энэ нь маш аюултайг сэрэмжлүүлсээр ирэв. Эмнэлэг хэдийгээр эрсдэлтэй орчин ч манайд ийм халдвар тархахад тоодог ч үгүй, байдаг л зүйл мэтээр асуудалд ханддагаас олон хүн эрүүл мэнд, амиараа хохирсоор байгаа юм.
ЭХИЙН ЭНДЭГДЛИЙН 30 ГАРУЙ ХУВИЙГ НЯНГИЙН ГАРАЛТАЙ ҮЖИЛ ЭЗЭЛДЭГ
Эмнэлгийн дотоод халдвар сүүлийн жилүүдэд төр, хувийн хэвшил гэж ялгалгүй гардаг болов. Хувийн эмнэлгээс бид чанартай, найдвартай үйлчилгээг цаг алдалгүй авахын тулд мөнгө төлдөг. Тиймээс улсын эрүүл мэндийн байгууллагаас илүүтэй итгэж найддаг, бас тэр хэрээр шаардлага ч тавьдаг. Гэтэл зарим хувийн эмнэлэг үйлчлүүлэгчээ мөнгөний нүдээр харахаас биш, ая тух, аюулгүй байдлыг нь хангахаа ч больсон. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард иргэн Б.Сувд гэх эмэгтэй нийгмийн сүлжээнд болон хэвлэл мэдээллийн байгууллагад хандан, 30 настай охин нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчлүүлж байхдаа нянгийн халдвар авч, үүнээсээ болоод умайгаа авхуулсан талаар мэдээлсэн билээ. Залуу эмэгтэй хүүхэд төрүүлэх боломжгүй болсноо дуулаад сэтгэл зүйн гүн хямралд өртөж, амиа хорлох оролдлого ч хийсэн гэдгийг тэрбээр хэлсэн. Охины ар гэрийнхэн эмнэлгийн удирдлага болоод эмч нарын хариуцлагагүй, хайхрамжгүй үйлдлээс энэ хэрэг гарсан, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал нь маш хангалтгүйг хөндсөн юм. Эл асуудлыг өдгөө хуулийн байгууллагаар хараахан тогтоогоогүй байна.
Тэгвэл шүүхээр шийдүүлсэн өөр нэг төстэй хэрэг Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн. 2021 оны нэгдүгээр сарын 22-нд кесарево хагалгаагаар төрсөн эмэгтэй халдвар авсны улмаас дөрөв хоногийн дараа бие нь муудсан. Шүүхийн баримтад уг эмэгтэйд мэс заслын дараах умайн салстын болон хэвлийн цочмог идээт гялтангийн үрэвсэл, хийт, булчингийн хальсны үхжил үүссэн гэж тэмдэглэсэн байдаг. Үүний улмаас умайг нь үрийн хоолойн хамт тайрч авсан аж. Шинжээчдийн дүгнэлтээр тухайн эмэгтэйн шарханд халдвар орсон байхад зохих ёсны арга хэмжээ аваагүй, эмнэлгээс гарах үед боолтыг нь ч солиогүй нь тогтоогдсон. Давж заалдах шатны шүүхийн 2023 оны шийдвэрээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ч хохирогч эмнэлгээс халдвар авч, нөхөн үржихүйн эрхтнээ алдах хэмжээнд хүрсэн нь маргашгүй үнэн юм. Тиймээс уг хэрэг нь төрөх явцад тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй, халдвар хамгааллын дэглэм болон мэс заслын дараах хяналтыг дутуу хийснээс үүдэж эхийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, хохирогчид учирсан эмчилгээний болон бусад зардлыг тухайн эмнэлэг, хагалгааг удирдсан эмчээс гаргуулахаар тогтоосон билээ.
Эмнэлгийн дотоод халдварын хамгийн ноцтой нь энэ мэт эх, хүүхдийн эрүүл мэнд, аминд заналхийлдэг болохыг цөөнгүй судалгаа харуулдаг. ЭМЯ-наас ч төрөхийн тусламж, үйлчилгээнд гардаг ноцтой хүндрэлийн нэг нь кесарево хагалгааны дараах халдвар гэдгийг мэдээлж, үүнээс үүдсэн үрэвсэл, үжил (халдвар цусанд орж, цуллаг эрхтнийг гэмтээх аюултай хам шинж)-ийн улмаас умай авах, тайрах мэс засал түлхүү хийгддэг болохыг тайландаа тэмдэглэжээ. 2024, 2025 онд ийм тохиолдол бүртгэгдсээр л байв. ЭХЭМҮТ-ийнхөн эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлээс урьдчилан сэргийлэх сургалт, хэлэлцүүлгээр эх барихын үжил, үжлийн шокийн оношилгоо, эмчилгээг тусгайлан авч үзэж, төрөхийн тусламж, үйлчилгээний хөндүүр сэдэв хэвээр байгааг онцолсон юм. Тус төвийнхөн НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Эх яагаад эндэв” судалгааг тогтмол хийдэг бөгөөд 2025 онд танилцуулсан эмхэтгэлдээ эхийн эндэгдлийн шууд шалтгааны 31.8 хувийг халдварын гаралтай үжил эзэлснийг мэдээлсэн. Стандарт удирдамж, зөвлөмжийг мөрдсөн бол тэдний 40.5 хувийг аврах, 95.4 хувийг өвчлөхөөс сэргийлэх бүрэн боломжтой байсан гэв.
УЛААНБУРХНААР ӨВЧЛӨГСДИЙН ОЛОНХ НЬ ЭМНЭЛГИЙН ОРЧИНД ХАЛДВАР АВЧЭЭ
Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлгээс шалтгаалсан халдварыг бүртгэн мэдээлдэг. 2021 онд л гэхэд дотоод халдварын 7466 тохиолдол бүртгэгдсэний олонх нь “Ковид-19” байжээ. Мөн мэс заслын дараах шархны халдвар 80, зохиомол амьсгалын аппараттай холбоотой уушгины хатгалгаа 123, нярайн бактерийн үжил найм, судасны гуурс, уян зүүний шалтгаант 11, шээлгүүртэй холбоотой халдвар 11 бүртгэгдсэн нь сүүлийн таван жил дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн 2025 оны сүүлчээс 2026 оны нэгдүгээр сард тохиосон улаанбурхан өвчний дэгдэлтийн үеэр эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө голомт болж, нийслэлд бүртгэгдсэн нийт тохиолдлын 50 гаруй хувь нь эмнэлгийн орчинд халдварт өртсөн болохыг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Үүний хүрээнд ЭМЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газрынхантай хамтран хүүхдийн ор бүхий төр, хувийн хэвшлийн 23 эмнэлэгт халдвараас сэргийлэх дэмжлэгт хяналт зохион байгуулсан аж.
ДЭМБ бага, дунд орлоготой орнуудад эмнэлгийн халдвар түгээмэл бүртгэгддэг нь ус, ариун цэвэр, эрүүл ахуйн суурь нөхцөл тааруу, эм, тариа, бодисын нөөц муу, ариутгал, халдваргүй жүүлэлтийн тогтолцооны цоорхой их байдагтай холбон тайлбарлажээ. Өвчтэй хүн эмнэлэгт эмчлүүлэх ёстой болохоос өөр халдвар тээх учиргүй. Ялангуяа улаанбурхан шиг халдварлах өндөр чадвартай өвчний үед үйлчлүүлэгч дийн урсгал, тусгаарлалт, хүлээлгийн орчин, агааржуулалт, ажилтны хамгаалалт ямар чухал болохыг дээрх үйл явдал бидэнд харуулж байна.
Өндөр хөгжилтэй, техник, технологийн эл эрин зуунд эмнэлгийн халдварын эрсдэлийг бууруулах өч төчнөөн арга, тандалтын систем, стандартыг олон улсад мөрдөж буй. Өвчтөн тусгаарлах, орны ачааллыг зохистой хэмжээнд барих, мэс заслын өрөөний урсгалыг зөв зохион байгуулах, багажийг стандартын дагуу ариутгах, цэвэрлэгээг тогтмол хийх зэрэг нь шинэ зүйл биш гэсэн үг. Манай улс уг нь 2014 онд эмнэлгийн дотоод халдварыг бүртгэх журмаа шинэчилж, 2019 онд тусламж, үйлчилгээтэй холбоотой тандалт явуулах тусгай заавраа баталсан байдаг. Уг зааварт хагалгааны дараах шархны, судасны гуурсаас үүсэх халдвар, мөн үжил, зохиомол амьсгалын аппараттай байх үеийн уушгины хатгалгаа зэргийг шуурхай илрүүлэхийг тусгаж, эх, нярайг халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэгт оруулжээ.
Тэгэхээр бид журам, заавар, тандалтын тогтолцоогүйдээ бус, хэрэгжилт, хяналт нь сул байдагтай холбоотойгоор халдварын эрсдэл буурдаггүй аж. Дотоод халдварын хяналт нь эмнэлгийн барилга, урсгал зохион байгуулалт, ор, хүний нөөц, угаалга, ариутгал, ус, агааржуулалт, лаборатори, тандалт, мэдээлэл, санхүүжилт, удирдлага, эмч, сувилагчийн арга барил бүгдээс хамаарна. Манай улсын эмнэлгийн барилгын нормд хүртэл хүүхдийн халдварт бус эмнэлгийн орны тодорхой хэсгийг хайрцагласан байдлаар, халдвартынхыг нэг тасагт 1-2 ор байрлуулахаар зохицуулсан ч энэ нь бодит амьдралд хэрэгжсэн түүхгүй.
Хүний эрхийн үндэсний комиссоос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг илтгэлүүддээ тусгайлан авч үзэж, анхааруулдаг. Тухайлбал, эмнэлгийн аюулгүй байдлыг хангах, халдварын тохиолдлыг үнэн зөв бүртгэх, шалтгааныг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэх, хариу арга хэмжээ авах тогтолцоо Монголд хангалтгүй байгааг удаа дараа шүүмжилж ирсэн ч эдүгээ юу ч өөрчлөгдөөгүй нь харамсалтай.
Олон улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар гардаг ч оновчтой журам, зөв зохион байгуулалт, хяналт, хариуцлагын тогтолцоогоо сайжруулах замаар үүнтэй тэмцэж байна. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийнхөн улс орнуудад эмнэлгийн ариутгал, цэвэрлэгээний ажилтны сургалт, стандарт ажиллагааны зааврыг яс мөрдүүлж, хяналт, аудит, үр дүнгээр үүнийгээ баталгаажуулан эргэн мэдээлдэг систем хэрэгжүүлэхийг зөвлөжээ. “Эрсдэлгүй эмнэлэг”, “Халдваргүй орчин” гэх мэт хааяа зохион байгуулдаг аян, арга хэмжээ нь дорвитой өөрчлөлт авчирдаггүйг ч онцолсон байна. Цаашлаад эмнэлгийн дотоод халдварт өртсөн иргэнд гомдол гаргах, хохирлоо тогтоолгох, нөхөн төлбөр авах механизм бүрдүүлэх, мэдээллийг нуух бус, ил тод зарладаг болох, ингэхдээ эмнэлгүүдийн эрсдэлийн түвшнийг тогтоох шаардлагатай гэжээ.