УИХ дахь АН-ын бүлгийг хэн зангидах вэ гэдэг асуудал тус намыг дотор нь талцуулаад байна. Уржигдар болсон ээлжит хуралдаанаар энэ талаар хөндсөн юм. Гэвч шийдэлд хүрэлгүй тарцгаажээ. Гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нар нэрээ дэвшүүлэхээ илэрхийлсэн аж. Бүлгийн даргыг сонгохын тулд одоо байгаа хүнийг нь чөлөөлөх ёстой. АН-ын гишүүдийн зарим нь “О.Цогтгэрэл бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй учраас нэр дэвшүүлэх үйл явц өрнөөгүй” гэж мэдэгдсэн бол тус намын дарга нь өөрөө “Би чөлөөлөгдөх хүсэлтээ тавьж, даваа гарагт дараагийн даргыг сонгоё гэдэг санал гаргасан” хэмээн ярьжээ. Эндээс эл сонгууль багагүй маргаан дагуулах нь гэдгийг харж болно. Ямартай ч ирц 100 хувь бүрдэж байж бүлгийн даргын сонгуулийг явуулах нь зөв гэж үзээд ирэх долоо хоног хүртэл уг асуудлыг хойшлуулсан тул ямар нэгэн санал хураалт болоогүй аж.
Х.Тэмүүжинг Х.Баттулгын талынхан, Б.Түвшинг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дэмжигчид зүтгүүлж буй гэнэ. Олон жил улс төрд явж буй Х.Тэмүүжинтэй УИХ-д анх удаа “орж ирсэн” хүн өрсөлдөх нь тэнцвэргүй. Гэхдээ хөшигний ард хэнийх нь тал дийлэхээс сонголт хамаарах бололтой. АН-ын бүлгийнхэн хуралдаанаар шийдэх асуудлаа хойшлуулахтай зэрэгцээд Б.Түвшинг дэмжигч гишүүн Ц.Баатархүү, Д.Цогтбаатар нар бүлгийн даргын тамгыг авч зугтаасан байна.
ХОЁР ОРОЛДЛОГО
АН-ын Үндэсний бодлогын хорооноос О.Цогтгэрэлийг өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд даргаар сонгосон юм. Улмаар Дээд шүүх дараа сард нь түүнийг албан ёсоор бүртгэсэн. Ийнхүү тэрбээр АН-ын болон УИХ дахь бүлгийн даргын албыг хавсран хашиж эхэлсэн. Энэ үеэс л “давхар дээл”-ээ хэзээ тайлах вэ гэдэг асуулт түүнийг дагасан билээ. Тэр бүрд л “Би УИХ дахь бүлгийн даргын ажлаа өгөхөд бэлэн” гэдэг хариулт өгч байв. Улмаар өнгөрсөн тавдугаар сард энэ асуудлыг АН-ынхан нэг удаа хэлэлцэж, мөн л Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлджээ. Бүлгийн даргыг сонгох санал хураалтыг нууцаар явуулдаг журамтай юм билээ. Улмаар Б.Түвшин гишүүн илүү санал авсан тухай зарим хэвлэлд мэдээлсэн. Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нөлөөгөөр энэ асуудлыг түр хойшлуулж, О.Цогтгэрэлийг хэвээр үлдээсэн байна. Харин тэрбээр “Бүлгийн гишүүд намайг үргэлжлүүлэн ажиллаач гэж хүссэн” хэмээсэн.
Тэгвэл энэ удаа АН-ын дарга даваа гарагт бүлгийн хуралдааны үеэр давхар ажлаа өгнө, дараагийн даргыг сонгох асуудлыг хэлэлцье гэдэг саналыг өөрөө дахин гаргажээ. Баасан гарагт тус намын Улс төрийн зөвлөл хуралдсан юм. Үүний дараа буюу бямба гарагт тэрбээр зараа түгээсэн аж. Даваа гарагт болсон бүлгийн хуралдаанд 42 гишүүнээс 37 нь оролцсон байна. Дөрвөн гишүүн гадаад, дотоодод томилолттой байсан бол нэг нь “тасалжээ”. Эзгүй гишүүдийнхээ саналыг бичгээр авъя гэж зарим нь хэлэхэд 22 хүн “Энэ бүрэлдэхүүнээрээ санал хураая” хэмээсэн гэнэ. Гэвч ирц 100 хувь болсны дараа асуудлыг шийдэх нь зөв, зарыг тулгаж тараасан тул зарим хүн хуралдаа ирж амжсангүй хэмээгээд хойшлуулсан аж.
УИХ-ЫН ДАРГЫН ЖИЖИГ ХУВИЛБАР
УИХ дахь бүлгийн дарга ямар эрх, үүрэгтэй вэ. Түүнийг УИХ-ын даргын жижиг хувилбар гэж ойлгоход болно. Бүлгийн дарга УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд багтаж, парламентаар юу хэлэлцэхийг шийдэлцэж, гишүүдийнхээ санаачилсан хуулийн төслийг жагсаалтад багтаахад хувь нэмрээ оруулна. Гишүүдээ зангидаж ажиллана, эв нэгдлийг хангана, бүлгийн хуралдаанаа удирдана, бодлогоо чиглүүлнэ, байр сууриа нэгтгэнэ. Мөн бүлгийн ажлын албыг даргалдаг. УИХ-ын тухай хуулийн 31.1, 31.2-т заасны дагуу эл ажлын алба нь бүлэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад шаардлагатай мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Энэ нь 32 хүртэл орон тоотой байхаар заажээ. Ажлын алба тусгай төсөвтэй. УИХ-ын бүлгийн дарга мөн Төрийн ордонд илүү том өрөөнд суудаг.
Үүнээс гадна намынхаа төв аппараттай хамтран ажиллаж, эв нэгдлээ хангах чиглэлд ерөнхий нарийн бичгийн даргын дараа орох албан тушаал юм. Тиймээс л улс төрийн “толгойлогчдын” хувьд анхаарах ёстой суудал болоод байна.
Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ НАРЫН ХЭНИЙГ ДАГАХ ВЭ
Сөрөг хүчний УИХ дахь бүлгийн даргын тухай ярьж байхад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр дурдагдаад буйг анзаарсан байх. АН дотор ч түүний талыг баримтлагчид буюу “тавиулууд” нь байдаг гэдгийн баталгаа энэ. Тус намд өнгөрсөн тавдугаар сард “Ардчилсан сэргэлт” хэмээх холбоо байгуулагдсан. Үүнд нь УИХ-ын 11 гишүүн харьяалагддаг юм. Тэд Д.Ганбат гишүүнийг санал нэгтэйгээр ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсноо мэдэгдээд байгаа. Тэгвэл уг холбооны гишүүн Б.Түвшинг тэд УИХ дахь бүлгийн даргадаа сойхоор шийдсэн байх нь. Бүлгийн даргын тамгыг авч зугтсан хоёр гишүүн ч энэ фракцад харьяалагддаг. АН-ын дээрх холбоог Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “удирддаг” гэсэн мэдээлэл бий. Уг нь тэр МАН-аас нэр дэвшиж, Төрийн тэргүүн болсон хүн. Хэдийгээр Ерөнхийлөгч нам бус болсон байх учиртай ч эрх баригч хүчний доторх нэг бүлэглэлийг тэргүүлдэг, улс төрийг чиглүүлдэг гол хүмүүсийн нэг. Тиймээс сөрөг хүчин дотроо ч гар, хөлөө шургуулсан байдаг аж. Үнэндээ манай улсад тусдаа нам үгүй болж, үүнд үл захирагдах бүлэглэл нь улс төрчдийн жинхэнэ харьяаллыг тодорхойлоод удаж буй. МАН доторх “30-ийн бүлэг”-ийг АН-ын Х.Баттулга “залуурддаг”-тай ижил гэсэн үг. Тэгэхээр АН-ын УИХ дахь бүлгийн даргын сунгаа үнэндээ Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын хэн нь дийлэх вэ гэдэг өрсөлдөөн болж буй юм.
О.Цогтгэрэл одоо ч бүлгийн дарга хэвээр байгаа тул хуралдааныг хойшлуулж чаджээ. Эзгүй байсан таван хүн Х.Тэмүүжинд саналаа өгөх талынхан аж. Тиймээс уржигдрын бүрэлдэхүүнээр санал хураасан бол тэр ялагдах эрсдэлтэй байж л дээ. Зүтгүүлсэн хүн нь ялах магадлалтай хуралдааныг хойшлуулсныг эсэргүүцсэн Дав.Цогтбаатар, Ц.Баатархүү нар тамга халааслан зугтсан байх нь. Тэд шахаж шаардуулж байж бүлгийн даргын тамгыг мөн өдрийнхөө орой ажлын албандаа хүлээлгэж өгсөн гэнэ. Хүч хэрэглэх, ялагдаад болохоо байхаараа тамгаа авч зугтдаг нь АН-ынхны “уламжлал” юм. Ямартай ч АН-ын даргыг Х.Баттулгын фракцад хамааруулж харддаг. Үйлдлээрээ ч тэрбээр үүнийгээ баталдаг гэхэд болно. Тиймээс Б.Түвшин гишүүнд бус, Х.Тэмүүжинд бүлгийн даргын тамгаа өгөхийг хүсэж буй.
Ажилласан туршлага, чадвараар нь шүүвэл Х.Тэмүүжин гишүүн яалт ч үгүй жин дарна. Тэрбээр гурав дахь парламентдаа ажиллаж байгаа. Хууль зүйн сайд байсан, тулхтай хуульчдын нэг. Сонгуулийн үйл явц эхлээгүй учир тодорхой зүйл ярихгүй гэдгээ тэрбээр хэлсэн ч “УИХ-ын бүлгийг удирдах хүн таван гол зарчмыг хангах ёстой. Юуны өмнө 42 гишүүнийхээ эв нэгдлийг хангана. Мөн сөрөг хүчний ажлаа хийж, эрх баригчдын увайгүй үйлдлийг илүү хурцаар шүүмжилж, тэмцэх зоригтой байх ёстой. Хоосон хэрүүл хийх биш, УИХ-аар бодлогын шийдлүүдээ батлуулах чадамжтай, бүлгийн гишүүдийнхээ санал, бодлогыг ажил хэрэгчээр амжилттай хэрэгжүүлэх сайн зохион байгуулагч байх учиртай. Түүнчлэн парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлд ажиллаж, үүний эсрэг үйл явцыг таслан зогсоох хараатай байх нь зүй. МАН-ын хуваагдлын аль нэг талд орохгүй, АН-ын өөрийн байр суурийг хамгаалагч байх ёстой” гэсэн юм. Бүлгийн дарга болбол тэр хэрхэн ажиллах “мөрийн хөтөлбөр”-өө үүгээр илэрхийлжээ.
Тэгвэл эдийн засагч мэргэжилтэй Б.Түвшин гишүүн УИХ-д анх удаа сонгогдон ажиллаж буй. Гэхдээ өнгөрсөн хоёр жил гаруйн турш төсвийн төслийн хэлэлцүүлэг зэргээс авхуулаад байр сууриа тоймтой илэрхийлсээр ирсэн юм. Тэрбээр банк болон бизнесийн салбарт ажилласан л туршлагатай. Тухайлбал, АПУ ХХК-д санхүү хариуцсан захирлаар 15 жил ажиллажээ. “УИХ-ын гишүүн л бол хэн ч байсан уг албан тушаалд өрсөлдөх эрхтэй. Би нэрээ дэвшүүлнэ, үүнийг хашиж чадна гэдэгтээ эргэлзэхгүй байна” хэмээн Б.Түвшин гишүүн ярьсан. Түүнийг мөн АН-ын генсек С.Баярцогтын хүн гэдэг аж. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга нь Х.Баттулгатайгаа холбоо харилцаа сайнгүй. Бас С.Баярцогт У.Хүрэлсүх нарыг ч холбоотой ажилладаг гэх. Тиймээс О.Цогтгэрэл бүлгийн даргаа дурын нэг гишүүндээ суллаж өгч чадахгүй байна. Учир нь үүний ард бүлэглэл хоорондын эрх мэдлийн өрсөлдөөн, тэнцвэрийг хадгалах асуудал хөндөгдөж буй байх нь.
АН-ынхан эдүгээ парламентын бүлгийнхээ удирдлагыг өрсөлдөгч МАН-даа алдах уу, хорчин хэдий ч өөрийн намын хүнд олгох уу гэсэн салаа зам дээр зогсож байна. “Ардчилсан сэргэлт”-ийнхний зүгээс “Бүлгийн хуралдаанаар санал хурааж, Б.Түвшин гишүүн 22 хүний саналаар илүүрхсэн” гэсэн мэдээлэл тараажээ. Зарим сайтад ийм мэдээлэл гарсан юм. Тэгвэл Ч.Лодойсамбуу гишүүн энэ талаар “Айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр нэг тал нь элдэв худал хов тараагаад байна. Ямар ч санал хураагаагүй. Бие даасан улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй бол АН аюул дунд байна. Тиймээс өмнөх болон одоо байгаа Ерөнхийлөгчийн түлхсэн хүнийг дэмжихгүй” гэжээ. Гэхдээ тэрбээр Х.Тэмүүжинг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна лээ. Эрхэм гишүүн энэ үгээрээ эл нэр дэвшигчийг хэний ч хамааралгүй хүн гэж хэлэхийг хүссэн аж. Ямартай ч Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нэгэнтээ “Х.Баттулга нохой нь нохой, гэхдээ манай талын нохой” хэмээн хэлсэн нь бий. Энэ намыг “самарч” дуусгаж буй гэдэг ч түүнээс дээр сонголт АН-ынханд алга бололтой. Бие даасан бодлого энэ намд үгүй болоод уджээ. Тиймээс л улс төрийн бүлэглэлийн толгойлогчдод “барьцаалагдсан”, хөөрхийлөлтэй нам болж хувирсан байна. Уг нь Монголын хоёр дахь том нам, МАН-тай тулах ганц хүчин байсан юм сан.