Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн Удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалтыгявуулсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ.
2015 оны БАЛДОРЖ шагналын шилдэг аравт тухайн үеийн “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Д.Мөнхчимэгийн “Төр томорч бизнес хумигдах жил”, “Эдийн засгийн салхи баруунаас зүүн тийш эргэв” нийтлэлээрээ шалгарсан юм.
Д.Манхчимэг
Хэрвээ та бизнес эрхлэгч бол банкнаас зээл авахын тулд төр гэдэг “том гар”-тай өрсөлдөх хэрэгтэй болох нь. Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлт саарч, зах зээлд мөнгө ховордсон энэ хүнд үед төр тантай уралдан арилжааны банкнуудаас мөнгө зээлж байна. Үүнээс болж бизнес эрхлэгчдийн гарт очих мөнгөний хэмжээ улам багасаж, тэр хэрээр ажлын байрны тоо цөөрч, эдийн засаг хумигдах нь тодорхой болоод байгаа юм.
УРСГАЛ СӨРӨХ БОДЛОГО
Арилжааны банкнуудын зээлийн хүү өсөж, нөхцөл, шаардлага нь улам хатуу болсныг бизнес эрхлэгчид анзаарсан биз. Энэ нь манай Төвбанкны хэрэгжүүлж буй бодлоготой холбоотой. Дэлхий даяараа мөнгөний бодлогоо зөөлрүүлэх аянд нэгдэж байхад Монголбанк урсгал сөрж явааг бид харж байна.
Улс орнууд мөнгөний бодлогоо толгой дараалан зөөллөж байгаа бөгөөд энэ оны эхний сард л гэхэд 14 улсын Төвбанк бодлогын хүүгээ бууруулжээ. Рублийн ханшийн үнэгүйдэлтэй нүүр тулсан Оросын Төвбанк хүртэл өмнө нь бодлогын хүүгээ огцом өсгөсөн шийдвэрээ зөөллөж, хүүгийн хэмжээг эргээд хоёр нэгж хувиар бууруулсан. Тэгвэл манай урд хөрш өнгөрсөн арваннэгдүгээр сард бодлогын хүүгээ доошлуулсан бөгөөд саяхан банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг багасгах шийдвэр гаргалаа. Харин Монголбанк бодлогын хүүгээ сүүлийн хагас жилийн хугацаанд хоёр ч удаа нэмж, 13 хувьд хүргээд байгаа юм. Үр дүнд нь, иргэд, бизнес эрхлэгчдийн гарт очих мөнгөний хэмжээ багасаж байна. Зээлийн өсөлтийн хурдац өнгөрсөн оны эхний сард 54.3 хувьтай байсан бол өнгөрсөн арванхоёрдугаар сард 16.1 хувь болтлоо татарчээ. Үүнээс үзэхэд, эдийн засгийн өсөлт энэ онд улам муудах нь ойлгомжтой болов.
2011 онд 17.5 хувьд хүрч байсан ДНБ-ий өсөлт 2012 онд 12.3 хувь болж саарсан. Энэ үзүүлэлтийг өөд нь татахын тулд Монголбанк 2013 оноос мөнгөний бодлогоо зөөллөж эхэлсэн байдаг. Тодруулбал, 2013 оны эхээр арилжааны банкнуудад 900 тэрбум төгрөг байршуулж, 1.9 их наяд төгрөгөөр бага хүүтэй орон сууцын зээлийг дэмжиж, нэг их наяд гаруй төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зарцуулсан. Үүний зэрэгцээ, бодлогын хүүгээ гурван ч удаа бууруулж, 13.25-аас 10.5 хувь болгож байсан юм. Төвбанкнаас эдийн засагт нийлүүлсэн зээлийн хэмжээ 2013 оны есдүгээр сард оргил цэгтээ буюу 3.2 их наяд төгрөг (ДНБ-ий 17 хувь)-т хүрч байжээ. Энэ бүхний үр дүнд 2013 онд эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоо хадгалж, 11.6 хувьтай гарсан. Тэгвэл одоо Монголбанк мөнгөний зөөлөн бодлогоосоо нэгэнт татгалзсан учраас эдийн засгийн өсөлтийг дэмжих хөшүүрэг үндсэндээ алга болж байна.
Төвбанкнаас эдийн засагт нийлүүлсэн зээлийн хэмжээ өнгөрсөн есдүгээр сард 2.8 их наяд төгрөг болтлоо буурсан бөгөөд цаашдаа ч багасах хандлагатай. Дээрээс нь бодлогын хүүг нэмснээр арилжааны банкнуудын зээлийн хүү ч өсөж, өнгөрсөн оны нэгдүгээр сард 18.9 хувь байснаа арванхоёрдугаар сард 19.5 хувь болжээ. Ийнхүү эдийн засгийн судсаар урсах мөнгөний үнэ нэмэгдэж, урсгал татарч байгаа нь юунд хүргэх вэ? ДНБ-ий өсөлт өнгөрсөн онд 6.9 хувь болтлоо саарсан гэх таамаглал бий бол энэ жил түүнээс ч бага байж мэдэх юм.
ТЭНГЭРТ ХАДСАН ХҮҮ
Зээлийн хүү өсөж, хэмжээ нь ч багасаж байгаагийн зэрэгцээ Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэй уралдаж, арилжааны банкнуудын активыг “булаацалдах” болсон. Тодруулбал, Засгийн газар 2013 онд түүхэндээ анх удаа 2.6 их наяд төгрөгийн үнэт цаас дотоодын зах зээлд арилжаалсан бол өнгөрсөн оны эхний гурван улиралд 1.3 их наяд төгрөгийн бонд гаргажээ. Ингэснээр Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ)-ны үлдэгдэл өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 2.3 их наяд төгрөгөөс давсан байна. Харьцуулж үзэхэд, арилжааны банкнуудаас жижиг, дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2.1 их наяд төгрөг байгаа юм.
Засгийн газрын үнэт цаасны 96 хувийг дотоодын арилжааны банкнууд худалдан авч байгаа гэх мэдээлэл бий. Эдийн засгийн нөхцөл хүндэрч, чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдсэн энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгож, эрсдэл үүрч байснаас Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах нь арилжааны банкнуудад ашигтай шүү дээ. Энэ сарын 4-нд л гэхэд нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 12 долоо хоногийн хугацаатай үнэт цаасыг 14.9 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна. Нийт 20 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалахад эрэлт нь нийлүүлэлтээсээ 5.5 тэрбум төгрөгөөр давсныг Монголбанк цахим хуудсандаа мэдээлжээ.
Засгийн газрын үнэт цаасны борлуулалт сайн байх тусам иргэд, бизнес эрхлэгчдийн гарт очих зээлийн хэмжээ хумигдана. Аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ багасаад ирэхээр ажлын байрны тоо, ажилчдын цалингийн хэмжээ ч дагаад буурна. Үүний үр дүн одоо ч харагдаж байна. Энэ оны эхний сард гэхэд 8139 хүн “ажилгүй” иргэдийн жагсаалтад шинээр нэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Засгийн газар ийнхүү хувийн хэвшлийнхэнтэй уралдан байж босгосон мөнгөө төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулж буй. Төсвийн 80 гаруй хувийг урсгал зардал эзэлж байгаагаас үзэхэд энэ мөнгө нийгэмд хэрэгтэй хөрөнгө оруулалтад зарцуулагдах магадлал тун бага. Харин төрийн албан хаагчдын цалин, төсвийн удирдагч нарын унааны мөнгө, гадагшаа явах томилолтын зардал болоод л дуусах вий. Хамгийн эгдүү хүрмээр нь, Засгийн газрын үнэт цаасны өндөр хүү болон үндсэн төлбөрийг төсвөөс төлдөг. Өнөөх зээлээ булаалгасан аж ахуйн нэгжүүд, тэдгээрт ажиллаж буй хүмүүс татварын мөнгөөрөө Засгийн газрын үнэт цаасны хүү болон үндсэн төлбөрийг төлж байна гэсэн үг. Татвар төлөгч бид хэр их мөнгийг үүнд зарцуулж байгаа вэ?
Засгийн газрын зүгээс өнгөрсөн онд гаргасан урт хугацаат үнэт цаасанд 68.8 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр, нийт үнэт цаасны үндсэн төлбөрт нэг их наяд гаруй төгрөг төлжээ. Тэгвэл энэ онд зээлийн үйлчилгээний төлбөрт төсвөөс 707.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь 2011 оныхоос даруй 19 дахин өссөн үзүүлэлт юм.
Засгийн газар бонд гаргах нь энгийн л үзэгдэл. Гэхдээ Засгийн газрын үнэт цаас гэдэг хамгийн найдвартай, итгэлтэй санхүүгийн хэрэгсэл гэж дэлхий нийтээрээ үздэг учраас хүү буюу өгөөж нь бага байж таардаг. Харин Монголд эсрэгээрээ болчхоод байна. Манай Засгийн газрын үнэт цаасны өгөөж 15-16 хувьтай байгааг тэдгээрийг худалдан авч буй банкирууд хүртэл шүүмжилж буй. Төр ийнхүү бизнес эрхлэгчдээс өрсөн зээл авахын тулд тэнгэрт хадсан хүү амлаж, улмаар төсөвт ирэх зээлийн хүүгийн дарамтыг нэмсээр. Тэр хэрээр бизнес эрхлэгчдийн гарт очих бэлэн мөнгөний хэмжээ багассаар. Дээрээс нь Монголбанк мөнгөний хатуу бодлого баримталж буй учраас айсуй хонь жилд бизнес хумигдах төлөвтэй.
Эдийн засгийн салхи баруунаас зүүн тийш эргэв
Либерализмын бодит төрхтэй танилц: Цуврал ¹1
ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛЭЭС ДЭЛХИЙ ТАТГАЛЗАЖ БАЙНА
Бидний 25 жилийн турш итгэж, шүтэж ирсэн чөлөөт зах зээл нүдний өмнө мөхөж байна. Тэгэхдээ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг шиг нүд ирмэх зуур нураад уначихгүй ч аажмаар, алгуурхан амьсгал хураах нь. 1980-аад оноос дэлхийд ноёрхсон либерализмын үр дүнд баян, хоосны ялгаа гаарч, эдийн засгийн өсөлт саарч, санхүүгийн систем туйлын хэврэг, бас тогтворгүй болжээ. Долоон жилийн өмнө эхэлсэн санхүү эдийн засгийн хямрал энэхүү системийн бүхий л сул тал, булхайг илчилсэн юм. Түүнээс хойш чөлөөт зах зээлийг шүүмжлэгчдийн дуу хоолой өдрөөс өдөрт чангарч, “тоглоомын шинэ дүрэм” хэрэгтэй болсныг анхаарууллаа. Пол Кругман, Жозеф Стиглиц, Жеффри Сакс, Томас Пикетти зэрэг нэрт эдийн засагчийн чөлөөт зах зээлийг хайр найргүй шүүмжилсэн ном, нийтлэлүүд дэлхий даяар “моодонд” ороод байна. “Эдийн засгийн салхи баруунаас зүүн тийш эргэсэн” хэмээн “Bloomberg View’’-ийн нийтлэлч Ноа Смит онцлоод, либерал эдийн засгийг хамгаалагчид ярьсаар, бичсээр хэвээр буй ч хэний ч анхаарлыг татахаа байсныг тэмдэглэжээ.
ЛИБЕРАЛ ЭДИЙН ЗАСГИЙН “ШИЛДЭГ СУРАГЧ”
Америк мөрөөдөл, ардчилал, эрх чөлөө, эдийн засгийн асар их хүч. Энэ бүхнээс болж дэлхий даяараа Америкийг дуурайх өвчин туссан билээ. Харин түүнийг нь өдөөх үйл ажиллагааг либерализмын загалмайлсан эцэг, эх буюу Рональд Рэйган, Маргарет Тэтчер нар хийсэн юм. Тэд АНУ, Британид төрийн оролцоог хумих, зах зээлийг чөлөөлөх шинэч лэл хийсэн нь неолиберализм, тэтчеризм хэмээх нэрээр олонд танигджээ. Чухам тэр үеэс буюу 1980-аад оноос Дэлхийн банк, Олон улсын валютын сан (ОУВС) энэхүү үзэл суртлыг “экспортлох” үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна. Санхүү, эдийн засгийн хүнд байдалд орсон улс орнууд эдгээр байгууллагаас зээл авахын тулд чөлөөт зах зээлийн бодлогыг “импортлох” нөхцөлтэй тулгарч эхлэв. Хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг “Америкийн амжилтын нууц” хэмээх шошготой бонусын хамт авахаас хэн татгалзах билээ. Тухайн үед өрийн хямралд ороод байсан Латин Америк болон Африкийн орнууд, ЗХУ задран унасны дараах пост коммунист орнууд либерализмыг нутагшуулсан.
Дэлхийг хамарсан энэхүү шинэчлэлээс Монгол Улс хоцроогүйгээр барахгүй “Барууны либерал эдийн засгийн шилдэг сурагч” хэмээн өргөмжлөгдсөнийг профессор Моррис Россаби “Орчин цагийн Монгол” номдоо тэмдэглэсэн байлаа. Үнэхээр ч монголчууд гадаадын зөвлөхүүдийн хэлсэн бүхнийг ёсчлон биелүүлж байв. Тэдний улс бүрд бичиж өгдөг ганц жор буюу “Шок эмчилгээ”-г Монголд тохирох уу, үгүй юү хэмээн эргэлзэх зүйлгүйгээр шуудхан хэрэгжүүлсэн. Үнийг огцом либералчилснаар нэг өглөө босоод ирэхэд л төгрөгийн ханш хоёр дахин унаж, улмаар инфляц 325.5 хувьд хүртлээ өсөж байлаа. Ийнхүү гипер инфляц, хүнсний хомсдолтой нүүрлэсэн монголчууд дэлгүүрийн үүдэнд дугаарлан зогсохдоо “Энэ бүхэн түр зуурынх” гэж итгэж байв. “Шилжилтийн үеийг л даваад гарчихвал бүх зүйл сайхан болно” хэмээн эрх баригчид тайлбарлахдаа өөрсдөө ч үүндээ бат итгэж байсан биз. Харамсалтай нь, бидний итгэж, хүсэж хүлээсэн үр дүн гарсангүй.
Тэр үетэй харьцуулахад өнөөдөр байдал тэс өөр болсон нь үнэн л дээ. Монголчуудын амьдрал сайжирч, хэрэглээ нэмэгдсэн. Гэвч та эдэлж, хэрэглэж байгаа бүхнээ нэг хар даа. Бид юу хийж, юуг бүтээж байна вэ? Энэ бүхний эцэст манай улс ердөө “түүхий эдийн хавсарга орон” болж хувирчээ. Бид ашигт малтмалаа экспортлоод, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ импортлохоос өөр юу ч хийж чадахгүй сууна. Гадаад худалдаагаа чөлөөлж, аж үйлдвэрлэлээ хамгаалах бодлогоо устгаж, төрийн өмчит үйлдвэрүүдээ “хувьчлах” нэрээр үгүй хийсний гай энэ.
1989 онд Монгол Улс 3.6 тэрбум ам.долларын ДНБ-тэй байсан бол 1990-1993 онд энэ үзүүлэлт даруй 4.6 дахин буурчээ. “Чөлөөтзах зээлд шилжиж эхлэхийн өмнөх эдийн засгийнхаа цар хэмжээнд эргэж хүрэхэд 18 жил зарцуулсан” хэмээн эдийн засагч Х.Батсуурь “Шинжээч” сэтгүүлд гарсан нийтлэлдээ бичээд “Энэ хугацаанд аж үйлдвэрлэлийн цогц систем, ажилчин анги, хүчирхэг боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо зэрэг улс орны хөгжлийн тулгуур, сууриа устгасан юм” гэжээ. 1989 онд манай эдийн засгийн 33-35 хувийг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эзэлж байсан бол одоо энэ үзүүлэлт дөнгөж найман хувьтай байгааг тэрбээр онцлов.
Бид 50 жилийн турш бүтээн байгуулсан аж үйлдвэрлэлээ тав хүрэхгүй жилд сөнөөж чадсан учраас “шилдэг сурагч” хэмээн гадаадын зөвлөхүүдэд магтуулсан. Ийнхүү “ардчиллын алтан хараацай”, “чөлөөт зах зээлийг дээдлэгч” хэмээн өөрсдийгөө цоллож, онгирох хуга цаандаа бид харин юу ч бүтээж амжсангүй. Эргэн тойрноо хар л даа. Хүн ам хэчнээн нэмэгдсэн билээ, хэдэн сургууль, эмнэлэг, төрөх эмнэлэг шинээр босов. Барилга байшин хэчнээн нэмэгдсэн билээ, хэдэн ширхэг цахилгаан станц шинээр бий болов.
Зах зээлээ чөлөөлснөөр Монгол Улсын гадаад худалдааны түншүүд олширсон хэмээн либерал эдийн засагчид тайлбарладаг. Гэвч өнөөдөр манай экспортын 90 хувийг зөвхөн хятадууд худалдаж авч байгаа нь маргашгүй үнэн юм. “Хоцронгуй хөгжилтэй улсууд чөлөөт зах зээлийн бодлого баримталснаар хөгжилд хүрэх биш, эсрэгээрээ, хөгжилтэй орнуудын эрхшээлд ордог” хэмээн эдийн засагч Фридрих Лист бичиж байсныг Х.Батсуурь эш татжээ. Социализмыг унагаж, ОХУ-ын нөмөр, нөөлгөөс гарсан монголчууд либерализмын ачаар Хятадын эрхшээлд орсон нь ёстой л хувь заяаны егөөдөл гэлтэй.
БИД ЭЛГЭЭРЭЭ ХЭВТСЭН БОЛ ТЭД ГАЦААНД ОРЖЭЭ
Монголоос гадна чөлөөт зах зээлийг нэвтрүүлсэн бусад улс ч элгээрээ хэвтсэн түүхтэй. Тухайлбал, Латин Америк, Африкийн орнуудад байдал өмнөхөөсөө дээрдэх биш, дордсоныг Кэмбрижийн их сургуулийн профессор Ха Жу Чан “Капитализмын тухай Танд хэлдэггүй 23 зүйл” номдоо бичээд “Чөлөөт зах зээлийн бодлогоор ядуу орныг баян болгосон тохиолдол бараг байхгүй” гэжээ. Либерализм зөвхөн Монголыг, манайх шиг буурай хөгжилтэй орнуудыг сүйрүүлээд зогссонгүй, хөгжингүй улсуудыг ч байсан газарт нь гацаасныг харж бас болно.
“АНУ-д 1970-аад онд либерализмын эрин эхэлж, төр зах зээлээс гараа татаж авснаар юу болсныг мэдэх үү” хэмээн Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц асуугаад “ДНБ-ий өсөлт мэдэгдэхүйц саарсан, ялимгүй өсөлт гарлаа ч түүнийг нь нийгмийн оргилд байх цөөн хүн хувааж авсан” гэж бичжээ. Америкчуудын дундаж орлого эдүгээ 25 жилийн өмнөхөөс ч дор байгааг тэрбээр тэмдэглээд, АНУ-д сүүлийн 40 жилийн хугацаанд дундаж цалингийн хэмжээ долоон хувиар буурсныг онцолсон. Гэтэл “Forbes’’-ын жагсаалт дахь баячуудын хөрөнгө жилдээ л 650 тэрбум ам.доллароор өсөж, эдүгээ долоон их наяд ам.долларт хүрснийг сануулъя. Чөлөөт зах зээлийн бодлогын үр дүнд дэлхий даяар баян, хоосны ялгаа гаарснаас нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцэгчдийн жагсаал хөдөлгөөн тасрахаа байлаа. 2011 оноос АНУ-д эхэлсэн “Уолл Стрийтийг эзэл”, 2012 оноос Британид эхэлсэн “Робин Гүүдийн татвар” зэрэг хөдөлгөөн асар хурдтай глобалчлагдаж байгаагаас үүнийг харж болно. Чөлөөт зах зээлээс бүгд хожно, баячууд улам баяжихын хэрээр ядуусын амьдрал ч дээшилнэ гэх номлол худлаа байжээ. Ирэх жил гэхэд дэлхийн хүн амын хамгийн баян ганц хувь нь үлдсэн 99 хувийг эзлэх долоон тэрбум хүнээс ч илүү хөрөнгө “атгаж” суух тооцоог “Oxfam” судалгааны байгууллага гаргасан.
Чөлөөт зах зээлээс үүдсэн муу үр дагавар үүгээр дуусахгүй. Хөгжингүй орнуудын эдийн засаг гацаанд орж, дэлхий даяар санхүүгийн тогтворгүй байдал ноёрхох болсон нь ч үүнтэй холбоотойг Жозеф Стиглиц тайлбарлажээ. Либерализмын эрин эхлээгүй байхад АНУ-аас үүдэн олон улсын хэмжээний санхүүгийн хямрал болж байгаагүйг тэрбээр сануулсан байна.
ТЭДНИЙ ХЭЛСНИЙГ БИШ, ХИЙСНИЙГ ДАГАДАГ БАЙЖ...
Төр зах зээлд гар дүрэх хэрэггүй, “үл үзэгдэгч гар” бүхнийг зохицуулчих учраас санаа зовох шаардлагагүй, хөгжил, цэцэглэлийг хувийн хэвшлийнхэнд даатгаад орхи... Либерализмын энэ бүх домогт итгэсэн монголчууд төрийн өмчийг хувьчилж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөлж, татвар хураамжийг бууруулсан. Зөвхөн шилжилтийн үеийг л даваад гарчихвал бүх зүйл сайхан болно хэмээн хүлээсэн. Тэгээд эдийн засаг 17.3 хувиар өсөнгүүт одоо л нэг юм зорьсондоо хүрлээ хэмээн баярлаж, Азийн дараагийн “бар”, эсвэл “чоно” эдийн засагтай болно хэмээн хөөрч байлаа. Харамсалтай нь, тэр мөрөөдөл зүүд зэрэглээ мэт замхрав.
Үнэндээ Азийн барууд (Тайвань, Хонконг, Өмнөд Солонгос, Сингапур)-ыг “үл үзэгдэгч гар” ч амжилтад хүргэсэн юм биш. Харин ч “үзэгдэгч гар” буюу төрийн оролцоог зах зээлийн механизмуудтай хавсарган чадварлаг ашигласан учраас л “бар” болсон. Мөн бидний үлгэр жишээ болгон ярих дуртай Скандинавын орнууд (Дани, Финланд, Исланд, Швед) ч чөлөөт зах зээлийг сонгоогүй юм. Тэд либерализм, социализмын “алтан дундаж” болох загварыг өөрсдөө бий болгож, хэрэгжүүлснээр өнөөдөр хүний хөгжил, өрсөлдөх чадвар, аз жаргалын индексээрээ дэлхийд тэргүүлж байна. Харин Японы хувьд гадаадын хөрөнгө оруулалтад хатуу хязгаарлалт тавьж, аж үйлдвэрлэлийг төрийн оролцоотойгоор хөгжүүлээгүй бол өдийд ямар ч “Toyota”, “Mitsubishi”, “Sumitomo” байхгүй байсан биз. Үүний зэрэгцээ, бидний хөрш Орос, Хятад ч либерализмаас өөр замаар хөгжихийг хичээж, тиймдээ ч эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд толгой цохиж ирсэн.
Эцэст нь ганц асуулт үлдлээ. Чөлөөт зах зээл үнэхээр “Америкийн амжилтын нууц” мөн гэж үү. Харамсалтай нь, үгүй гэсэн хариултыг эдийн засагчид өгч байна. АНУ ч, Британи ч, ер нь өнөөгийн хөгжингүй орнууд бүгдээрээ аж үйлдвэрийн шинэ салбаруудаа протекционизм (худалдааны хамгаалалт) болон татаасаар дэмжсэнээр амжилтад хүрчээ. Британи эдийн засгийнхаа оргил өсөлтийн үед буюу 1720-1850 онд хамгийн протекционист орон байсан. Үр дүнд нь 1860-аад онд дэлхийн үйлдвэрлэлийн төв болж чадав. Гэвч тэр үеэс худалдаагаа илүү чөлөөтэй болгосноор 1880 оноос аж үйлдвэрлэлийн хөгжил нь саарах болж.
Харин АНУ түүний байр суурийг эзэлж, өрсөлдөөнөөр хэнийг ч дагуулахааргүй болсныхоо дараа буюу дэлхийн II дайнаас хойш л гадаад худалдаа, эдийн засгийн харьцангуй чөлөөт бодлого хэрэгжүүлж эхэлжээ.
Профессор Ха Жу Чаны хэлсэнчлэн чөлөөт зах зээлийн бодлогоор баяжсан орон байхгүй бөгөөд байх ч боломжгүй. Биднийг энэ олон жилийн турш “чулуу хөөлгөж” байжээ. Зөвхөн бид ч биш, дэлхийн ихэнх улс үндэстэн хууртсан юм. Гэвч энэ нь неолиберализмын үзэл суртлын гол төлөөлөгч болох Милтон Фридманы буруу гэхэд хэцүү. 1970-аад онд тэрбээр чөлөөт зах зээлийн номлолоо айлдаж байх үед америкчууд төрийн хэт зохицуулалт, хэт их татвар, өндөр инфляцын асуудалтай байсан юм. Милтон Фридманы сургаалын дагуу дээрх асуудлуудаа шийдсэн АНУ хожим нь дэлхийг хамарсан санхүүгийн хямралын “буруутан” болно гэж хэн төсөөлөх билээ. Ташрамд дурдахад, түүний бичсэн “Капитализм ба эрх чөлөө”, “Хувь заяагаа сонгох нь” ном 1960-1980-аад онд нэлээд нэр хүндтэй байсан ч монголчууд түүнийг нь хэтэрхий тахин шүтжээ. Энэ хоёр ном манай төр, засгийн эрх баригчдын бодлыг тодорхойлж, оюутан залуусын тархийг угаасаар өдий хүрэв.
Гадаадын зөвлөхүүдийн хэлсэн, тулгасан бүхнийг ямар ч тооцоо, судалгаагүйгээр хэрэгжүүлж, улмаар хохирсон манайх шиг улс үндэстнүүд хэнд ч буруугаа тохож чадахгүй. Бид өөрсдөө л сонголтоо хийсэн. Юу хийж байгаагаа ч мэдэхгүйгээр “өрсөлдөөн” хэмээх дайны талбар луу гар нүцгэн давхиад оржээ. “Улс орны онцлогийг тусгаагүй, танил бус бодлогыг хэрэгжүүлэх гэж зүтгэсэн нь Монгол Улсыг өнөөдрийн эмгэнэлт байдал руу түлхлээ” хэмээн Х.Батсуурь тайлбарлаад, “Одоо бидэнд Монголын онцлогт тохирсон, өөрсдөө боловсруулсан эдийн засгийн хөгжлийн бодлого л дутагдаж байна” гэсэн юм. Бүх улс оронд таарах “хөгжлийн жор” гэж хаана ч байхгүй. Тэр тусмаа либерализм баян, хоосон ямар ч улсад сайн нөлөө үзүүлж чадсангүй. “Үл үзэгдэгч гар” гэх үзэгддэг ч үгүй, ажилладаг ч үгүй зүйлд итгэх нь аюултай юм байна.
2008 онд эхэлсэн санхүү, эдийн засгийн хямралын үеэр АНУ татвар төлөгчдийнхөө мөнгөнөөс 700 тэрбум ам.доллар гаргаж, эдийн засагтаа тохойгоо хүртэл гар дүрэхэд бид үүнийг ойлгосон. Дампуурсан “General motors”-oo аварч үлдэхийн тулд чөлөөт зах зээлийн төрсөн нутаг болох тус улсын Засгийн газар тусламжийн гараа сунгахад сайтар харж авсан. “Төр зах зээлд гар дүрэх хэрэггүй” гэх сургаал худлаа байжээ. Тиймээс ч одоо дэлхийн эдийн засгийн салхи баруун биш, зүүн тийш үлээх болов. Улс орон бүр өөрийн гэсэн хөгжлийн зам, тоглоомын дүрмийг тодорхойлохыг хичээж байна. Харин бид яах вэ?