- Манай, танай нам гэж ялгавартай хандах шалтгаан үгүй гэдгийг тэрбээр дурдлаа –
Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын оффтэйк гэрээтэй холбоотойгоор сөхөгдөж буй авлига, албан тушаалын асуудлаар Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр мэдээлэл хийлээ. Үүнтэй холбоотойгоор үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх хүсэлт гаргасан ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарыг Ерөнхий сайд онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд албан тушаалаас нь чөлөөлж, Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг түр хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэснээ мэдээллийнхээ эхэнд онцлов.
Засгийн газрын тэргүүн “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажил, “Бодь интернэшнл”- тэй холбоотой авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон төрийн бүх өндөр албан тушаалтныг даруй шалгуулах ёстой гэж үзэж байна. Үүнд манай, танай нам, хүний, өөрийн гэж ялгавартай хандах шалтгаан үгүй. Үнэн хагас дутуу бус, бүрэн бүтэн байх учиртай. Төмөр замын тендерийг төрийн нууцад оруулахад бодлого, шийдвэрийн түвшинд холбогдсон, тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн болон Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан бүх хүн Төрийн тэргүүний жишгээр шалгуулж, үнэн мөнөө тогтоолгох хэрэгтэй. УИХ-ын гишүүний халдашгүй байдлаар халхавчилж, үнэнээс зугтах эрх хэнд ч байхгүй.
Үнэнийг илчлэх, ил тод ярих цаг болсон. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнээс үүдэлтэйгээр өдгөө улс төрд үүсээд буй нөхцөл байдал нь ҮАБЗ-ийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлэлтэй. Тэрбээр 2019 онд ҮАБЗ-ийг тэргүүлэн ажиллаж байхдаа төмөр замын гэрээг нууцад оруулан, 280 сая ам.доллароор шороон далан байгуулах төдий ажил хийсэн. Энэ асуудлаас болоод гадаад, дотоодын олон хүн ял шийтгэл авч, түүний зөвлөх, туслахаар ажиллаж байсан хүмүүсийн зарим нь хил давж зугтаасан юм.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төгрөг нуурын ордыг бусдаас үнэгүйдүүлэн авч, гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлээр дамжуулан 250 сая ам.доллароор бусдад худалдсан асуудлыг миний бие хоёр жилийн өмнө дэлгэж, холбогдох баримтуудыг хууль хяналтын байгууллагуудад хүргүүлсэн. Харамсалтай нь, энэ хэрэг хууль хяналтын байгууллагад очоод замхарсан. Гэмт хэргийн холбогдолтой баримт материалыг зохих шатны байгууллагад гаргаж өгөхөөр асуудлыг мухарлалгүй орхидог явдал сүүлийн үед их гарч байна. Төмөр замын оффтэйк гэрээтэй холбоотой асуудал ч яг ийм замаар явсаар өнөөдрийн түвшинд хүрсэн. Энэ бол нэг хүний асуудал биш. Үүнд тухайн үед төр засагт ажиллаж байсан, бодлого, шийдвэр гаргасан олон хүн шууд болон шууд бусаар холбоотой. Тиймээс Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлын гэрээ байгуулах үйл явцад хөндлөнгийн аудит оруулах үүрэг чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгнө. Энэ чиглэлээр гаргасан сөрөг хүчний шаардлагыг хүндэтгэж хүлээж авсан. “Төмөр замын хэрэг”- ээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах санаачилга гаргасан парламентын гишүүдийг манай, танай намынх гэж ялгалгүй дэмжиж, шаардлагатай мэдээ, мэдээллээр хангуулна. Энэ асуудлыг даруй шалгаж, нэг талд нь гаргах хугацаатай үүрэг даалгаврыг хууль хяналтын байгууллагынханд өнөөдөр өгнө. Үүнийг хугацаанд нь хэрэгжүүлэхгүй бол шат шатны албан тушаалтанд хариуцлага тооцно. Хариуцлага нэхсэн ард түмний шаардлагыг төрийн өндөр албан тушаалтан хүндэтгэлтэй хүлээж авах ёстой. Хүлээж авахгүй бол хашиж буй албан тушаал, харьяалах нам, эвслээс үл хамааран хуулийн өмнө дуудах болно. Мөн намын даргын хувиар МАН- ын 2018 оноос өнөөдрийг хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд аудит оруулах үүргийг ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт өгч, энэ талаарх хүсэлтээ УИХ-ын дарга болон Үндэсний аудитын газарт албан ёсоор гаргана. Цаашид намын санхүүгийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгаж, хууль хяналтын байгууллагын өмнө тэгш байх зарчмыг хатуу баримтална” гэсэн юм.