Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын зүгээс Монгол Улс улаан бурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг албан ёсоор өчигдөр мэдэгдэв. Халдварт өвчний тандалтын мэдээллээр улаан бурхан хамгийн сүүлд 2026 оны наймдугаар сарын 24-нд бүртгэгдсэнээс хойш шинэ тохиолдол дахин гараагүй нь уг өвчний дэгдэлтийг таслан зогсоосон гэж үнэлж болохоор байгааг мэргэжилтнүүд хэллээ. Уг үнэлгээг өнөөгийн тархвар судлалын нөхцөл байдал болон лабораторийн мэдээлэлд үндэслэн хийсэн бөгөөд шинэ нотолгоо, мэдээлэл гарсан тохиолдолд тандалтыг үргэлжлүүлж, үнэлгээг дахин хянах юм байна. Гэхдээ дэгдэлтийг таслан зогсоосон ч өвчний эрсдэл бүрэн арилсан гэсэн үг биш болохыг эмч нар сануулсан.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Манай улсад улаан бурхан өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй 84 хонож байна. Тандалтын мэдээ, лабораторийн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн өнгөрсөн оноос үргэлжилсэн дэгдэлтийг таслан зогсоосон гэж үзэх боломжтой. ДЭМБ-ын зөвлөмжөөр 42 хоногийн дараа шинэ тохиолдол бүртгэгдээгүй бол таслан зогсоосон гэж үздэг. Уг өвчинтэй тэмцэхэд Засгийн газраас 15 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэж, эмнэлгийн тусламж, халдварын тандалт, вакцинжуулалт, лабораторийн чадавхыг сайжруулахад дэмжиж ажилласан” гэв.
Манай улс 2014 онд улаан бурхан өвчнийг бүрэн устгасан хэмээн ДЭМБ-аас гэрчилгээ гардаж байв. Гэтэл үүнээс хойш хоёр удаагийн томоохон дэгдэлт гарсан. Тухайлбал, 2025 оны хоёрдугаар сарын 18-нд улаан бурхны халдвар гадаад улсаас зөөвөрлөгдөн тархсан юм. Энэ хугацаанд уг халдвараар 15 мянга гаруй хүн өвчилж, 22 нь нас барсан. Олонх нь улаан бурхнаас сэргийлэх вакцинд хамруулах нас нь хүрээгүй балчир хүүхэд байв. Эл халдварын эсрэг вакциныг Монголд нэвтрүүлээд 50 гаруй жил өнгөрсөн ч дэгдэлтийн үед бага насны хүүхдүүд олноороо эндсэнийг хуралд оролцогчид дурдсан. Иймд ЭМЯ, ДЭМБ-аас хүүхэд бүрийг тухайн өвчний эсрэг хоёр тун вакцинд товлосон хугацаанд бүрэн хамруулах нөхцөл бүрдүүлэхэд анхаарна гэв.
Ч.Болор