Үндэстнүүдийн лигийн хүрээнд Данийн багт 1:4-ийн харьцаатай хожигдсоны дараа К.Роналдугийн ээж Долорес Авейру Португалын шигшээг шүүмжилсэн байна. Нэрт тоглогч шигшээ багаа орхисны дараа Ж.Жезушийн баг анхны тоглолтоо хийсэн нь ийнхүү хожигдлоор дууссан юм.
“Жозе алваладе” цэнгэлдэх хүрээлэнд ахмад настнуудад зориулсан өдөр өнжүүлэх төвийг өөрийнх нь нэрээр нэрлэх арга хэмжээнд хатагтай Долорес оролцсон бөгөөд энэ үеэрээ сэтгүүлчдэд товч яриа өгсөн аж. Тэрбээр хүүгийнхээ шигшээ багаас зодог тайлах шийдвэрийн талаар хөндөж ярьсан байна.
“Криштианугийн урам хугарсан. Энэ бүхэн арай өөрөөр дуусна гэсэн бодол түүнд байсан юм. Түүнийг хуурсан учраас миний ч гэсэн сэтгэл хэцүү байна. Харин одоо Португал Брагад хожигдлоо. Тэгсэн нь ч дээр. Би энэ үр дүнд сэтгэл хангалуун байгаа. Хүүг минь тэд хүндлээгүй шүү дээ” хэмээн хатагтай Долорес Авейру “A Bola”-д ярьсан аж.
Түүнчлэн Данийн эсрэг тоглолтын өмнө К.Роналдуд Португалын хөл бөмбөгийн холбооны үзүүлсэн хүндлэлийн арга хэмжээг ч тэрбээр шүүмжилжээ. “Хүүд минь жинхэнэ хүндлэлийг энд, маш их хайрладаг төрөлх “Спортинг”-ийн цэнгэлдэхэд нь үзүүлэх байсан юм” гэв.
Энэ сарын 14-нд болсон Данийн эсрэг уг тоглолтын үеэр Португалын хөл бөмбөгийн холбоо К.Роналдуд хүндэтгэл үзүүлэх хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулсан юм. Хэдий нэрт тамирчин уг тоглолтод оролцоогүй ч шигшээгийнхэн түүний нэр, дугаар бүхий өмсгөлтэй талбайд гарснаас гадна тоглолтын долоо дахь минутад хөгжөөн дэмжигчид түүнд баяр хүргэн алга ташиж, цэнгэлдэхийн дэлгэцээр “Баярлалаа, багийн ахлагч аа” гэсэн юм. Гэвч тоглолтын үр дүн талбайн эздийн хүссэнээр дуусаж чадаагүй билээ. Үүнээс шалтгаалж нийгмийн сүлжээнд “Криштиануг дутуу үнэлэх хэрэггүй”, “Роналду үгүй бол хожлын баяр байхгүй” гэсэн сэтгэгдэл хөвөрсөн билээ.
БИ ТҮҮНИЙГ МАШ ИХ ХҮНДЭЛДЭГ
Ерөнхий дасгалжуулагч Ж.Жезуштай тун тааруу харилцаатай байсны улмаас К.Роналду шигшээ багаа орхисон. Есдүгээр сарын сүүлчээр Норвегийг 2:1-ийн харьцаатай хожсоны дараа энэхүү үл ойлголцол, сөргөлдөөн эхэлсэн юм. К.Роналдугийн өгүүлснээр Ж.Жезуш түүнийг талбайд 30 минут тоглуулна гэсэн ч сэлгээнд байлгасаар тоглолтыг дуусгасан аж.
Харин Ж.Жезуш өөрийнх нь шийдвэрт хэн нэг тоглогч нөлөөлөх ёсгүй гэж мэдэгдсэн агаад есдүгээр сарын 30-нд К.Роналду шигшээг орхин одсон юм. Улмаар долоо хоногийн дараа багийн андууд, хөгжөөн дэмжигчдээс уучлалт хүссэн мэдэгдэл гаргаж, үүндээ Ж.Жезушийг буруутгасан утга санааг мөн багтаасан байв. Ингээд энэ сарын 5-нд шигшээ багаас зодог тайлж буйгаа мэдэгдэв.
Сэтгүүлчид түүний ээжийн мэдэгдлийн талаар Ж.Жезушээс лавлахад “Тэр бол миний маш их хүндэтгэдэг эмэгтэй. Ээж хүн учраас хүүгийнхээ төлөө үг хэлэх, түүнийг хамгаалах эрхтэй, үүнийг нь сайн ойлгож байна” гэж хариулсан аж.
Э.Манлайбаатар