Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг үндэсний дээд лигийн 2026-2027 оны улирлын тоглолт “AСA арена”-д энэ сарын 6-нд эхэлсэн. Лигт оролцож буй эрэгтэйчүүдийн баг бүрэлдэхүүндээ хоёр, эмэгтэйчүүдийнх гурван гадаад тоглогч тоглуулдаг. Эрэгтэйчүүдийн ангилалд өнгөрсөн улирлын мөнгөн медальт “Алтайн барс хилчин”-ийнхэн эхний тойрогт хожил авч, тэмцээнийг амжилттай эхлүүлсэн. Мөн өнгөрсөн улирлын аваргаар тодорсон “Төв МИГ вулвс”-ынхан “Хасу Мегастарс” болон “Минтонетт говь”-ийн тоглогчидтой ширүүхэн өрсөлдөж буй.
Эмэгтэйчүүдээс өнгөрсөн жилийн аварга “Минтонетт говь” болон дэд байр эзэлсэн “Хобби эйс”-ийнхэнтэй учраа таарч гал гарсан тоглолт өрнүүлж, “Хөвсгөл долоон од”, “Неосити финикс”, Дархан могулс”, “Уурхайчин” багийн тоглолтууд эхний тойргийг чимэв. Эрэгтэйчүүдийн шигшээд Бразил, Куба, Венесуэл, Герман зэрэг орны өндөр нуруутай, хүчний довтолгоо сайтай легионорууд нэгдсэнээр арын бүсээс хүчтэй довтолгоог түлхүү ашиглаж байна. Тухайлбал, “Төв МИГ вулвс” болон “Алтайн барс хилчин” зэрэг багийн хаалт, давуулалтаар илүүрхэх нь тоглолтын явцаас анзаарагдсан. Тэгвэл эмэгтэйчүүдийн багууд тоглолтдоо хурд, хамгаалалт, олон хувилбарыг харуулж буй.
Азиас волейболын сургууль, академитай Япон, Тайланд, Филиппин зэрэг улсын легионорууд монгол тоглогчидтой хосолсноор хурдан дамжуулалт, хууралт, хамгаалалт, тактикийн ухаалаг шийдвэр чухал болохыг харуулсан. Тэднээс “Минтонетт говь” болон “Хобби эйс”-ийнхэн бөмбөг авалтад суурилсан хурдтай сөрөг довтолгоотой.
“Хөвсгөл долоон од”-ынхон дотоодын тоглогчдоос ОУХМ Г.Хандсүрэнгээр хүчээ зузаатгасан бол “Минтонетт говь”, “Хобби эйс”-ийнхэн Ази, Европ, АНУ-аас легионор урьж, эхний тойргийн тоглолтод талбайд гаргасан. “Дархан могулс”, “Натур бакс”, “Хасу мегастарс”, “Эс Жи Хокс”, “Хилчин”, “Уурхайчин”, “Хашхан Өвөрхангай”, “Неосити финикс” багийн легионоруудын зарим нь виз, бичиг баримтын асуудлаас шалтгаалж, ирэх нь хойшилсон тул дараагийн тойргийн тоглолтод багийнхантайгаа нэгдэх аж.